Засгийн газрын гишүүд тангараг өргөлөө

УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөх ёслол боллоо. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө” гэж заасан.


Энэ үндсэн дээр УИХ-аас 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулж баталсан. Уг зохицуулалтаар “Засгийн газрын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрийн зүтгэлтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн болон албаны нууцыг хадгалах үүрэгтэй. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг УИХ тогтооно.


Засгийн газрын гишүүн “Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.” хэмээн УИХ-д тангараг өргөнө” гэсэн нэмэлт оруулсан юм.


Мөн шинэчлэн найруулж баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөх дэгийг тусгайлан зохицуулсан.


Уг хуулийн 31.1 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүн томилогдсоноос хойш ажлын 3 өдрийн дотор УИХд тангараг өргөнө”, 31.2 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүний тангаргийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар тогтооно”, 31.3 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүн УИХд тангараг өргөх журмыг УИХ батална” гэж тус тус заасан гэж УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.













Сэтгэгдэл бичих