Улаанбаатарчууд бидэнд ус зайлуулах хоолой хэрэгтэй байна!

Улаанбаатарчууд бид улирал бүрт өөр өөр зовлонтой. Өвөл нь утаа, замын халтиргаа, хавар нь шар усны үерт автдаг. Зун нь бороондоо “урслаа” гэж зовнино. Энэ сарын эхээр орсон түр зуурын борооны дараа нийслэлийн автозам "далай" мэт урсав. Түүнээс хойш хоёр ч удаа энэ байдал давтагдаад байна. Хэдийгээр нийслэлд 190 орчим километр ус зайлуулах хоолой байдаг гэдэг ч тэр нь хангалтгүй байдаг нь бороо орох бүрд илэрдэг. 


Нийслэл хотод орсон хүчтэй, аадар борооны улмаас авто зам  эвдэрч  4.7 тэрбумын хохирол учирчээ. Өнөөдрийн байдлаар 150 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийснийг Нийслэлийн автозамын хөгжлийн газраас мэдээлэв. Тухайлбал,  усархаг борооны улмаас 1340 мкб замын нүхэн эвдрэл гэмтэлд засвар хийж 20 мянган мкб шороо хусч, 2300 тонн борооны ус соруулах ажил хийжээ. 


Угтаа Улаанбаатар хот нь дөрвөн уулаар хүрээлэгдсэн үерийн эрсдэлтэй бүсэд тооцогддог. Тиймээс үерийн аюулаас урьдчилан сэргийлж суваг, шуудуу, далангаа сайн барих хэрэгтэй хэмээн ярьдаг ч өнөөдрийг хүртэл энэ асуудлыг шийдэж чадаагүй байна. Шинээр суваг, шуудуу барьсан ч үүнийгээ анхаарахгүй байсаар хогоор дүүрдэг. Харин бороо орохоор нөгөө суваг, шуудуугаа ярьж эхэлдэг. Нийслэлийн хэмжээнд далд хэлбэрийн борооны ус зайлуулах шугам сүлжээ 180 гаруй км байдаг. Авто замын гадаргуугийн усыг 2000 орчим худгаар дамжуулан авч зайлуулдаг гэх. Гэвч бороо орох бүрт авто замууд усаар дүүрч машины хамраар татаж, явган зорчигчид руу ус цацрах нь энгийн үзэгдэл.  Мөн аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй холболт хийж, худгийн ачааллыг нэмэгдүүлдэг, шүүрт худаг руу замын шороо болон хог хийж битүүрүүлэх, дур мэдэн барилга байгууламж барих зэргээс шалтгаалж борооны ус зайлуулах шугам сүлжээ хэвийн ажиллах боломжоо алддаг аж. 


Энэ долоо хоногт нутгийн ихэнх хэсгээр бороо орно. Тухайлбал, энэ сарын 8-нд нутгийн хойд хагаст дуу цахилгаантай аадар бороо, 9-нд баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно гэсэн. Ус зайлуулах хоолойн асуудлыг шийдэхгүй л бол үер ус нийслэлийн иргэдийг өлхөн залгина. Тиймээс үерийн аюулаас урьдчилан сэргийлж суваг, шуудуу, далангаа сайн барих зайлшгүй шаардлагатай байна. Ядаж л Улаанбаатартаа замын ус зайлуулах хоолойгоо хангалттай хийхгүй бол иргэд машинтайгаа урсаж, эвдрээгүй зам талбай үлдэхгүй нь. 









Г.Хулан 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Нэр - 202.55.188.44Өчигдөр

Энэ бүүр арай хэтрээд байна

Зочин - 103.212.117.105Өчигдөр

Замын санд төвлөрдөг татварын орлого, торгуулийг л цуслахаа болчих. Тендэр нэрээр зарим нь мөнхийн мөнгө цуслаад, хувцасны гол цагдаа нар ядарсан иргэдийн халаасын сэгсэрч цуслах мөнгийг нь босгодог.

toonut - 66.181.180.243Өчигдөр

ene zambur arai arai heden jil yarij bnaa