Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Эрүүл мэндийн гүйлт болно

Орчин үеийн ажил амьдралын хэв маягийн нэг дутагдал нь хөдөлгөөний хомсдол юм.

Үүнтэй холбоотой хүний бодисын солилцоо алдагдах, дархлаа муудах нь олон төрлийн халдварт бус өвчний шалтгаан болж байдаг гэдгийг та мэдэх үү. Үүнээс ямар ч эм, бэлдмэл таныг сэргийлж чадахгүй. Харин дасгал хөдөлгөөн л таныг хамгаалах болно.

Тэгвэл Эрүүл мэндийн яамны Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөл, “Сайт раннинг” гүйлтийн клуб, “Ахиллис Монгол” төрийн бус байгууллага, Монголын эрүүл мэндийн гүйлтийн холбоотой хамтран “Эрүүл мэнд-эрүүл амьдралын хэв маяг” уриан дор бүх нийтийн гүйлтийг зохион байгуулах гэж байна.

Энэ нь марафон биш эрүүл мэндийн гүйлт гэдгээрээ онцлогтой. Эрүүл мэндийн гүйлтэд улсын болоод хувийн бүх шатлалын эмнэлэг, анагаахын чиглэлийн сургуулийн оюутнууд, албан хаагчид, эрүүл мэндийн салбарын ажилчид, сонирхсон гэр бүл, иргэдийг хамруулна.

Өнгөрсөн жил анх удаа зохион байгуулсан тус гүйлт “Эрүүл ирээдүйн төлөө эрүүл нүд” уриан дор болж байсан юм. Тэгвэл энэ удаад гүйлт нь таны амьдралд, эрүүл мэндэд ямар ач тустайг таниулах зорилготой юм. Гүйлтэд оролцсон хүн бүр эрүүл мэндийн чиглэлээр олон төрлийн зөвлөгөөг нэг дор авах боломжтой гэдгээрээ давуу талтай. Эрүүл мэндийн гүйлтийн бүртгэлийн хураамж 20-40 мянган төгрөг байх бөгөөд гэр бүлийн гүйлт, 3х3 буухиа гүйлт /3.4 км зайд/, мөн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан гүйлт гэсэн ангилалтай. Гүйлт энэ сарын 27-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

Гүйлтийн талаар “Сайт раннинг” гүйлтийн клубийг үүсгэн байгуулагч, АШУҮИС-ийн нүд судлалын танхимын багш, “Сондра” нүдний эмнэлгийн торлог шилэнцрийн их эмч Д.Довчинжамц, “Энэ бол уралдаан тэмцээн биш. Эрүүл мэндийн гүйлт гэдгээрээ онцлогтой. Олон нийтийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, гүйлтийн спортоор хичээллүүлэх, цар хүрээг нь тэлэх зорилготой өдөрлөг юм.

Өнгөрсөн жил анх удаа зохион байгуулахад 250 гаруй хүн оролцож байлаа. Тэгвэл энэ удаа илүү өргөн цар хүрээг хамруулахыг эрмэлзэж байна.

Гүйлтэд насны хязгаар байхгүй. Нэг ёсондоо найман настай балчраас 80 настай буурал хүртэл гүйх боломжтой. Хамгийн гол нь иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хэрхэн эрүүл зөв гүйх вэ гэдэг сургалт явуулах юм. Эрүүл мэндийн гүйлт бол сайн дурын үйл ажиллагаа. Гүйлтээр хичээллэдэг, гүйх дуртай эмч нарын санаачилгаар хийж байна. Олсон орлогыг хараагүй гүйгчдийг дэмжихэд, бэлтгэл сургуулилтыг нь хангахад, хувцас хэрэглэлийг нь бэлдэхэд туслахад зарцуулах юм. Нэг ёсондоо пара гүйгчдэд туслах зорилготой. Өнгөрсөн жил орлогыг харааны бэрхшээлтэй гүйлтийн тамирчдын хувцсанд зарцуулж байсан юм” хэмээн ярилаа. 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин