Хот хоорондын зорчигч тээвэрлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзав

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Улс, хот хоорондын жолооч, тээвэрчдийн нэгдсэн холбоо”-ны тэргүүн Д.Батбаатар, "Арвин шар зам" хоршооны дарга Б.Баяраа тэргүүтэй хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзаж, тэдний тулгамдсан асуудлуудыг сонслоо.


“Улс, хот хоорондын жолооч, тээвэрчдийн нэгдсэн холбоо”-ны тэргүүн Д.Батбаатар дэлхий нийтэд “Covid-19” цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор тээвэр зохион байгуулалтад үүссэн хүндрэлийн талаар танилцуулав. Тухайлбал, зорчигч урсгал багассантай холбоотойгоор үүссэн эдийн засгийн хүндрэлийг даван туулахад холбогдох хууль журамд заасан татварыг хөнгөлөх, мөн энэ жил хур бороо элбэг байгаатай холбоотойгоор үүссэн авто замын эвдрэл гэмтлийг арилгах, нэг чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж буй компаниудын цагийн хуваарилалтын системийг сайжруулах зэрэг хэд хэдэн тодорхой саналыг танилцуулж, дэмжин ажиллахыг хүслээ.


Сайд Л.Халтар автотээвэр эрхлэгчдийн төлөөллийн саналыг сонсоод холбогдох хууль журмын хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлж, хот хоорондын зорчигч тээвэрлэлт эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын парк шинэчлэлд бодлогын хэмжээнд анхаарч ажиллах хэрэгцээ шаардлага өндөр байгааг онцлов.


Түүнчлэн автотээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч холбоод бодлогоо нэгтгэж, хамтарч ажиллахыг чиглэл болголоо. Мөн Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-аас олгодог зөвшөөрлүүдийг нийтэд ил тод байх зарчим баримталж ажиллахыг холбогдох албаны хүмүүст даалгав.


Сэтгэгдэл бичих