“Хууль бусаар” үйлдвэрчний эвлэл байгуулан гишүүдийнхээ мөнгийг “завшдаг” гэв үү?

Улс оронд бүхэлдээ авлига албан тушаалын аалзны тор шиг сүлжээнд хэлхэлдчихсэн юм уу гэлтэй нөхцөл байдал өдөр ирэх тутам улам бүр ажиглагдах боллоо.

Ганцхан жишээ дурьдахад, жил гаруйн өмнө УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрээс 10 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө гарсан нь үүнийг нотлох мэт. Мэдээжийн хэрэг тэр ганцаараа, яаж ч авлига аваад ийм хэмжээний мөнгийг цуглуулж чадахгүй нь тодорхой. Түүний ард бүхэл бүтэн сүлжээ ажилласан нь тодорхой. Өмгөөлдөг, хаацайлдаг, зуучлуулдаг, өгөө авааг нь хариуцдаг зохицуулдаг гээд л. Хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа ч асуудал нь шүүх дээр очоод бүдгэрдэг нь нууц биш болсон.

За энэ ч яах вэ, хууль хяналтын байгууллага ял зэмийг нь хүртээсэн гээд түр орхия.

Тэгвэл төрийн байгууллагад үүрлэдэг авлига албан тушаалын гэмт хэргийн шинжтэй, санхүү мөнгө шамшигдуулдаг, идэж уудаг үйлдэл өдгөө Үйлдвэрчний эвлэлийн байгууллага руу шилжээд “орчихжээ”.

“Хулгайчдын арга нарийслаа” гэдэг шиг хууль ёсны бусаар байгууллага байгуулж байгаад гишүүдийнх нь мөнгийг өнөөх байгууллага руугаа татаад “идчихдэг”, түүнийг нь санаатай санамсаргүй гэмээр байдлаар Төрийн өмчит байгууллагын дарга нар, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга нь дэмжээд байдаг бол яах уу?

Ийм нэг “боловсон хулгайн” тухай баримт түшин мэдээлэл хүргэе.

Үйлдвэрчний эвлэл бол гишүүдийнхээ, хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалдаг, тэднийг ажил олгогчтой харилцах харилцаанд гарах элдэв зөрчил, хууль бус дарамт шахалтаас хамгаалдаг, хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн институци.

Хөдөлмөрчид хэзээ нэгэн цагт өөрт нь тулгарч болзошгүй хууль ёсны ашиг сонирхолоо зөрчигдөхөөс хамгаалуулахын төлөө үйлдвэрчний эвлэлд сар бүр цалингаасаа 1 хувийн хураамж төлдөг.

Гэтэл энэ хураамжийг авахын тулд хэсэг бүлэг нөхдүүд “хууль ёсны бус өөрөөр хэлбэл дүрмийн бус” байдлаар Үйлдвэрчний эвлэл байгуулан, ингэхдээ байгууллагынхаа үйлдвэрчний эвлэлийн анхан шатны хорооны даргын албан тушаалаа урвуулан ашиглаж, шинээр байгуулсан үйлдвэрчний холбоо гэгчдээ гишүүдийн (ажилчдынхаа) татвар хураамжийг төвлөрүүлж, дур зоргоороо захиран зарцуулдаг байвал яах уу?

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭХГУУҮЭХ) гэж МҮЭХ-ны салбар, мэргэжлийн чиглэлийн толгой байгууллага байх. Энэ байгууллагын үйл ажиллагаан дор эрчим хүч, уул уурхайн, геологийн байгууллагууд нэгдэж, тус салбарт ажиллагчдын эрх ашгийг эл холбоо хамгаалж иржээ.

Гэтэл 2022 оны 11 сард Дорнод аймгийн Эрчим хүчний систем ТӨХК-ийн ҮЭХ-ны дарга Д.Гүнсмаа, Эрдэнэт хотын ДЦС ТӨХК-ийн ҮЭХ-ны дарга П.Баттөр, ДЦС-4 ТӨХК-ийн ҮЭХ-ны дарга Д.Ган-Эрдэнэ, ДЦС-2 ТӨХК–ийн ҮЭХ-ны дарга Э.Адъяасүрэн, Хасу мегаватт ХХК-ийн ҮЭХ-ны дарга Б.Ариунбаатар нарын 5 хүн нэгдэн нийлж, дүрмийн бус аргаар буюу МЭХГУУ-н ҮЭХ-ын гишүүнчлэлээс түтгэлзээгүй атлаа шинээр дулааны цахилгаан үйлдвэрлэгч, түгээчдийн үйлдвэрчний эвлэлийн холбоо (ДЦҮТҮЭХ) гэгчийг байгуулсан, ингэж байгуулахдаа нийт гишүүдийн хурлыг хуралдуулж олонхийн дэмжлэгийг авсан байх ёстой атал ёс төдий хуралдуулж, өөрсдийгөө тус холбооны Дарга, Дэд дарга, Нарийн бичгийн дарга, Хяналтын зөвлөлийн дарга, Зохион байгуулагч хэмээх орон тоонд томилчихсон байдаг.

Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг хэн дуртай нь хэдүүлээ нийлээд ТББ шиг байгуулаад, өөрсдийгөө дарга цэрэг гээд томилоод явчихдаг юм биш. Учир нь дүрэм журмынхаа хүрээнд бүх гишүүдийнхээ хурлыг зарлан хуралдуулж, зохион байгуулалтанд орж, олонхийн дэмжлэгийг авч байгуулах ёстой.

Ингэх шалтгаан гэвэл ҮЭХ-ны гишүүн бүр цалингаасаа татвар төлдөг учраас миний төлсөн ҮЭ-ийн татвар хураамж хаана орж байна, хэн холбоог удирдаж байна, хэрхэн захиран захиран зарцуулагдаж байна гэдгийг ҮЭ-ийн жирийн гишүүд мэдэж байх ёстой.

Товчхондоо тэд эрхэлж буй албан тушаалаа урвуулан ашиглаж, “мөнгө идэх арга байгааг олж хараад, үгсэн тохирч” шинээр ДЦҮТҮЭХ гэгчийг байгуулаад, өөрсдөө дарга нар нь болоотхож.

Үүний дараа гишүүдийнхээ татвар хураамжийг өөрсдийн байгуулсан ДЦҮТҮЭХ- руугаа шилжүүлэн, ямарч хяналтгүй захиран зарцуулаад эхэлж.

Тэдний энэ үйлдлийг нь жирийн гишүүд нь эссэргүүцэж, иргэний шүүхэд гишүүдээ төлөөлөх "чадамжгүй" байгууллага гээд гомдол гаргаж.

Түүгээр үл барам санхүүгийн мэдээллээ гишүүдээ ил болгож, тайлангаа тавилгүй хоёр жилийн нүүрийг үзэж байгаа гэх. Мөн тэд ДЦҮТҮЭХ-ны дээрх нөхдүүд өөр өөрсдийн байгууллагынхаа дарга нар, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх зэргээр дэмжүүлж ажиллах болжээ.

ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх болон дээр дурьдсан таван байгууллагын дарга нар та бүхэн санаатай болон санамсаргүй үйлдлээр хууль бусаар байгууллагдсан байгууллагын үйл ажиллагаанд оролцоод, дэмжлэг үзүүлээд явж байгаа гэдгээ эрхбиш эргэж нэг харна бизээ.

Төрийн өмчит байгууллага дээр хууль дүрмийн бус аргаар эрх мэдэл олж авах гэж улайран салбарын ажилтны эрх ашгийн төлөө ажиллаж буй мэтээр авирлаж, түүнийг өөгшүүлэх нь хэнд ашигтай бол???

“Хулгайг харсаар байж хэлэхгүй байна” гэдэг хулгай хийснээс өөрцгүй хэрэг гэсэн мэргэн үг байдагийг энд сануулахад илүүц биз.

Нэгэнт нөхцөл байдал ийм хэмжээнд хүрсэн тул Дорнод аймгийн Эрчим хүчний систем ТӨХК, Эрдэнэт хотын ДЦС ТӨХК, ДЦС-4 ТӨХК, ДЦС-2 ТӨХК, “Хасу мегаватт” ХХК-ийн инженер техникийн ажилтнууд та бүхэн өөрсдийн чинь Үйлдвэрчний эвлэлдээ төлж байгаа татвар хураамжийг хаашаа орж байгаа, хэн захиран зарцуулж байгаа, шинээр байгуулагдсан гэх ДЦҮТҮЭХ нь хууль ёсны мөн эсэхээс гадна гишүүдийг төлөөлөх бүрэн эрх бий юу гэх зэрэг асуудлууд дээр анхаарлаа хандуулан, хяналт тавьж ажиллах хэрэгтэй юм.

Бас нэг сонирхолтой баримт дурьдахад ҮЭ-ийн байгууллагын удирдах албан тушаалтан аль нэг улс төрийн намын удирдах сонгуульт албан тушаалтан байхыг хуулиар хориглодог атал Дорнод бүсийн Эрчим хүчний систем ТӨХК-ийн ҮЭХ-ны дарга, ДЦҮТҮЭХ-ны зохион байгуулагч гэх Д.Гүнсмаа нь Дорнод аймгийн АН-ын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн гэх болов ч өдгөө ч намын ажлаа идэвхтэй хийж байгаа нэгэн аж.

Мөн тэрээр Дорнод аймгийнхаа JCI гэх байгууллагын Ерөнхийлөгч.

Дараагийн нийтлэлээрээ эдгээр хүмүүсийн шинээр байгуулж, өөрсдөө дарга болчихоод байгаа ДЦҮТҮЭХ-ны төсөв хөрөнгө, түүний захиран зарцуулалтыг хөндөхийн сацуугаар тус бүрийн толгойлдог гэх ҮЭ-ийн хорооных нь хянан шалгах комиссын дүгнэлт, санхүүгийн зөрчлийн тухай мэдээллийг баримттайгаар хүргэх болно.

А.Галт

Эх сурвалж: Sanuulga.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ