ХБНГУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Ёорн Розенбэргийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, тэр дундаа хөдөлмөр, нийгмийн хамгаалал, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт хийгдсэн томоохон ажлууд, төсөл хөтөлбөрүүдийн явц, үр дүнгийн талаар харилцан мэдээлэл солилцов.



Элчин сайд Ёорн Розенбэрг одоо байгаа харилцаагаа улам бэхжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт илүү анхаарал хандуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. ХБНГУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих хүрээнд “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” хамтарсан төслийг 2013-2016, 2016-2019, 2019-2021 гэсэн үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байгаа.


Тус салбарын багш нарыг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах тогтолцоог бэхжүүлэх, Улаанбаатар, төв, баруун, зүүн, говийн бүсүүдэд нийт 7 чадамжийн төвийг бий болгон бусад МБС-ын байгууллагын багш нарыг сургах, Үнэлгээний төвийн суурь бааз болгож өмнөх мэдлэг ур чадварын үнэлгээг хийхэд техникийн болон арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд болон Засгийн газрын зүгээс баримтлах бодлого, чиглэлүүдийг танилцууллаа. Цаашид хоёр талын тогтвортой хамтын ажиллагааг ханган улмаар боломжит чиглэлүүдээр харилцаагаа улам өргөжүүлэхэд нээлттэй байгаагаа илэрхийлэв.


Сэтгэгдэл бичих