Черчиллийн жолоочийн нууц баримт бичгүүдийг олжээ

Их Британийн нэгэн эр хувцасны шүүгээгээ цэгцэлж байхдаа тус орны ерөнхий сайд асан Уинстон Черчиллийн хувийн жолоочийн баримт бичгүүдийг санаандгүй олсон байна. “The Sun” сонинд ингэж бичжээ.


Нэрээ хэлэхийг хүлсээгүй тэр хүн ээлжийн амралтаа авсанаар, өрөөнийхөө эд хогшлыг янзлахаар шийдсэн байна. Ингээд цэвэрлэгээ хийж байхдаа, эвлүүлдэг зурган тоглоомын хайрцгыг анзаарчээ. Тэрээр ийм тоглоом сонирхдог байсан учир дотор нь юу байгааг үзэхээр шийдсэн байна.



Ерөнхий сайдын өргөө болох Даунинг-стрит 10 болон цагдаагийн газраас явуулсан хэд хэдэн нууц цахилгаан утас болон зааварчилгаа хайрцагт байжээ. Черчиллийг хаана, хэзээ хүлээж байх вэ зэрэг зүйлсийг бичсэн байна. Түүнчлэн архивын эзэн болох Режинальд Паркерын гэрэл зургийг ч олжээ. Тэрээр 1925-1949 онд Их Британийн таван ерөнхиий сайдын жолоочоор ажиллаж байсан аж.



Баримт бичгүүдийг олсон Британи эр хадам ээжийнхээ байшингийн дээврийн давхрыг цэвэрлэхэд туслаж байсан 1990-ээд оны сүүлчээр эдгээр баримт бичиг өөрт нь үлдсэнийг дурсан ярьжээ. Тэр үед хуучин чемоданаас баримт бичгүүдийг олсон байна. Хадам ээж нь баримт бичгүүдийг хая гэсэн ч, мань эр эдгээрийг үлдээхээр шийдээд удалгүй мартаж орхижээ.


Тэрээр баримт бичгүүдийг дуудлага худалдааны “Hansons” ордонд аваачиж өгсөн байна. Олдворыг нэлээд хэдэн зуун фунт стерлингээр үнэлжээ. Баримт бичгүүдийг музейд тавих байх хэмээн найдаж байгаа аж.


Өмнө нь Их Британид нэгэн хогийн цэгийн ажилтан ерөнхий сайд асан Уинстон Черчиллийн эд зүйлсийг хогон дундаас олсныг мэдээлж байсан юм. Хогийн цэгийн ажилтан Черчиллийн бортогон малгай, янжуурын хайрцаг болон навчин тамхийг олжээ. Үүнээс гадна Черчиллийн тогооч эмэгтэйн хүүдээ бичсэн 200 орчим боодолтой захидал олсон байна.






Б.Атар

Сэтгэгдэл бичих