Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан цэргийн техникүүдээ сэргээн засварлав

 Бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албаны дарга, хурандаа Л.Баярцогт, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Материал, техникийн хэлтсийн ахлах офицер, дэд хурандаа Ж.Банзрагч, ЗХЖШ-ын Ар талын газрын Техникийн хангалтын хэлтсийн мэргэжилтэн, дэд хурандаа Д.Мөнхбаатар тэргүүтэй албаны хүмүүс багтсан бөгөөд тэд тус ангийн зэвсэглэл, цэргийн техникийн ашиглалт, хадгалалт, арчлан хамгаалалт, ар тал ахуйн хангалт гэсэн хэд хэдэн чиглэлээр ажиллаж, үзлэг, шалгалт явуулсан юм. Энэ нь ЗХЖШ-ын даргын өгсөн үүргийн дагуу Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын зэвсэглэл, цэргийн техникийн бэлэн байдлыг хангах, сэргээн сайжруулж, дээшлүүлэхэд чиглэгдсэн юм.


Тус ангийн захирагч, дэд хурандаа Т.Тогмиддүүмий ашиглагдаж байгаа болон удаан хугацаанд хадгалагдаж байгаа зэвсэглэл, цэргийн техникүүдээ дэлгэн үзүүлж, сэргээн сайжруулах засвар, үйлчилгээг хэрхэн явуулснаа хамгийн эхэнд танилцуулсан. Энэ үеэр зарим төрөл мэргэжлийн албад шинэ бүтээл, оновчтой санаа шингэсэн бүтээлч ажил, арга хэмжээ өрнүүлсэн байх агаад тэдний нэг нь мотобуудлагын батальоны гуравдугаар мотобуудлагын ротын хамт олон байв.


Ротын захирагч, ахлах дэслэгч Г.Отгонбат “Агуулахад байгаа зэвсэглэл, цэргийн техникийг асааж халаах үед маш их утаа гардаг. Энэ нь нэгдүгээрт жолоочийн аюулгүй байдал, хоёрдугаарт эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учир манай ротынхон утаа зайлуулагч зохион бүтээж, техникүүдийнхээ янданд холбон агуулахын дээврээр гадагш гаргасан. Ингэснээр агуулахад ямар ч утаа гарахгүй” гэсэн юм.


Энэ үеэр тус ангийнхан “Нэг сар-нэг техник” аяныг өрнүүлж байсан бөгөөд энэ нь удаан хугацаанд хадгалагдаж байгаа цэргийн техникүүдийг сэргээн сайжруулахад чиглэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, удаан хугацаанд хадгалалтад байсан “Урал-375”, “Газ-66”, “Зил-131”-ийг албад, нэгж, тасгууд 1-3 нэгж техник хариуцан, эд ангиас нь эхлээд өнгө үзэмжийг нь сайжруулах ажлыг гүйцэтгэж байгаа ажээ. Удаан хугацаанд хадгалалтад байсан гэдэг утгаараа эд анги, хөдөлгүүр муудсан, мотор цохисон, хөдөлгөөн үйлдэх боломжгүй байсныг тус ангийн бие бүрэлдэхүүн өөрсдийн хүчээр сэргээн засварлаж, шинэчилж чадсан байв. Энэ нь техникийн бэлэн байдлыг хангаж, дээшлүүлэхэд хүн нэг бүрийн оролцоог нэмэгдүүлж чадсан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад үлгэрлэл болох бүтээлч ажил ажээ.


Хурандаа Ц.Төрмөнхөөр ахлуулсан бүрэлдэхүүн “Нэг сар-нэг техник” аяны хүрээнд албадууд хариуцсан нэгж техникүүддээ сэргээн сайжруулах засвар, үйлчилгээг хэрхэн явуулж буйтай мөн танилцсан юм. Энэ үеэр албад бүр засвар, шинэчлэл хийхээс өмнөх болон дараах байдлыг харьцуулсан зурагт самбаруудыг дэлгэж, ямар, ямар эд ангиудыг нь сольж, шинэчилснээ ч жагсааж бичжээ. Ингэхдээ эгнүүлж жагсаасан нэгж техникүүдийг нэгэн жигд өнгөөр будаж шинэчилсэн байх агаад гаднаас нь харахад бүгд л цоо шинэ мэт.


Хамгийн эхэнд техникээ дэлгэсэн хамт олон холбооны албаныхан байв. Ахлах дэслэгч Ж.Санжаасүрэн комиссын бүрэлдэхүүнд “Урал-375”-д оруулсан шинэчлэл бүрийг тоочиж, одоо хөдөлгөөн үйлдээд явахад бэлэн гэв. Тус албаныхан гурван нэгж техник хариуцсан байх бөгөөд зэвэрч муудсан эд анги, гэрэл, дохионуудыг нь шинээр суурилуулж, кабины доторлогоо болон суудлын бүрээсүүдийг ахлагч Э.Болорцэцэг тэргүүтэй албаныхаа эмэгтэйчүүдийнхээ хүчээр бүрэн шинэчилсэн байна.


Тэднийг залгуулаад сургалтын албаныхан машиныхаа өмнө зогсож байна. Ахлах ахлах С.Батзориг “Манай албанд техникийн талын сүрхий мэдлэгтэй хүн байгаагүй ч хамт олныхоо дэмжлэгээр засварлаж чадсан. Манай машин доторлогооноосоо эхлээд цөм шинэчлэгдсэн. “Урал-375”-ын багаж хэрэгслүүд орон нутагт төдийлөн байдаггүй учир хот руу захиж авчруулсан. Манайх гэлтгүй бүх албад авчруулсан. Энэ аян цаг үеэ олсон маш чухал арга хэмжээ болж байна. Цэргийн техникийн бэлэн байдлыг хангахад хүн бүрийн оролцоог нэмэгдүүлж чадлаа” гэсэн юм.


Харуулын салааныхан “Зил-131” хариуцсан байх ба анх хүлээж авахад нь тос, зэвэнд дарагдсан, дотор суудал, гэрэл, дохио гэж байхгүй, бүр агуулахаас чирүүлж гаргаж авсан гэнэ. Харин засвар, шинэчлэл хийсний дүнд ямар ч саадгүй асдаг болсон гэж ахлах ахлагч Т.Буянбаатар онцолж байсан юм. Тэрээр “Нэг сар-нэг техник” аян хоёр талын ач холбогдолтой. Нэгд, ангийнхаа техникийн бэлэн байдлыг дээшлүүлсэн, хоёрд алба хаагчдыг техникийн засвар, үйлчилгээний талаар ойлголт, мэдлэгтэй болгож чадсан. Хамт олны багаар ажиллах чадварыг ч нэмэгдүүлсэн” гээд комиссын бүрэлдэхүүнд “Зил-131”-ээ асааж сонирхуулав. Ер нь энд байсан бүх л техникүүд торойх зүйлгүй асаж, зарим үед саадгүй хөдөлгөөн үйлдэж байсан юм.


Ажиллагааны удирдлагын тасгийнхан мөн адил хүлээж авсан техникээ хэрхэн сэргээн сайжруулснаа зурагт хуудсаар сонирхуулж, шинэчилж завсарласан эд анги, хөдөлгүүрээ албаны хүмүүст үзүүлэв. Хошууч Н.Гүррагчаа цаашдаа төрөл мэргэжлээр нь ангилан энэхүү аяныг үргэлжүүлээсэй. Жишээлбэл, холбоо, хими, зенит гээд төрөлжүүлэх боломжтой гэв. Тэрээр Зэвсэгт хүчинд 12 дахь жилдээ алба хааж байгаа гэнэ. Зэвсэгт хүчний 336 дугаар ангид 11 жил, тус ангидаа томилогдож ирээд зургаан сар болж байгаа ажээ.


Соёл хүмүүжлийн албаны дарга, ахмад Д.Ганбаатар ахлагчтай баг, ахлах ахлагч М.Мөнхбаяраар ахлуулсан Үлээвэр найрал хөгжмийн салаа, ахлах ахлагч О.Ганбат даргатай мотобуудлагын батальоны хоёрдугаар мотобуудлагын ротынхон, цацраг, хими, биологоос хамгаалах албаны дарга, хошууч Б.Даваадорж ахлагчтай баг, орон сууцны албаны дарга, ахмад Б.Ууганбаяр ахлагчтай алба хаагчид ч мөн адил хариуцсан нэгж техникүүддээ засвар, үйлчилгээг хэрхэн явуулснаа танилцуулж, комиссын бүрэлдэхүүнээс сайшаал, магтаалын үг харамгүй сонсож байв. Энд цөөнгүй эмэгтэйчүүд багаа ахлан засвар үйлчилгээг явуулсан нь холбооны зангилгааны дарга, хошууч Ц.Номинзул, хүнсний албаны гал тогооны угаагч Я.Гантулга нар бөгөөд тэднийг эрчүүдээс дутахааргүй оролцсоныг ангийн штабын дарга, дэд хурандаа А.Нямбаяр онцолж байсан юм.


Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Материал, техникийн хэлтсийн ахлах офицер, дэд хурандаа Ж.Банзрагчаас тус ангийн бие бүрэлдэхүүн засвар, шинэчлэлийг хэрхэн гүйцэтгэсэн талаар тодруулахад “Ерөнхий утгаар нь харвал сайн байна. Гэхдээ аян дуусахгүй болоогүй учир зарим худалдаж авсан эд анги, хөдөлгүүрээ суурилуулж амжаагүй хамт олон ч байна. Цэргийн техникийн бэлэн байдлыг дээшлүүлэхэд маш чухал аян болж чадлаа” гэсэн юм. Дашрамд сонирхуулахад, “Нэг сар-нэг техник” аян дуусах хараахан болоогүй бөгөөд 8 дугаар сарын сүүлээр тэргүүлэгч хамт олныг шалгаруулж, урамшуулах юм байна.


Сэргээн засварлалт хийхээс өмнөх болон дараах үеийн зургууд 

















Сэтгэгдэл бичих