Профессор Л.Дашням: ТЭНГЭР ГЭДЭГ АУГАА ИХ АМИН ЭРЧИС \2-р хэсэг\

\Үргэлжлэл 2 \
6. Та Тэнгэр үзлийн талаар бичихдээ ихэвчлэн “Монголын нууц товчоо”-ноос нотолгоо, гаргалгаа, тайлал эрсэн нь анзаарагддаг. МНТ-ны тэнгэризм судлал дахь үнэ цэнийг Та хэрхэн тодорхойлох вэ?
- Монгол хүнээ, монгол амьдралаа жаахан холоос таньж мэдэе гэвэл "Нууц товчоон"-г тойрох аргагүй л дээ. "Нууц товчоон" бол ялангуяа дундад эртний түүхээ бид тайлан ойлгох цорын ганц бичмэл сурвалж! Энд үгүүлснийг нягт нямбай судлан, зөв ойлгож ухаарваас түүхэн монгол хүнээ нэлээн алсаас угшуулан таньж ухаарах хосгүй сайхан хөрс суурь бий болох учиртай. Наад зах нь л гэхэд хэрвээ "Бөрт Чино, Хоо Марал хоёр түүхэн хүн мөн" гэж үнэмшиж гэмээн Монгол, монголчуудын түүх нэлээдгүй цаашлана шүү.
Дэлхий дахин XX зууныг "Нууц товчоон"-оор амьсгалж өнгөрөөсөн. "Нууц товчоон"-ы нууц нээгдээд нэгэн зуун өнгөрөөд байхад ч одоо хэр нь амьсгалсаар л байгаа. Гол шалтгаан нь "Нууц товчоон" хэмээх энэ суут бүтээлд өөрт нь ч байна, бас үнэндээ бол Чингис Хаанд ч байгаа юм. "Нууц товчоон"-ыг зарим судлаач Чингисийн түүх гэж үздэг. Анзаатай юм хийе гэсэн аавын хүү болгон Чингисийг судалдаг л юм байна л даа. Та Америкийн анхны Ерөнхийлөгчдийн уншдаг байсан ном, бичиж байсан захидлуудыг л хар л даа "Вашингтон пост" сонин яагаад Чингисийг дэлхийн хүнээр тодруулав? Асуудал энгийн биш шүү.
Би ч мөн Тэнгэр үзлийн уг шаг,учир начрыг "Нууц товчоон"-оос эрэхдээ Чингисийг л таньж олохыг хүссэн юм. Тэнгэрээс заяагдаж, Тэнгэрт ивээгдэн, тэнгэрийн тааллыг ч, залхаалтыг ч хүмүүнд үзүүлж чадсан түүхэн хүн бол Чингис Хаан л байна шүү дээ. "Нууц товчоон" Тэнгэр шүтлэгт, Тэнгэр үзэлт, тэрхүү үзлээ тунхаглагч, хэрэгжүүлэгч Тэмүжин -Чингис Хааны бүхий л үзэл бодол, үйл хэргийн гэрч болж, үл мэдэгдэм улбааг нь ч, өргөн дардан замналыг нь ч өчүүхэн ч нуугаагүй.
"Нууц товчоон"-ы 49 зүйлийн дотор Тэнгэр хэмээх үгийг янз бүрийн найруулгаар 69 удаа хэрэглэсэн байдаг. Энэ үг, энэ ойлголтыг Чингис Хаан, Ван Хаан, Өгөөдэй Хаан, Жамуха, Алунхоо эх, Хоогчин эмгэн, Гүрбэсү хатан, Хулан хатан, Хорчи бөө, Тив Тэнгэр бөө, ер нь монгол, хэрээд, мэргэд, найман хэн хүнгүй хэлдэг, мэддэг байсан. Монголын дээр Мөнх Хөх Тэнгэр байсан шиг монгол түмэн цөмөөрөө л Тэнгэртээ мөргөдөг, шүтдэг байж. Тэнгэрсудлаачдын хувьд анхаарууштай үг хэллэг, ойлголт "Нууц товчоон"-д нэлээн бий. Жишээ нь, эрхт Тэнгэрт нэрийдэх, тэнгэр газар эелдэх, тэнгэр газарт хүч нэмэгдэх, тэнгэрт үүдэн жолоо нээгдэх зэрэг ухаалал ойлголтыг бид монголчуудын Тэнгэр үзэл, тэр үзлийн эрхшээл, идээшилтэй холбон ойлгож ухаарах учиртай. Тэнгэр газрын явдлыг газартай эелдэн байж эерүүлэх, эрхшээлгэдэг тухай, газар тэнгэр хоёр хоёулаа л хүч нэмэгдүүлдэг, Тэнгэр нэрийг нь мэддэг болж байж, үүдэн жолоог нь нээдэг байжээ гэх мэт ойлголт, танин мэдэхүй бол Тэнгэр, газрын "явдлыг" танин барихад тус дөхөм, за байг гэхэд учир начиртай ухалдахад дэм болох нь мэдээж. "Нууц товчоон" ийнхүү газар, тэнгэрийн хүч, нөлөөлөл хүмүүний амьдралд яаж тусгалаа олдогийг тоймлохоос гадна Чингис Хааныг өөрийг нь танихад, ялангуяа Тэнгэр, газрыг хэрхэн шүтэн биширдэг байсан, бөө нар, онцгой чадвартнуудтай яаж харьцдаг байж вэ, өөрөө бөө мөргөлтнөөс Тэнгэр шүтлэгтэн, Тэнгэр сурталтан болтлоо яаж өсөж өөрчлөгдөв гэдгийг танихад юутай ч зүйрлэшгүй баримт нотолгоо, суурь ойлголтыг олж авах боломж нээдэг. Түүний оюуны ертөнцийн өөрчлөлт, хөгжил хувирал нь газар дээр хийж гүйцэтгэж буй ажил үйлс, бүхий л амьдрал үйлтэй нь холбоотой байна гэдэг нь харагдана. Бурхан Халдунаа шүтэж биширч, залбирч мөргөдөг байсан хүн түүнээс хэдэн мянган км-ийн холд яах вэ, яагаад Хорчийг, Тив Тэнгэрийг шүтдэг, хүндэлдэг байсан хүн тэдний дундаа хамгийн нэр төртэй, тэр байтугаа худ ургийн холбоотой Тив Тэнгэрт Тэнгэрийн гэсгээл үзүүлэв, Төрийн хэрэгт чухал оролцоо бүхий Бэх мөр залах учир юунд байв, яагаад Үсүн өвгөнийг сонгов гээд олон олон нягтлах, бодож сэтгэх юм бий. Тэр бүхэнд чухамхүү "Нууц товчоон" л туслана. Тиймээс ч би энэ гайхамшигт бүтээлийг хамгийн их дээдэлж, Тэнгэр шүтлэгтний ширээний ном байгаасай гэж боддог юм. "Нууц товчоон" гэдэг бүтээлийг өнгөц ухаарсан хүн "Энэ бол алтан ургийнхны Төрийн төлөө уралцсан, улстөрийн л түүх юм байна даа" гэж дүгнэж болох ч цаанаа бол монголчуудын үнэт зүйл, оюун ухаарал, нийгмийн амьдралыг тольдон харж болох суурь бүтээл л дээ. Ил юм олон бий. Бас далд,нууц юм ч их бий.
Би "Алтан ураг" нэртэй нэг ном биччих санааг эртнээс өвөрлөж, Есүхэй баатарын тухай нэг ном бичсэн. Одоо Чингисийн тухай номоо бараг нурууцуулчихлаа. Цаана нь Тулуй үлдэж байгаа. Цуглуулсан материал, ном, бүтээл нэлээн бий. Цэгцлэж буулгах, ном болгох ажил жаахан сунжраад байна. Тэнд л алтан ургийнхны, ер нь монголчуудын Тэнгэр үзлийг өөрийн чадал, боломж бололцооны хэрээр гаргах санаа бий шүү. "Нууц товчоон"-оос бол үхэн үхтлээ салахгүй ээ!
7. Олон шашинт орчин цагийн Монгол орны Тэнгэр шүтлэгийн ирээдүйг Та хэрхэн төсөөлж байна вэ?
- Шашин бол хүмүүн төрөлтний ухамсарын хамгийн эртний хэлбэрүүдийн нэг юм. Орчлонт Ертөнцийн нэг өчүүхэн хэсэг болох Хүн өөрийгөө болон Ертөнцийг таньж ойлгох гэж мэрийх, мөчөөрхөх явцдаа л бий болгосон "мэдлэг"-ийн хэсэг шүү дээ. Аливаа мэдлэг харьцангуй учраас шашины мэдлэг ч мөн харьцангуй! Бас аливаа мэдлэг өөр нэг мэдлэгтэй харьцдаг, нөлөөлж " үйлчилдэг", бас уусаж нийлдэг, шүтэлцэж барилцаж оршдог хуулиар шашин ч бас бусад мэдлэгтэй харьцсаар л ирсэн, тэгэх ч болно. Баярлалтай нь, чухамхүү шашины мэдлэгийн хэвлийд шинжлэх ухааны мэдлэгийн эх үүсвэр тавигдаж, улмаар хөгжиж буйлсаар шашинаасаа салж, тэгснээр эхний үед "толгойгоо авахуулах" зовлон зүдгүүрээ эдэлж эдүгээ хүрсэн. Одоо бол эргээд "ишиг эврээ ургаснаа" үзүүлж л яваа юм. Шинжлэх ухаан зарим талаар зөвхөн шашинд ч биш, ер нь юм бүхэнд нэлээн халтай "эд" болон бойжиж байгаа л даа. Гэхдээ хүн аав, ээжийгээ хайрлаж хүндэлдэг шиг шинжлэх ухааны мэдлэг ч мөн шашинаа хүндэлж, нягт нямбай харьцсаар л байгаа юм.
Би яагаад шашин, шинжлэх ухааны мэдлэгийн тухай яриад эхлэв гэхээр Тэнгэр шүтлэг юу байв, юу болох бол гэдэг тухайд л санаа хэлэх гээд байна л даа. Тэнгэрийн тухай мэдлэг бол ерөнхийдөө амьдралын л гүнээс ургасан ч гэдэг юмуу, олдсон мэдлэг, ердийн мэдлэгийн төвшнөөс л өөдөлж дээшилж байгаа мэдлэг л дээ. Шашины мэдлэгтэй ч холбоотой хөгжиж өөрчлөгдөж ирсэн гэж үзэж болох биз. Юмыг шүтнэ гэдэг тухайн зүйлийнхээ аугааг мэджээ л гэсэн үг юм. Хүн амьдралынхаа туршид өөрөө дотроос нь төрж мэндэлсэн Орчлонгийн аугааг мэдсэн байна. Хамгийн аугаа нь Тэнгэр юм байна ч гэж ухаарч. Тэр нь ч үнэн байжээ. Юу гэвэл, чухамхүү Тэнгэр л бүх мэдээллийг мөнхөд хадгалж чаддаг байна. Тэгэхээр Тэнгэрийг шүтэж биширсэн тэр итгэл үнэмшил мэдлэгийн хувьд мэдээж хөгжиж өөрчлөгдөнө, харин шашины хуримтлуулсан оюуны сан хөмрөг харьцангуй тогтонги байдалд хүрч, магад ч үгүй царцанги төлөвд шилжсэн учраас өөрийгөө хадгалж хамгаалах асуудал илүү чухал болсон шиг байна. Түүнтэй харьцдаг харьцаанд ч өөрчлөлт орно, орох нь ч зайлшгүй гэж бодогдож байна. Нэг үгээр, шашины тухай ойлголт ч, Тэнгэр шүтлэг ч өөрчлөгдөж, хөгжих нь ойлгомжтой, тэр нь аль алиных нь ирээдүйг тодорхойлох нь дээ л гэж хэлмээр байна. Монголчуудын хувьд холын ирээдүйд Тэнгэр үзэл нь давамгайлаад явчихыг ч байг гэхгүй байх. Олон шашины хувьд бол хүний мэдлэг, ухамсарын хэрээр цомлогдож цөөрөх буюу шашны олон урсгал гэхээсээ илүү мэдлэгийн салаа мөчрүүд болон "тэгширч" тодорхой төвшинд хүрч, тайвшралыг олж ч мэдэх юм. Хүн төгөлдөр амьтан болтол цаг зай байгаа болохоор шашинд урт холын нас бий байх аа. Хүн гэдэг амьтан аврал ивээлээр цаг ямагт л дутагдаж гуцагдана шүү дээ.
8. Мөнх тэнгэрийн үзлийг монголчуудын аж төрөхүйн философи гэж би үздэг, бичдэг. Гэтэл энэ бол философи биш ээ, ингэж үзэх нь хувь хүмүүсийн ямар ч нотолгоогүй магтаал тайлбар төдий зүйл, ийм үзлээ түгээх нь ёс суртахуунгүй үйлдэл гэж манай зарим философич шүүмжилдэг. Энэ талаарх Таны байр суурь ямар вэ?
-Монголчууд Тэнгэр Эцэгтэй, Газар Эхтэй гэж үздэг нь өөрсдийгөө Орчлонт Ертөнцийн нэг хэсэг гэж үзэж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, мөнх оршихуйн салшгүй нэг бүрдэл, "эд эс" нь болж байгаа хэрэг. Ингэж ойлгож байна гэдэг чинь л аль хэзээ философдож эхлэлээ гэсэн үг юм. Хүн бол Орчлонт Ертөнцийн "бүтээгдэхүүн" гэж ойлгодог нь зохиомол зүйл, үлгэр домог биш шүү дээ. Түүнийг олон мянганыг туулсан түүхэн амьдралынхаа бодот байдлаас хүн ухаарч мэдсэн. Сэтгэхүй нь хөгжих тусам тэр тухайд бясалган бодсоор ирсэн. Бүх юм хөдлөж, хувирч, харилцан шүтэлцээтэй оршдогийг ухаарч ойлгосон. Аливаа харилцаа, шүтэлцээг мэдэрч ойлгодог "хэрэгсэл" өөрийн "хэл" гэж бий. Түүнийг хүн бүхэн мэддэггүй, эзэмшээгүй болохоор Орчлонд байгаа олон олон мэдлэгийг хүлээн зөвшөөрдөггүй, мэддэг нэг нь тэр тухай мэдээлбэл үнэмшдэггүй нь үнэн.
Бид загасыг маш чимээгүй амьтан гэж боддог. Гэхдээ загасны ам цаг ямагт ангалзаж байдагийг нь бол мэднэ. Тэгсэн загас шиг цаг үргэлж "үглэж" явдаг амьтан үгүй юм байна. Бид "үгийг" нь сонсож чаддагүй юмсанж. Бидний сонсож чаддаг герц загасныхаас өөр учир бидэнд харилцааны хэл байдаггүй юм байна. Түүн шиг мөнхөд "мэдээлэл түгээдэг" Орчлонгийн хэлийг бид нийтлэгээр мэддэггүй ,мэдэхгүйгээр үл барам мэддэггүйгээ хүлээн зөвшөөрдөггүй, зөвшөөрөх ч дургүй байдаг юмсанж. Тэр тухай ярихаар заримдаа тэнэгтлээ, хуурч мэхэллээ, ёс суртахуунгүй юм ярилаа гэдэг л дээ. Үнэн юм ярьдаггүй хүмүүс ч бас байдаг л байх. Гэвч бидний мэдэхгүй байгаа бүхэн худлаа гэж бодож болохгүй л дээ. Хэдийгээр мэдэхгүй, чухам юу вэ гэдгийг нь ойлгож ухаараагүй ч амьдрал ахуй дээр хүлээн зөвшөөрчихсөн, ахуйн төвшинд асуултгүйгээр "хэрэглээ" болгочихсон зүйлс бишгүй олон бий. Түүнийг амьдралын үнэн гэдэг шүү дээ. Тэрний нэг нь Тэнгэрийн тухай ойлголт юм.
Нийтээр мэдэхгүй байгаа юмны тухай, ер нь хүлээн зөвшөөрөөгүй юмны тухайд хамгийн дөмөг ярьж чаддаг ухаан нь философи байдаг! Тэгэхээр монголчууд Тэнгэрийн тухай амьдралаас ойлгосон зүйлээ л философдоод байгаа хэрэг юм. Тэрний нэг нь Та болж таарах нь. Магадгүй Та нийтийн хүртээл болоогүй ойлголтыг ямар нэг ухааны үүднээс ойлгуулах гээд байгаа бөгөөд тэр тань ойлгогдохгүй болохоор хүмүүс өөр өөрийнхөөрөө үнэлж, тэр үг, тэр харьцаагаа л Танд илэрхийлж, харуулж байгаа байх л даа.
Би бол Тэнгэрийг таньдаг шинжлэх ухаан байх ёстой л гэж яваа хүний нэг. Өөрийгөө ёс суртахуунтай байна уу, үгүй юү гэдэг талаар, магадгүй, багаахан боддог нэгэн байж ч мэднэ.
9. Монголчууд XXI зууны эхээр маш олон үндэстний соёлыг өөртөө нэгэн зэрэг нэвчээн шингээж эхэллээ. Энэ нь монголчуудын ертөнцийг үзэх үзэл, зан заншил, уламжлал, шашин шүтлэг, түүхээ ойлгох ойлголт нь орчин цагийн чамирхалт хэллэгээр хэлбэл “солонгороход” хүргэж байна. Хожмын үр дагавар нь юу болох бол? Монголчуудын эх хэл, түүх, соёл, уламжлалт зан заншилдаа хандах хандлага эргээд нэгдмэл цул болж чадах болов уу? Чадлаа гэхэд ямархуу дүр зурагтай байх бол?
- Ер нь хүн ч тэр, улс орон ч тэр байгаараа байя гэвэл өөрийгөө таних л асуудал чухал. Таниагүй, мэдээгүй, үнэлээгүй юм ямархан алдардаг. Алдуурдаг ч гэж хэлж болно. 1921 оны дараахан Монголд ирсэн гадаадын сурвалжлагч "Энэ орон цаашид оршин тогтнож, өөрийгөө авч үлдэх үү, үгүй юү гэдэг нь ирээдүйдээ итгэлтэй байгаа ирмүүн залуусын хэн болох, юу хийж чадахаас л хамаарах болж байх шиг байна" гэж бичсэн байдаг юм билээ. Одоо ч бас тиймэрхүү байдал бий болоод л байна. 1991 оноос хойш дэвэн дэлхийн хүн зоны тархи толгойд юу багтдаг, ямар санаа оноо байдаг бэ тэр бүхэн, тэр бүхий л урсгал Монгол руу цутгах болсон. Манай өвөг дээдсийн хэлдэгээр бид "үзээгүйгээ үзэж, үхэр цамаа харайж" байгаа. Энэ их "нэвчилцээн" биднийг аврах уу, алах уу гэдэг нь явж явж биднээс өөрсдөөс маань л хамаарна. Нийгэм маань ерөнхийдөө хэврэгшиж, цулам байдлаа алдаж эхэлснийг анзаарах хэрэгтэй. Олон ургалч үзэл,чөлөөт өрсөлдөөн, хариуцлагаа орхисон хүний эрх зэрэг маань ямар байдалд, ямар хэр хэмжээнд хүрээд байгааг ч эргэж харахгүй бол болохгүй нь шиг байна. Миний бодлоор монголчууд бид өөрсдийгөө ер нь багахан мэддэг улс юм. Сүүлийн 100 жилд урьд өмнө огт байгаагүй олон зүйлтэй нүүр туллаа шүү дээ бид! Албан суртал, зорил, зорилт маань бидний итгэл үнэмшилтэй нийцсэн ч юм байсан, үгүй ч юм байсан. Ил юм, далд юм аль аль нь л байсан. Энэ хооронд өөрийгөө орхих, хүнийших,дагаар орох олон үзэгдэл бий болсон. Зарим нь ч бидний амьдралын нэг хэсэг болсон байна. Одоо нийгмийн харилцаа, ялангуяа гадна талын нөлөөлөл улам түвэгтэй болж байна. Ийм нөхцөлд бид өөрийгөө л хурдан олж авах хэрэгтэй л дээ. Бид хэн бэ, бидэнд хийсэн юм юу байна вэ, бахархах бардамнах зүйл маань юу вэ, хүний ертөнцөд бид ямар оролцоотой вэ, бидний ирээдүй юу вэ, цөм л нэн чухал асуудлууд, асуултууд! Эзэн монгол гэдэг үгийг би хэлэх дуртай Тэр нь минийхээр бол өөртөө, өөрийнхөө ажил үйлд, Эх орондоо, ирээдүйдээ Эзэн байхыг л хэлээд байгаа юм. Дэлхийн монголыг бэлтгэнэ гэхээсээ өмнө Монголын монголыг л бэлдмээр байна. Тэр чинь л дэлхийн хүн шүү дээ. Чи бид хоёрын төрсөн хонхор үгүйгээр дэлхийн газар нутаг бүрэн бүтэн байхгүй, Монгол гэдэг оронгүйгээр дэлхийн улс орнууд бүрэн бүтэн байхгүй. Тэгэхээр монгол хүн бүр дэлхийн хүн гэдэг нь үнэн. Дэлхийг муухайгаар дүүргэх, муухайгаар бүрэн бүтэн байлгах эрх бидэнд байхгүй. Нэг үгээр, бид даяаршиж өөрийгөө алдахгүй, дангааршиж өөрийгөө гээхгүй л байхыг хичээх хэрэгтэй болж байгаа! Манай түүх, соёл, зан заншил, монгол оршихуй, цаашилбал бидний хувь заяанд хамгийн их хортой зүйл бол өөрийгөө чамлах, үгүйсгэх, бусдыг даган дууриах, бусдын соёлыг бурханчлах явдал юм.
Монгол Төрийн, монгол хүний зорилго бол монгол амьдралаа мөнхлөх, монгол хүнийг мөнхлөхөд л орших учиртай шүү дээ. Энэ чинь л монгол дархлаа болсон түүх, соёл, хэл, зан заншил, өв уламжлал, эрхэмлэл нандигнал, Монгол бахархлаа хадгалж, хамгаална гэсэн үг. Эзэн хичээвэл заяа хичээнэ! Монголоо аваачиж үзүүлдэг биш, ирж үздэг орон болгох хэрэгтэй. Усанд шороо, чулуу уруудаж мөлийдөг, уусаж шингэдэг ч, чухамхүү аварга чулууд, аршаан ус л газар дэлхийгээ амилуулж, төлжүүлдэг шүү дээ. Монгол гэдэг нэр ч, монголчууд бид ч аугаа хүч юм. Магадгүй Тэнгэрийн хүч юм.
Ярилцсан Б. Галаарид
2021.05.24
СЭТГЭГДЭЛ БИЧИХ