Анхны хөлбөмбөгийн ДАШТ-ний тухай сонирхолтой баримтууд

Одоогоос 90 жилийн тэртээ 1930 оны зун Уругвай улсад хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн болсон юм. Одоо хачирхалтай мэт сонсогдож болох ч тэр үед европын багууд уг тэмцээнийг огт сонирхоогүй байна. Багуудын хувьд өөрийн орны аварга шалгаруулах тэмцээнийг орхиод хол замд гарахыг хүсээгүй аж. 


Ийнхүү ФИФА-ийн ерөнхийлөгч Жюль Риме оролцсоноор байдлыг зохицуулжээ. Ингээд аварга шалгаруулах тэмцээнд Франц, Бельги, Югослав, Румын улс оролцсон ч багууд медальд хүрч чадаагүй юм. Аварга шалгаруулах тэмцээнд нийтдээ 13 орны шигшээ баг оролцсон байна. 

 

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээний тухай 10 сонирхолтой баримт

 

· Румыны ван хоёрдугаар Кароль тэмцээнд хөлбөмбөгчдийг бэлтгэхэд биечлэн оролцож, шигшээ багийн дасгалжуулагчдын тоонд багтаж байжээ. Үүнээс гадна, тоглогчид удаан хугацаагаар явсан хэдий ч тамирчдын цалинг хэвээр олгох тухай зарлиг гаргасан байна. 


· Францын Люсьен Лоран дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр анхны бөмбөгийг оруулснаар дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд бичигдсэн юм. 1930 оны долоодугаар сарын 13-нд тэрээр Франц-Мексикийн тоглолтын 19 дэхь минутад бөмбөг оруулсан байна. Гэвч дараа нь Аргентины багтай тоглохдоо Лоран хүндээр бэртэж, энэ тэмцээний талбайд дахин гараагүй аж. Дашрамд дурдахад, Лораныг хүчтэй довтлогч гэж хэлэх аргагүй бөгөөд тэрээр Францын шигшээ багийн 10 тоглолтод оролцож, ердөө хоёрхон бөмбөг оруулжээ. Гэвч маш бие сайтай хүн байсан учир 97 насалсан байна. Хүү нь эмийн мэргэжилтэн байсан ч хэзээ ч эм ууж байгаагүй хэмээн хөлбөмбөгчин нас дээр гарсан хойноо хэлж байжээ.


Уг тэмцээнд оролцогчдоос Люсьен Лоран ганцаархнаа урт наслаагүй нь сонин юм.  Жишээлбэл, Уругвайд тоглосон хөлбөмбөгчдөөс Аргентины Франсиско Варальо хамгийн сүүлд нас баржээ. Тэрээр 2010 онд 100 настайдаа нас барсан юм. Аргентины хөлбөмбөгийн олон од Варальотай салах ёс гүйцэтгэхээр ирж байжээ.


·    ДАШТ-ий түүхэнд цорын ганц удаа бүх тоглолт ганцхан Монтевидеод болсон юм. Бүх тоглолт гурван цэнгэлдэх хүрээлэнд болж, эдгээрээс олон нь аварга шалгаруулах тэмцээнд зориулж тусгайлан барьсан “Сентенарио” цэнгэлдэхэд болсон байна. Ажлын бүх өртөг нь нэг сая ам.доллар байжээ. “Сентенарио” цэнгэлдэхэд шувтаргын тоглолт болсон байна. Албан ёсны мэдээгээр, цэнгэлдэхэд  68,000 гаруй үзэгч байсан гэдэг.  Гэвч албан бус эх сурвалжийн мэдээлснээр тэр өдөр 90,000-аас цөөнгүй хөгжөөн дэмжигч цугларсан гэдэг. 


·        Уругвайн Эктор Кастро 13 настайдаа баруун гараа цахилгаан хөрөөнд хөрөөдүүлж гаргүй болжээ. Гэвч жаал хүү нэртэй хөлбөмөгчин болохыг мөрөөддөг байжээ. Ийнхүү Кастро зорьсондоо хүрч, 1930 онд Уругвайн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, дэлхийн аварга болжээ. Эстор Кастро хөлбөмбөгийг орхисныхоо дараа дасгалжуулагч болсон байна.


·        Дэлхийн анхны аварга шалгаруулах тэмцээн долоодугаар сард буюу дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст болсон юм. Франц, Мексикийн багууд учирсан тэмцээний эхний тоглолтын үеэр Монтевидео хотод цас орж байжээ. Европын хөлбөмбөгчдийн хувьд энэ нь жинхэнэ шок болж байсан ажээ.


·        Уругвайн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан 1924, 1928 оны олимпийн наадамд хоёр удаа түрүүлсэн Андрес Масали тус орны шигшээ багийн үндсэн хаалагчдын гол өрсөлдөгч байжээ. Гэвч ДАШТ-д бэлтгэж байх үед тэрээр эхнэртэйгээ уулзахаар бэлтгэл сургуулилтын лагериас түр гарч явсан байна. Масали өмнө нь гавъяа байгуулж байсан ч зөвшөөрөлгүй явснаас болоод шигшээ багийн бүрэлдэхүүнээс хасагджээ.


·        Шувтаргын тоглолтын ерөнхий шүүгч Бельгийн Жон Ланженюд сонин явдал тохиолджээ. Шийдвэрлэх тоглолтын тасалбар олж авч чадаагүй хэсэг хөгжөөн дэмжигч шүүгчийн хуурамч үнэмлэхийг хийж, заль гаргахаар шийдсэн байна. Цагдаа нар тэдгээр хүмүүсийг баривчлахад тэдний дотор жинхэнэ шүүгч ч орчихсон явж байжээ. Ингээд түүнийг тэр даруйд нь суллаж тэмцээн эхлэхэд амжиж очсон байна.


·    Өмнөд Америкчууд бол сэтгэлийн хөөрөлтэй хүмүүс. Шувтаргын тоглолтын шүүгчээр томилогдмогц Ланженюг сүрдүүлж заналхийлсэн нэргүй бичиг ирэх болжээ. Тиймээс тэрээр тэмцээн дуусмагц өөрийнх нь суух хөлөг онгоцыг боомтод тавьсан байх болзлыг зохион байгуулагчдад тавьж, болзошгүй үр дагавраас болгоомжлон уг хөлөг онгоцоор Европ руу явахаар шийджээ.


·       Шувтаргын тоглолтод Уругвай, Аргентины шигшээ багууд таарсан юм. Тоглолт эхлэхээс бүр өмнө эхний асуудал үүсчээ. Юу гэвэл баг бүр гагцхүү өөрийн бөмбөгөөр тоглохыг хүссэн байна. Ингэснээр “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байх” шийдвэр гаргаж, эхний үед хөлбөмбөгчид аргентины бөмбөгөөр, хоёр дахь үед уругвайн бөмбөгөөр тоглохоор болжээ. Ингээд өөрийн бөмбөг нь үнэхээр аз дагуулсан бөгөөд эхний үед аргентинчууд 2:1-ийн харьцаатай тэргүүлж, харин тоглолтын хоёр дахь үед гурван бөмбөг алдсан байна. Ийнхүү Уругвайн баг 4:2-ын харьцаатай ялж, хөлбөмбөгийн ДАШТ-ий анхны аварга болжээ. 


·    Түрүүлсэн багт ФИФА-ийн ерөнхийлөгч Жюль Риме цомыг гардуулсан байна. Дараа өдрийг нь амралтын өдөр болгон зарлаж, орон даяар энэ гайхамшигт үйл явдлыг тэмдэглэжээ. Харин Аргентинд эсрэгээр Буэнос-Айрес хотын гудамжинд  олныг хамарсан эмх замбараагүй явдал болсон байна. Улайран хилэгнэсэн Аргентины хөгжөөн дэмжигчид Уругвайн ЭСЯ-ны байшин руу чулуу шидэж байжээ.

 





Б.Атар

 

 

 

Сэтгэгдэл бичих