Нелсон Манделаг нутаглууллаа

Өмнөд Африкийн бахархал Нелсон Манделаг нутаглууллаа. Түүнийг төрөлх нутаг Куну тосгонд нь оршуулсан юм. Оршуулгын ёслолд дэлхийн улс орнуудын тэргүүнүүд болон Засгийн газрын тэргүүнүүд оролцсон. Ёслолыг Өмнөд Африкийн ерөнхийлөгч Жейкоб Зума удирдан явууллаа.

Энэ оршуулгын үйл ажиллагаа Өмнөд Африкийн түүхэндэх хамгийн том гашуудлын ёслол боллоо хэмээн тэмдэглэв. Оршуулгын ёслолын ажиилагаанд түүний хөргийн өмнө 95 лаа асааж хүндэтгэл үзүүлсэн.

Нелсон Мандела энэ сарын тавны өдөр 95 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тэрээр олон жилийн турш уушигны өвчинтэй тэмцэж байсанч ийнхүү насан эцэслэсэн билээ.

Тэрээр Өмнөд Африкийн хамгийн анхны хар арьст ерөнхийлөгч байсан билээ. “Түүний үндэстнийхээ төлөө хийж бүтээсэн, зүрх зориг гаргасан олон олон зүйлийн хэзээ ч мартахын учиргүй. Бид үндэстнийхээ хамгийн агуу хүүг алдлаа” хэмээн ерөнхийлөгч Зума хэлсэн юм.

Хар арь стнуудыг адгууснаас дорд үзэж байсан расистуудын төлөө хүчтэй тэмцсэнийхээ төлөө тэрээр 27 жилийн турш шоронд хоригдсон. Хэдийгээр эрхээ хасуулсан ч гэсэн хүний эрхий төлөө дуу хоолой болж чадсаар байсан юм. Харин урт хугацааны ялаас чөлөөлөгдсөний дараа 1994 онд улсынхаа ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Ерөнхийлөгчийн албыг хашиж байх хугацаандаа үндэстнийхээ эрх ашгийн төлөө маш олон зүйлсийг хийж чадсан юм. 1999 онд ерөнхийлөгчийн албанаас буусан ч гэсэн улс төрийн оролцоо болон нийгмийн асуудалд анхаарсаар байлаа. Тэдгээр ажлуудын нэг бол яах аргагүй Өмнөд Африкт ХДХВ/ДОХ-ынэсрэг хамгийн хүчтэй дуу хоолой болж, улмаар дэлхий дахиныг уриалж чадсан билээ.

Нобелийн энх тайвны шагналтан Нелсон Мандела зөвхөн улс төрийн нөлөө бүхий нэгэн байсангүй. Тэрээр нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг байсан бөгөөд хүүхдийн боловсролын төлөө нэлээд доривтой зүйлсийг хийж чадсанаараа Өмнөд Африкийн хүүхдүүд түүнийг “Мадиба аав” хэмээн нэрлэснээс илэрхий.

2004 онд Мандела тэтгэвэртээ гарсанаар олны өмнө гарах нь багассан. Харин 2010 онд дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Өмнөд Африкт зохиох эрх авахад томоохон нөлөөтэй ажилласан юм.Түүнээс хойш биеийн байдал нь үе үехэн муудаж эмнэлгийн хяналтад байх болсон. Тэрээр уушигны архаг өвчтэй байсан. 27 жилийн турш шоронд хоригдохдоо тэрээр уушигны сүрьегээр өвчилж байсан нь хожмын архаг хууч өвчин нь болсон юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ