Путины дараагийн нүүдэл юу вэ?

Путины АНУ тэргүүтэй өрнөдийн гүрнүүдтэй тоглож буй геополитикийн тоглолтын гол хөзөр нь байгалийн хий. ЗХУ-ын удирдагчид болох Брежнев, Хрушевын үед оросуудын АНУ-тай тулах гол зэвсэг нь мэдээж хүйтэн дайны үе байсан тул цөмийн зэвсэг байсан ба Европын улсуудыг өөрийн нөлөөллийн хүрээндээ байлгахын тулд асар их хэмжээний эд материал, бүтээгдэхүүнээр хангадаг байсан.
Оросын түүхэнд хэзээ ч байгаагүй, дэлхийн хагасыг нөлөөндөө оруулж зарим ард түмнийг таллан хувааж чадсан Зөвлөлт хэмээх хүчирхэг гүрэн задарснаас хойш Ельциний засаглалын үед дотоод хямралдаа баригдан гадаад ертөнц рүү идэвхтэй бодлого явуулалгүй, өрнөдийн улсуудаас эдийн засаг, хөгжил зэрэг олон зүйл дээр хоцорсон.
Харин Владимир Путины засаглал эхэлснээс хойш их гүрний задралыг далимдуулан улс орныг шимэгчилж байсан олон хүчин зүйлүүдийг нухчин дарж хатуу гараар барьж эхэлсэн. Хатуу гарт баригдсан Орос гүрэн богино хугацаанд сэргэлт авч өөрийн давуу хөзрүүдээ ашиглан өрнөдийнхөнтэй тоглох болсон ба Гүржид халдан довтолсон, Крымийг нэгтгэсэн зэрэг томоохон геополитикийн өрнөлүүд үр дагавар нь болон гарч байна.
Яг энэ цаг үед Украин хэмээх покерын ширээний нэг талд байгалийн хий хэмээх тамга хөзөр атгасан Путин болон нөгөө талд нь Цагаан ордон түүний дагалдагчид болох Европын холбоо, Олон улсын валютын сан тоглолтыг үргэлжлүүлж байна.
Европын холбооны тэргүүлэгч улсууд болох Герман, Франц, Англи улсууд Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг дэмжсэн бол Итали, Грек болон Оросын байгалийн хийнээс хараат орнууд болох Скандинавын хойгийн гурван улс дээр нь Чех, Болгар зэрэг славян ард түмнүүд нийлэн эсэргүүцэж чадахгүй ч тун дурамжхан хүлээж авч байна.
Бельгийн нийслэл Брюссельд ОХУ-ын эсрэг авах эдийн засгийн багц арга хэмжээтэй танилцсан дээрх орнууд үнэхээр хоёр хүчтэний аль алинд оноо алдахгүйг хичээж байгаа нь тодорхой. Ялангуяа зүүн европын хуучин пост коммунист орнууд өрнөдийн хөгжингүй гүрнүүдийн дэмжлэг, тусламж олон улсын санхүүгийн байгууллагуудын зээл өглөгийг алдахгүйг хичээж байгаа боловч нөгөө талаар Орос хэмээх гүрнээс яах аргагүй олон зүйлээр хараат болоод байгаагаа хүлээн зөвшөөрч байгаа.
Тиймээс Европын хориг арга хэмжээ Орост 2014 онд 23 тэрбум евро, 2015 онд 75 тэрбум еврогийн хохирол учруулна хэмээн тоцоолж байгаа ч Оросоос элдэв зүйлээр хараат болсон орнуудын нөлөөгөөр тийм ч үр дүнтэй арга хэмжээ болж чадахгүй хэмээн ажиглагчид дүгнэж байна. Мэдээж хэрэг Путины Орос улс бол Ельциний Орос биш болсон. Тэд саяхан өвлийн олимпийг нэр хүндтэй зохион байгуулсан дараагийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг нутагтаа хүлээн авна. Эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээ улам өссөөр байгаа. Оросуудын ард маш ашигтай наймааг дараалан хийсээр байгаа хятадууд барсын тулааныг уулан дээрээс ажиглан суусаар л байгаа. Орос сульдахад Хятад тэргүүтэй БРИКС-ийн гүрнүүд зүгээр хараад суухгүй нь мэдээж.
Ингээд үзвэл Оросын эсрэг хориг арга хэмжээг авсан улсууд харин ч өөртөө асар их хохирол хүлээхээр шинжтэй байна. Санхүүгийн зах зээлд ОХУ-ын орох боломж хязгаарлагдмал болох чзэвсэг, хоёрдмол зориулалттай бараа, технологи нийлүүлэхийг хориглосноос Европын холбооны орнууд илүүтэй хохирно. Ялангуяа эдийн засгийн хувьд эмзэг орнууд, тухайлбал Италид энэ явдал онцгой сэтгэл түгшээж байгаа юм.
Европын холбооны байнгын төлөөлөгчдийн хорооны дарга Экхард Кордесын хэлснээр Германы хувьд томоохон үйлдвэрүүдэд 350 мянга гаруй ажлын байранд аюул учруулахаар байгаа ч НАТО-гийн алс хэтийн бодлогод томоохон нөлөө үзүүлэгчийн хувьд Оросын эсрэг хориг арга хэмжээг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Бельгид болж буй хуралдаан ийнхүү олон улсын геополитикт томоохон нөлөө үзүүлж мэдэх асуудлыг хэлэлцэж байна. Эндээс ямар ч үр дагавартай шийдвэр гарснаас үл шалтгаалан хийх Путины дараагийн нүүдэл сонирхол татаж байна.
О.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ