А.Амбасэлмаа: 621 хүнд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 621 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд энэ сарын 9-нд ирсэн 260 хүний шинжилгээ, Дархан-Уул аймагт Алтанбулгийн боомтоор орж ирж тусгаарлагдсан 36 хүний шинжилгээ, мөн боомтоор ачаа тээвэрлэсэн 16 хүнийш шинжилгээ багтаж байна. Эдгээр зорчигчдын анхны шинжилгээнд коронавирус илрээгүй. Халдварт өвчин судлалын төвд эмчлэгдэж буй нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна. Өдөрт 1-2 тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигдод давтан шинжилгээ хийж байна.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхий нийтээр хамтран тэмцэх цаг болсон гэдгийг ДЭМБ-аас мэдээлж байна. ОХУ-д 5180 хүн шинээр халдвар авсан бол БНХАУ-д 121 шинэ тохиолдол бүртгэгдсэний 35 нь гадны орноос тээвэрлэгдэн ирсэн  байна. Эрдэмтдийн тооцоолсноор тухайн улсын 66 хувьд нь эсрэг бие үүссэн тохиолдолд эрсдэл бага гэж үзнэ гэсэн боловч одоогоор дэлхийн хэмжээнд энэ нь хараахан боломжгүй хэвээр байна. Сингапур улсад үндэсний баяр тохиосон боловч онлайн шоу хийсэн байна.

Манай улсын хэмжээнд амны хаалт зүүх нь багасаж байгаа тул үүнд анхаарах ёстойг дахин сануулъя. 

Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 3 хүний биеийн байдал хүндэвтэр байна.

"Тухайн орны нийт хүн амын дунджаар 66%-д COVID-19-ийн эсрэг дархлаа бий болсон үед хоёр дахь давлагааг хохирол багатай даван туулна"

ОУ-ын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар тухайн орны нийт хүн амын 60-70 хувь буюу нарийвчилбал, дунджаар 66 хувьд нь COVID-19-ийн эсрэг дархлаа бий болсон үед халдварын хоёр дахь давлагааг хохирол багатай даван туулж чадна хэмээн үзсэн. 

Одоогийн байдлаар ийм өндөр хувьтай эсрэг бие үүсэж, дархлаа тогтсон улс нэг ч алга. ОХУ гэхэд нийт хүн амынхаа 20 хувь, Герман улс нийт хүн амынхаа 14 хувьд нь дархлаа тогтсон байж магадгүй гэж үзсэн. 

Өөрөөр хэлбэл, коронавирусийн халдварт дэлхийн бүх улс орон, бүх хүн эрсдэлтэй гэж эрдэмтдийн хамтарсан судалгааны дүн харуулж байна.

Мөн АНУ-ын Жорж Вашингтон мужийн нэгэн сургуульд багш, сурагчид нь коронавирусийн халдвар авсан нь илэрсэн. Сурагчдын ихэнх нь амны хаалт зүүгээгүйтэй холбоотойгоор өвчилсөн гэж тус улсын шинжээчид үзэж байгаа аж.

Манай улсад удахгүй хичээлийн шинэ жил эхлэх тул хүүхдүүддээ амны хаалтыг зүүж хэвшүүлэхийг уриалж байна" гэв.

Сэтгэгдэл бичих