Д.Нямхүү: Covid-19 вирус гурван хүнээс илэрлээ

 

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/ шинэ коронавирусийн тархалттай холбоотой мэдээлэл хийлээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү:

ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.7.11/ 377 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр 374-д вирус илрээгүй. Харин Алтанбулагийн боомтоор орж ирсэн гурван хүнд давтан шинжилгээгээр вирус илэрсэн. Дээрх иргэд нь 22 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй, 22 настай эрэгтэй бөгөөд ХӨСҮТ-д авчирч эмчилнэ.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ. Тэдний нэг нь 20 настай эмэгтэй, 55 хоног эмчлэгдлээ, нөгөө нь 19 настай эмэгтэй 45 хоног эмчлэгдэн гарч байа.

Нийт батлагдсан тохиолдол 230 болж, 202 хүн нь эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 28 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүний 25 нь хөнгөн, гурав нь хүндэвтэрт. Нэг жирэмсэн, чихрийн шижинтэй нэг хүн байгаа.ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдэж, 12.8 сая хүн өвчилж, 567 мянга гаруй хүн нас баржээ. 7.4 сая  хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 4.7 сая энэ өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 214 мянган хүн шинээр COVID-19 халдвар авсан байна.

24 цагийн хугацаанд АНУ-д 66 мянга хүн халдвар авсан нь цар тахал эхэлснээс хойш хамгийн өндөр үзүүлэлттэй өдөр байжээ. АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төвийн эрдэмтэд коронавирусийн халдвар авсан хүмүүсийн 40 хвь нь клиникийн болон эмнэл зүйн ямар нэгэн шинж тэмдэггүйг анхааруулсан байна. Долоон сар гарснаас хойш нийтийн тээврийн жолооч, гал унтраах албаны ажилчид өвдөж эхэлсэн байна. Энэ нь хүн амын бөөгнөрөл их үүссэн нөхцөлд ажил эрхэлдэг хүмүүс коронавирусийн халдвараар өвдөх магадлалтай байгааг эрдэмтэд судалгааны дүнгээрээ тогтоосон байна.

24 цагийн хугацаад Бразилд 39 мянга, Энэтхэгт 27 мянгаар  өвчлөл нэмэгдсэн.

ОХУ-д сүүлийн 24 цагт 6611 хүн шинээр халдвар авч, 188 хүн нас барсан.  Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл 39-45 тохиолдлоор нэмэгдсэн нь өвчлөл буурах хандлагатай байна.  

Өчигдөр Сөүлээс тусгай үүргийн онгоцоор 261 иргэн эх орондоо ирсэн.

Манай улсын хувьд өчигдөр 103 хүн ажиглалтад шинээр орж, 269 хүн ажиглах байраас  гэрийн тусгаарлалт руу шилжин, одоогийн байдлаар 2988 хүн тусгаарлан ажиглах байранд байна. 1-5 насны 198 хүүхэд, 108 жирэмсэн эмэгтэй ажиглах байранд байгаа. Эдгээр иргэдэд 43 их эмч 89 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Үүргийн онгоцоор ирсэн иргэдээс Цэргийн төв эмнэлэгт 48 хүн эмчлэгдэж байгаагаас эрчимт эмчилгээний тасагт 6 хүний биеийн байдал хүнд байна.

Орон нутгийн 14  чиглэлийн галт тэргэнд 14 эрүүл мэндийн ажилтан ажиллаж, 10 мянга гаруй зорчигчдод тандалт судалгаа, асуумж хийсэн коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй. 

24 цагт 119 дугаарт 101 дуудлага ирж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар зөвлөмж, зөвлөгөөг авсан. Гадаадаас шуурхай 119 апп-д гадаадаас АНУ, Турк Улсаас 4 иргэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авсан” гэв.

Сэтгэгдэл бичих