Эмийн чанарын хяналтаа л ярь, эм ханган нийлүүлэх байгууллагуудаа бүү цолло !

       Сүүлийн үед эм бэлдмэл үйлдвэрлэгчид, энэхүү маш чухал зүйлийг хуулийн хүрээнд ном журмаар нь гаднаас импортлон оруулж ирдэг эм ханган нийлүүлэх байгууллагуудын үйл ажиллагааны талаар нийгэмд таагүй хийгээд буруу ойлголт төрүүлэх, үүнээс үүдэн ганзагын худалдаагаар хувь хүмүүс ямар ч хяналтгүйгээр баталгаагүй эм бэлдмэлийг ихээр оруулж ирдэг дэндүү хавтгайрсан үзэгдлийг улам гааруулж мэдэхээр үйл явцууд айхтар идэвхтэй өрнөж буй билээ. УИХ-ын гишүүд нь ч бас улсынхаа лабортор, шинжилгээ, хяналтаа сайн ярьмаар байх юм. Судалгаа нотолгоо шаарддаг мэргэжлийн салбарт сургаар асуудалд хандаж болдоггүйг сануулахад илүүдэхгүй бизээ. Хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалахад хоёргүй сэтгэлээр зүтгэн, олон жилийн судалгаа, шинжилгээний үр дүнд гаргаж аван шат шатны туршилтуудаар тухайн нэг тодорхой өвчин, эмгэгийн эсрэг сайн үйлчилгээ үзүүлж, тэдгээрийг бүрэн намдааж, эдгээдэг нь клиник туршилтуудаар тогтоогдож, анагаах ухаанд хэрэглэхийг нь холбогдох байгууллагууд, тэр дундаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрсөн тул дэлхийн нийтийн өргөнөөр хэрэглэж буй эм бэлдмэлүүдийг монголчууд бид ч мөн зөв зохистой хэрэглэж, эрүүл мэндээ сахин хамгаалах учиртайг ямар ч хүн ойлгох нь гарцаагүй.

            Тэгвэл эмийн зөв зохистой хэрэглээ гэж чухам юу юм бэ? Тухайн хүний нас, биеийн онцлог, өвчний байдалд тохирсон эм бэлдмэлийг зөв сонгон зохих тун хэмжээгээр, тодорхой нэг хугацааны турш хэрэглэхийг эмийн зохистой хэрэглээ гэнэ. Эмийн зөв зохистой хэрэглээний хүрээнд эмийг зөв сонгох, тун хэмжээ, эмчилгээний үргэлжлэх хугацааг нарийн тогтоох, хэрэглэх эм нь өөр хоорондоо тохиромжтой байх, хоол ундны дэглэмийг эмийн хэрэглээтэй уялдуулах, эмчилгээний үр дүнг хянах зэрэг олон асуудал багтана. Эм хэрэглэгч жирийн нэг хүний хувьд ямар эмийг, ямар хэмжээгээр, өдөрт хэдэн удаа, яаж хэрэглэх, хоол ундны дэглэмээ хэрхэн зохицуулахаа сайн мэдэхгүй тул эмнэлгийн мэргэжилтнээс зөвлөгөө авч, түүний дагуу хэрэглэх нь зүйтэй юм. Эмийн зохистой хэрэглээ нь мэдээж ууж, хэрэглэх гэж буй эм бэлдмэлээ зөв сонгохоос эхэлнэ. Харин эм бэлдмэлээ зөв сонгоход тань эмч, эмийн санч нар туслах үүрэг хүлээдэг. Эмийг олгох байдлаар нь жоргүй олгох, жороор олгох, эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эм, тариа гэж ялган авч үздэгийг хүмүүс мэдээд авахад илүүдэхгүй болов уу. Жороор олгох эмийг бид эмийн санчаас зөвлөгөө аваад хэрэглэх боломжтой. Тэгвэл жороор олгох эмийг эмчийн заавраар сонгон хэрэглэх шаардлагатай бөгөөд эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эмийг зөвхөн эмнэлэгт хэвтсэн нөхцөлд эмчийн бүрэн хяналтан дор хэрэглэдэг учиртай.

            Аливаа эмийг буруу хэрэглэвэл тухайн хүний бие махбодод олон сөрөг нөлөө үзүүлэх аюултайгаас гадна эрүүл мэнд, амь насанд нь ноцтой аюул учруулах өндөр магадлалтай юм. Тодорхой нэг эмийг эмчийн зааваргүй өөрөө дур мэдэн сонгох тохиолдолд тохирох эмээ зөв сонгон хэрэглээгүй бол өвчний эдгэрэлтэд төдийлөн нөлөөлөхгүй тул уг өвчин нь архагшиж, хүндрэх аюултай. Дээр нь та мөнгө, санхүүгээрээ хохироод үлдэх нь ойлгомжтой. Эмийг тохирсон тунгаар нь хэрэглэхгүй бол эмчилгээ үр дүнгүй болох нь мэдээж. Мөн нэг дор хэт олон эмийг зэрэг хэрэглэвэл тэдгээрийн гаж нөлөө давхцан эмийн сөрөг нөлөө нэмэгддэг. Нэг дор хэт их хэмээгээр, өдөрт хэт олон удаа юм уу ижил найрлагатай эмүүдийг хавсран хэрэглэвэл тун нь хэтэрч хордох, эрхтэн системийг гэмтээх эрсдэлүүд нэмэгдэнэ. Манайхан дунд ямар нэгэн өвчин туссан үедээ эмчид хандалгүйгээр эм бэлдмэлийг өөрсдөө дур мэдэн авч хэрэглэдэг, хэрэглэх зааврыг нь ягштал баримталдаггүй буруу дадал зуршил түгээмэл ажиглагддаг болсон. Эм нь өөрийн дураар сонгон авч хэрэглэдэг зүйл биш бөгөөд эмийн хэрэглэх заалт, тун нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчний байдлаас хамаарч харилцан адилгүй байдаг тул учир мэдэхгүй хүмүүс өөрт тохирох эмийг зөв сонгон хэрэглэж чадахгүй юм.

            Ер нь бол эмийн нэр төрөл маш олон бөгөөд зарим нэг өвчин, эмгэг хийгээд бага насны хүүхэд, бие давхар, хөхүүл үед хэрэглэхийг хориглосон эм ч цөөнгүй бий. Тиймээс та ямарваа нэгэн өвчин, эмгэгийн үед эмчид хандан зөвлөгөө авч, мэргэжлийн хүний зөвлөсөн тунгаар, хэрэглэх цагийг нь нарийн баримтлан зөвлөсөн хугацааны туршид зөв хэрэглэх нь зүйтэй. Жоргүй олгодог эмийг толгой мэдэн хэрэглэж болох ч түүнийг эрсдэлгүй хэрэглэхийн тулд тухайн эм бэлдмэлийг худалдаж авахаасаа өмнө эмийн санч болон эмийн заавраас эмчилгээний үйлдэл, хэрэглэх заалт, гаж нөлөө, өдөрт хэдэн удаа, хэд хоног, ямар тунгаар уух талаар нарийн мэдээлэл авсны дараа хэрэглэх хэрэгтэй. Дэндүү олон эмийг нэг дор хэрэглэвэл эмийн гаж нөлөө ихсэх, харилцан үйлчлэлийн улмаас эмчилгээний үр дүнд нөлөөлж болох тул шаардлагатай гэж үзсэн цөөн эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэвэл өлзийтэй юм. Түүнчлэн эмийг хэдэн удаа хэрэглээд өвчний зарим нэг шинж тэмдэг арилж, үгүй болсон ч заасан хугацааны турш дуустал нь хэрэглэх хэрэгтэй гэж үздэг. Тухайн эм бэлдмэлийг хэрэглэх явцад ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчид яаралтай мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг нэн даруй авах нь зүйтэй юм. Энд бас нэг зүйлийг анхаарвал зохилтой санагдав. Хадгалах хугацаа нь дуусаагүй боловч эмийг буруу хадгалснаас үүдэн эмчилгээний үйлдэл нь буурч, чанараа алдан эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг тул эмийн шошго дээр заасан нөхцөлд зөв хадгалах нь чухал билээ.

Монгол Улс жилдээ 700 гаруй тэрбум төгрөгийн эм, бэлдмэлийг гаднаас импортлодог гэх статистик тоо бий. Энэ нь хил, гаалиар бүртгэлтэй орж ирсэн албан ёсны тоо, баримт юм. Товчоор хэлбэл, Монгол Улсын хилээр зохих ёсны зөвшөөрлийн дагуу хууль ёсоор, НӨАТ-аа төлөөд оруулж ирсэн эм, эмийн бүтээгдэхүүний нийт үнийн дүн аж. Өнөөдөр манай улсад 500 гаруй эм ханган нийлүүлэгч байгууллага дотоодод 180 гаруй нэр төрлийн 900 орчим төрлийн эмийг 2600 гаруй эмийн сангаар дамжуулан худалдан борлуулж буй гэсэн мэдээ бий. Тэнд мэргэжлийн эм зүйч, эмийн санчийн мэргэжил эзэмшсэн хүмүүс ажилладаг гэдэгт бид итгэлтэй байж болно. Учир нь, эл бизнес хатуу хяналтан дор явагддаг хариуцлага өндөртэй үйл ажиллагаа тул тийм шаардлага тавигдаад, бүрэн хэрэгжээд явж байгаа билээ. Хамгийн гол нь, чанарын баталгаатай, аюулгүй, эмчилгээний үр дүн өндөртэй эм бэлдмэлүүдийг оруулж ирэх нь мэдээж чухал. Энэ тал дээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар гэдэг нэртэй байгуулагдсан газар нь өөрөө эмийн чанарт хяналтаа сайн тавьж, шуурхай агаад идэвхтэй ажиллах ёстой. Тус газрын удирдлагууд “Бид хяналтаа сайн тавьж байгаа” гэж ам бардам хэлдэг. Харамсалтай нь, тус байгууллагын төсөв, хөрөнгө маш бага, хүрэлцээгүй учраас хэдэн чадвар муутай ажилтнаа бага цалингаар торгоож, шинжилгээ хийх зориулалттай лабораторийн тоног төхөөрөмжүүдийн зарим нь эвдэрсэн, үлдсэн ганц нэг нь өнөөгийн шаардлагад нийцэхгүй болсноос үүдэн сүүлийн үед үүсээд буй үл ойлголцол, элдэв асуудлууд үүсээд байна гэдэг нь бидэнд тодорхой боллоо. Хувийн томоохон компаниудад лабораторийн шинжилгээ хийх өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүд байсаар атал тэдгээрийн нөөц бололцоог төр, засгийн зүгээс хамтарч ашиглах, хамтраад нэгэн зүгт зүтгэх хүсэл сонирхол огт байхгүй болохыг ч бид олж мэдлээ.

            Үндэсний аудитын газар “Төрөөс эмийн талаар авах бодлого” дээр гүйцэтгэлийн аудит хийгээд, импортоор орж ирж байгаа нийт эмийн 6.1 хувь, дотоодод үйлдвэрлэсэн эмийн 18.6 хувь нь чанарын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлтийг гаргажээ. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байгаа хөнгөлөлттэй үнэтэй эмүүдийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй гэж үзсэн байна. “Чанар дагаж үнэ” гэдэгчлэн дэлхийн өндөр хөгжилтэй, чанарын хатуу зохицуулалттай улсуудаас эмээ авах гэхээр үнэ, өртөг нь өндөр байдаг аж. Эмийн хатуу зохицуулалттай улсуудаас эм худалдаж авахад заавал давхар шинжилгээ хийх шаардлага байхгүй, баталгаатай гэж дэлхий даяар үздэг тул манайх ч шууд худалдан авалтаа тэдгээр улсуудын хяналтын байгууллагын бичиг баримтад үндэслэн хийдэг байна. Үүн дээр тээвэр, НӨАТ, урсгал зардал, ажилчдын цалин хөлс, багахан буюу 5-10 хувийн ашгаа нэмэхээр тухайн эмийн үнэ өндөр байхад нөлөөлөх нь дамжиггүй. Монгол Улсын эмийн бүртгэлд хамгийн олон эм бүртгүүлсэн улсууд гэвэл, манай улсаас гадна Энэтхэг, Өмнөд Солонгос, ОХУ, Герман зэрэг улсууд байна. Эдгээр улс, орнууд өндөр чанартай эм үйлдвэрлэдэг, дэлхийд тэргүүлдэг болохыг хэн хүнгүй мэднэ. Иймд манайхан хэтэрхий худал шуурч, баахан чанаргүй эмийг оруулж ирэн бизнес хийж байна гэдэг буруу ойлголт, тархи угаалтаас салах нь зүйтэй болов уу.    

            Монгол Улсад өнөөдөр 25 эмийн үйлдвэр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагийн ердөө ес нь GMP стандартын шаардлагыг бүрэн хангажээ. Тэгэхээр үлдсэн 16 үйлдвэр чанарын стандарт хангаж чадахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэж үзэж болох талтай. Харин гаднаас оруулж ирж буй эмэнд хяналт, шинжилгээ хийх лаборатори нь 250 гаруй тоног төхөөрөмжөөр эмийн чанарт хяналт тавьж, шинжлэх учиртай ч манайд өнөөдөр ердөө 117 тоног төхөөрөмж байгаагийн дээр 30-аад нь ажиллагаагүй болж, шинжилгээ явуулах урвалж бодисууд нь нэн дутагдалтай, 50 гаруй бодис нь хоёр жил гаруйн хугацаанд ор тас тасраад ирэхгүй байгаа гэх харамсалтай мэдээ сонсогдов. Дээр нь тоног төхөөрөмжүүд нь хуучирч, эвдрээд, үеэ өнгөөрөөсөн гэдгийг ажилтан, алба хаагчид нь мэдэгдлээ. Тэгэхээр улсын лаборатори шинжилгээ, хяналтаа бүрэн дүүрэн хийж чадахгүй байгаагийн буруутнаар эм ханган нийлүүлэх байгууллагуудыг тодруулж, тэднийг чанаргүй эм оруулж ирдэг хэмээн цоллох нь өрөөсгөл зүйл болов уу. Бид технологи шинэчлэлээ хурдан хийхийн зэрэгцээ төр, засаг нь хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтраад энэхүү тулгамдсан асуудлыг шийдээд явбал хүн ард өөрийгөө чанартай эм хэрэглэж байгаа гэсэн бүрэн дүүрэн итгэлтэй болох эерэг үр дүн гарах биз ээ.

Судлаач Х.Яргуй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (127.0.0.1)
    Эм ханган нийлүүлэх байгууллагууд сүлжээнд орж мафижсан. Эмч нарын дунд манай эмийг хэн их бичих вэ уралдаан зарлаж Гадаадад сургалтанд явуулах ноутбук , бэлэг сэлт өгөх хоол идүүлж сургалт хийх зэргээр өөр хоорондоо уралдаан зарлаж тэмцэлдэж байгаагаа юу гэхэв
    2024 оны 04 сарын 16 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Ээж (127.0.0.1)
    Нэг буруутан нь яах аргагүй эм ханган нийлүүлэх байгууллагууд. Зүгээр ч нэг мафижсан гээгүй байх. Бас хэвлэлийнхнийг худалдаад авчээ
    2024 оны 04 сарын 15 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Татвар төлөгч бидний мөнгөөр авчихаад баахан эм устгалд оруулж байналээ (127.0.0.1)
    Zochin
    2024 оны 04 сарын 15 | Хариулах