“Говийн ус-Ногоон хөгжил” инновацийн чуулган болно

Говьд хамгийн тулгамдаад байгаа асуудлын нэг бол усны асуудал юм. Иргэд, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид хамтран энэхүү асуудлыг шийдэх гарц гаргалгаа, оновчтой бодлого хөтөлбөрийг олох зорилгоор “Говийн ус-Ногоон хөгжил” эрдэм шинжилгээ, инновацийн чуулганыг есдүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймагт хийх гэж байна.




Чуулганаар говийн усны өнөөгийн байдал, уул уурхайн бүс нутаг дахь усны хэрэгцээ, аялал жуулчлалын бүс нутаг дахь усны хангамж, говийн ХАА, МАА-н усан хангамжийн өнөөгийн байдал, хот суурин газрын усны хангамж, эрүүл ахуй зэрэг тулгамдсан асуудлуудыг хөндөж хэлэлцэнэ.




Мөн эрдэмтэн докторууд хүрэлцэн ирж, говийн усны тулгамдсан асуудлууд, Улаан нуурыг тэтгэх төсөл, говийн усны чанар, усны нөөц, гидрогеологийн зураглал, саарал усны технологи, инновацийн технологи, устөрөгчийн эрчим хүч, говийн эрчим хүчний ирээдүй, хот төлөвлөлт ба дэд бүтцийн хөгжил зэрэг олон чухал сэдвээр илтгэл тавина. Чуулганы үеэр саарал ус, эко жорлон, усыг эрдэсжүүлэх, бордоо бэлтгэх зэрэг орчин үеийн технологийн шийдлийг харуулсан үзэсгэлэн гаргахаар болжээ.


“Говийн ус-Ногоон хөгжил” эрдэм шинжилгээ, инновацийн чуулган нь Өмнөговь аймагт анх удаа болох гэж буйгаараа онцлог бөгөөд нэг удаа чуулаад өнгөрөх биш цаашид бодитой ажил хэрэг болгохоор зорьж байгаагаа зохион байгуулагчид нь онцолж байна.

Сэтгэгдэл бичих