Америкийн 50 жилийн ядуурал

Мөрөөдлийн Америк цаг ирэх тутамд мөрөөдлийн орон байхаа больсоор. Зөвхөн тааруухан амьдралтай цагаачдын орон л болж байх шиг.
Гэхдээ Америк хүн бүхний хүсэмжит орон байсан үе бий. Хөгжил цэцэглэл хурдацтай явагдаж, үйлдвэрүүд хэдэн зуугаараа нээгдэж, шинэ сонин бүхэн тэндээс ундарч дэлхийн хөгжлийн жишиг болон мандаж эхэлсэн үе бол 1950-иад он. Тэр үедээ өндөрт гарсан эрчээ алдалгүй зуун дамжиж өнөөдөр ч гэсэн хөгжлөөрөө тэргүүлэгч улс байсан хэвээр л байгаа. Гэхдээ дэлхийд тэргүүлэх баячуудыг цуглуулж чадсанаараа тус улс өнөөдөр хөрөнгөлөг, чинээлэг болов. Гэтэл тус улсад нэн ядуугийн тоонд орох хэчнээн ядуу иргэд байгааг тэр бүр анзаардаггүй. АНУ-д өнөөдрийн байдлаар 200 орчим хотод 37 сая хүн нэн ядуу ангилалд хамаарч байна.
Америкийн ядуурлыг сүүлийн 50 жил улсаа удирдаж явсан ерөнхийлөгчдийн ур чадвар, нийгмийн байдалтай холбон тайлбарладаг. Тус улсын иргэдэд урт хугацаанд дарамт болж байсан зүйлсийн нэг бол эрүүл мэндийн халамжийн үйлчилгээ, түүний нөхөн төлбөрийн асуудал байсан ирсэн. Мөн урт хугацааны зээл иргэдийг туйлдуулж байсан, байгаа, байсаар л байна. Өдрөөс өдөрт Америкийн мужуудад майхант хотхоны тоо нэмэгдсээр байгаа бөгөөд энэ нь байр ч хөлслөх мөнгөгүй иргэд хотын захад майхан барьж амьдарцгаах болсныг хэлж байгаа юм.
Тэгвэл тус улсын ядуурал сүүлийн долоон ерөнхийлөгчдийн үед ямар байв?
Ричард Никсон
АНУ-ын 37 дахь ерөнхийлөгч болох Ричард Никсон 1969 онд Нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тухайн үед АНУ-ын эдийн засаг хүчирхэгжлийн хамгийн эрчимтэй үед очсон байлаа. Жонн Кеннедигийн байгуулсан хүчирхэг эдийн засаг эрчээ алдаагүй байсан үе гэхэд болно. Бүх цаг үеийн хамгийн тааламжтай нийгмийн үед тэрээр улсаа удирдаж байсан юм. Тэр үед ядуурал байгаагүй биш байсан. Гэхдээ хүмүүс өнөөдрийнх шиг үгээгүй ядууралтай хараахан нүүр тулаагүй байсан билээ.
Тэрээр нийгмийн халамжийг сайжруулах, хүмүүсийн ажлын байраар хангахад, хүүхдүүдийн халамж үйлчилгээг сайжруулахад гол анхаарлаа хандуулсан. Нийгмийн аюулгүй байдал, худалдан авах чадвар зэргийг удаан тогтоон барихад хэт их анхаарсны зэрэгцээ ядуус, бага орлоготой хүмүүст үзүүлэх халамжийг ихэсгэсэн нь тэнцвэрт байдалд нөлөөлж байсан хэмээн тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч түүнийг ерөнхийлөгч байх хугацаанд АНУ-ын ядуурлын тоо ихсэж иргэдийн 11 хувь нь ядуус болжээ.
Жимми Картер
Жимми Картер 1970-аад оны үед улсынхаа албан ёсны 38 дахь ерөнхийлөгчөөр ажиллаж байлаа. Тэрээр эдийн засгийн хувьд тааруухан үзүүлэлтүүд илэрч эхлэх үед энэ албан тушаалд очсон ерөнхийлөгч юм. Гэсэн ч тэрээр улсынхаа байгалийн нөөцийг ашиглаж эхлэх түүхэн цаг үед ажиллаж байснаараа онцлогтой.
Хэдийгээр мөнгөний урсгал тасралтгүй байх бүх нөхцөл байсан ч Вьетнамын дайнаас үүдэлтэй хямралтай Жимми Картер нүүр тулсан юм. Засгийн газрын үйл ажиллагаа ч удаашралтай болж дайны хүнд байдал үргэлжилсээр байсан.
Дайны сүүдэртэй давхацсан энэ цаг хугацаанд тэрээр хамгийн сайнаараа хичээж ажилласан гавьяатай ерөнхийлөгч ч гэсэн өөрөөс шалтгаалахгүй эдийн засгийн хямралт үед яах аргагүй ядууралтай нүүр тулсан юм.
Нэгэнт хүч сууж эхэлсэн Засгийн газар ядууст тусалж чадахгүй болсон үе байлаа. Дайны хямрал1978 он хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ үед ядуусын тоо тэр хэрээр өссөн юм.
Рональд Рейган
1981-1989 оны хооронд АНУ-ын төрийн тэргүүнээр ажилласан ерөнхийлөгч. 1980 онд Рейган Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, 50 мужийн 44-ийн саналыг авч чаджээ. Тэр өөрийн "рейганомик" хэмээх хатуу бодлогоор эдийн засгийн хямралтай тэмцэж, амжилтад хурдан хүрсэн юм.
Рейган татварыг бууруулж, бизнест том эрх чөлөө олгон, Үйлдвэрчний эвлэлүүдийн эсэргүүцлийг үл тоон нийгмийн зардлуудыг танасаар байв. АНУ-д эдийн засаг өсч, түүнийг дагаад шинжлэх ухаан, техникийн хувьсгалын шинэ эрин эхэлсэн юм.
Түүнийг ерөнхийлөгч болох үед АНУ-ын ядуурал 13 хувьд хүрсэн байв. Тэрээр эдийн засгаа хүчирхэгжүүлэх, ядуурлыг бууруулахад анхаарч байсан ч түүний туйлын зорилго бол чинээлэг ард түмнээс илүү хүчирхэг гүрэн улс байхад төвлөрч байсан. Тиймээс түүний улсаа удирдах цаг үед ядуулын тоо нэмэгдээгүй ч мөн буурсан үзүүлэлт гараагүй билээ.
Эцэг Жорж Буш
1989-1993 онд Нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жорж Буш. Түүний үед эдийн засаг мөн л тааруухан байлаа. Гэсэн ч өмнөх үеүдээ бодвол улсын эдийн засаг харьцангуй өссөн үе. Улсын төсөв жилд 2.8 их наяд ам.доллараар хэмжигдэж байсан юм. Эдийн засгийн хувьд ихэнх орнууд тааруухан, олон ч улс шилжилтийн нийгмийн үед байсан нь АНУ-д дам утгаараа нөлөөж байсан.
Эцэг Бушийн хувьд Жимми Картерийн нэгэн адил хүчирхэг улс орны төлөө анахаарлаа төвлрүүлдэг байсан бөгөөд ядуурлыг бууруулахад их ач холбогдол өгсөнгүй.
Гадаад харилцаа, эдийн засгийн өргөн далайцтай байдлыг өсгөхөд гол анхаарлаа төвлөрүүлжээ. Эцэг Бушийн үед капиталист, социалист үзэл суртлын хоёр лагерийн хоорондох хүйтэн дайн өндөрлөсөнтэй холбогдуулан АНУ-ын гадаад бодлогоидэвхтэй өөрчлөгдөж, улмаар Персийн булангийн дайныг өдөөж, байв.
Мэдээж хэрэг түүний анхаарал гадаад бодлогодоо хандаж байх зуурт АНУ-ын ядуусын тоо 15 хувьд хүрсэн юм.
Билл Клинтон
Билл Клинтоныг төрийн тэргүүн болох үед эдийн засгийн хямрал, ядуусын тоо ихэссэн цаг үе байлаа.
Тэрээр нэлээд эрчимтэйгээр ажиллаж ядуурлыг бууруулахад чиглэж ажиллсан бөгөөд 15 хувьд хүрсэн ядуурлыг ерөнхийлөгч байх хугацаандаа 11.3 хувьд хүргэн бууруулсан байна.
Гэсэн ч эдийн засгийн хүнд үетэй нүүр тулж улсынхаа төсвийг баталж чадалгүй Засгийн газрын үйл ажиллагаа зогсоход хүрсэн. 1995-1996 онд Америкийн Засгийн газрын үйл ажиллагаа зогсоход 1.5 тэрбум ам.долларын алдагдал хүлээж байжээ.
Бага Жорж Буш
АНУ-ын түүхэнд анх удаа аав, хүү хоёр төрийн тэргүүн болсон тохиолдол Бушийнхний гэр бүлд тохиосон. Нэгдсэн улсын 43 дахь ерөнхийлөгч Жорж Уокер Бушийн үед улсын эдийн засаг харьцангуй сайжрав.
Тэрээр 2000 онд 1.79 их наяд ам.доллар байсан улсын төсвийг 2.98 их наядад хүргэсэн. Энэ нь эдийн засгийн томоохон үсрэлт байсан ч гэж хэлж болно. Гэсэн ч нийгэм дэх баян, ядуу иргэдийн ялгаа өмнөх жилүүдээс хамаагүй ихсэх болсон юм. Ядуусын нийгэмд эзлэх хувь өмнөхийн адил өссөн үзүүлэлт гарч эхэлсэн.
Түүнчлэн Иракийн дайнд их хэмжээний хөрөнгө зарцуулсан. Дайнд зарцуулсны оронд халамжийн үйлчилгээг сайжруулсан бол ихээхэн өөрчлөлт гарах байсан гэдэг.
Барак Обама
Нэгдсэн улсын 44 дэх ерөнхийлөгч. Тус улсын түүхэн дэх анхны өнгөт арьст ерөнхийлөгч буюу одоогийн тус улсын төрийн тэргүүн Барак Хусейн Обама. Тэрээр өнгөрсөн онд улиран сонгогдсон билээ.
Обама улиран сонгогдсоноосоо хойш эрүүл мэндийн даатгалын системд өөрчлөлт орууах /ялангуяа бага орлоготой гэр бүлүүдэд/, ядуурлын эсрэг ажил өрнүүлэх зэргээс олон ажил хийж байгаа ч нэгэнт хүн амын 20 орчим хувийг эзлэх болсон ядууралтай тэмцэхэд хүндрэлтэй байна. Нийгмийн чиг хандлага, хөрөнгөтөн болонядуусын ялгаа үлэмж ихээр нэмэгдэж байгаа нь нийгмийг тэнцвэржүүлэхэд тун хэцүү байдалд хүргээд байгаа юм. Өнгөрсөн оны сүүлээр улсынхаа төсвийг ч баталж чадахгүй хэмжээнд хүрч 17 жилийн өмнөх Билл Клинтоны үед Засгийн газар зогсонги байдалд хүрсэн шиг хүндхэн нөхцөлд хүрсэн юм.
Сүүлийн долоон ерөнхийлөгчийн үед АНУ-ын эдийн засаг хөгжиж байгаагийн хэрээх иргэдийн дундах ядуурлын тоо хэмжээн байнга өсөж ирснийг харуулж бйна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ