А.Амбасэлмаа: Афганистанаас ирсэн хоёр дайчдын 4 дэх шинжилгээгээр коронавирус илэрлээ

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 1-ний өдөр гурван лабораторид нийт 455 хүний сорьцод шинжилгээ хийхэд 453 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин хоёр хүний дөрөв дэх давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн иргэд Афганистанаас ирсэн цэргийн алба хаагчид.

Ингээд нийт батлагдсан тохиолдол 293 болсноос 230 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 63 хүний биеийн байдлыг үнэлбэл, 60 нь хөнгөн, гурав нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 88 хүн эмчилгээ, тандалтад байгаа.

Өчигдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор 260 хүн ирснээс нэг хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Эдгээр хүмүүсийн шинжилгээ өнөөдөр хийгдэнэ" гэдгийг хэлэв.

 ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархаж,  17.6 сая хүн өвчилж, 683 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 289 мянган хүн шинээр өвчилж, 6000 гаруй хүн нас барсан байна. 

Сүүлийн 24 цагийн дотор АНУ-д 69 мянга, Бразилд 45 мянга, Энэтхэгт 59 мянган тохиолдол нэмэгдсэн байна. Харин манай хөрш ОХУ-д 5462 хүн шинээр коронавирусийн халдвар авч, 95 хүн эндсэн байна. БНХАУ-д 179 тохиолдол шинээр бүртгэгдсэний арван зургаа нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн өвчлөл байна. Мөн Япон улсад шинээр 1536  тохиолдлоор өвчлөл нэмэгдэж, хоёр хүн эндсэн байна. Сүүлийн хоёр өдөр Япон улсад өвчлөл эрчтэй нэмэгдэж байна.

Өчигдөр ДЭМб-ийн онц байдлын хороны дөрөв дэх хурал хуралдлаа. Хурлаар ковид-19 нь олон улсын анхаарлын төвд байгаа эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байгааг онцолсон. Цаашид цар тахлын эсрэг урт хугацааны турш хариу арга хэмжээг авах шаардлагатай байгааг онцоллоо.

Манай орны хувьд  ажиглалтад шинээр 282 хүн орж, 35 хүн гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор 2782 хүн ажиглалтад байна. Үүргийн онгоцоор ирсэн 76 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 2 хүний биеийн байдал хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасагт байна.

24 цагийн хугацаанд 119 дугаарт 111 гаруй дуудлага ирсэн. Тэд ихэнхдээ коронавирусийн эмнэлзүйн онцлог, эмчилгээний талаар зөвлөгөө авсан" хэмээлээ. 

ВИДЕО:

 



Сэтгэгдэл бичих