Парк бэлэн үү?

Монголын Залуучуудын Холбооноос Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркийн газрыг хүүхэд, залууст эргүүлэн өгөх асуудлыг хөндөж “Паркаа аваръя” хөдөлгөөнийг өрнүүлээд олон жил өнгөрлөө. Гэвч ямар нэгэн бодит үр дүнд хүрээгүй, багахан зайдаа үйл ажиллагаагаа явуулсаар өдийг хүрч байна.

Хотын төвийн А зэрэглэлд байрласан учраас бэлтэйхэн хүн бүрийн нүдний хор гүйсэн энэ газар хамгийнашигтай, байрлал сайтай учраас газраас нь хумслагсад буцааж өгөхгүй нь тодорхой. Гэсэн ч оргүйгээс охинтой нь дээр гэдэг шиг бага ч гэсэн талбайдаа урин цагаар хүүхэд багачуудаа баярлуулж, зугаацуулахаар “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК олон арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна.

Байгуулагдсан цагаасаа буюу 2011 оноос хойш тус хамт олон "Гайхамшигт 7 хоног" арга хэмжээг зохион явуулж иржээ. Энэ нь хүүхдийн баярын үеийн ачааллыг багасгах зорилготойгоор 7 хоногийн турш өдөр бүр өөр өөр сонирхолтой үйл ажиллагаа явуулдаг юм байна. Энэ жилийн хувьд энэ сарын 29-нөөс ирэх сарын 4-ний өдөр хүртэл "Гайхамшигт 7 хоног"-ийг зохион байгуулах аж.

Хүүхдийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Үндэсний соёл амралтын хүрээлэн хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн үү гэдгийг сурвалжлахаар паркийг зорилоо. Парк нь хойд талаараа орох хаалгагүй байгаа нь иргэдэд хүндрэлтэй байгааг хэлж байлаа. Машингүй хүмүүс урд талын хаалгаар орох гэж хойноосоо тойрч очих шаардлагатай болдогийг тус байгууллагынхан ямар нэгэн байдлаар анхаарах хэрэгтэй юм байна хэмээн бодогдож явлаа.

Өчигдрийн байдлаар паркийн ачаалал бага үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байв. Парк руу орохын тулд 3-аас дээш насны бүх хүн 1000 төгрөг төлнө. Энэ жилийн хувьд тус хүрээлэнд 0-6 насны хүүхдүүдэд зориулсан дөрвөн шинэ тоглоом нэмэгдсэнээр нийт 18 аттракцион тоглоомтой болж байгаа юм байна. Аттракцион гэдэг нь гадаа байдаг тоглоомуудыг хэлж байгаа юм. Харин зөөлөн тоглоом болон автомат зэрэг бусад тоглоомууд нийлээд 70 гаруй төрлийн тоглоомтой гэнэ. Үйл ажиллагааных нь талаар “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн Маркетингийн хэлтсийн захирал Д.Золзаяагаас тодрууллаа.

-Парк хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн үү?

-Парк бэлэн байгаа. Өчигдрөөс эхлэн төлөвлөгөөт арга хэмжээ маань “Гайхамшигт 7 хоног”-оор эхэллээ. Бүх тоглоомууд бэлэн. Манайх амралтын өдрүүдээр 4000-5000 хүнд үйлчилдэг. Амралтын өдрөөр л ачаалал ихтэй, бусад өдөр нь гайгүй байдаг.

-Түрүү жил тоглоом гацсан асуудал гарсан. Энэ жил ийм асуудал гарахгүй гэдэгт хүмүүс итгэлтэй байж болох уу?

-Түрүү жил манай 1 тоглоом 2 минут гацсан. Гэхдээ хэвлэл мэдээллээр үүнийг хэт дэврүүлж 2 цаг гацлаа гэж худал мэдээлэл тараасан. Бид дахиж асуудал гаргахгүйн төлөө дор бүрнээ хичээн ажиллаж байгаа. Ямартай ч дахиж ийм байдал үүсэхгүй гэдэгт итгэлтэй байна. Учир нь манай инженер, техникийн ажилчид өглөө бүр тоглоомуудаа тестэлдэг. Бүх шалгалтаа хийж дуусаад 10 цагийн үед парк ажиллаж эхэлдэг юм.

-Парк дотор үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний цэгүүдийн тухайд эрүүл мэндийн хувьд аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажилладаг вэ?

-Манай байгууллага өөрсдөө өдөр бүр бүтээгдэхүүний дээжид шалгалт хийдэг. Тиймээс аюулгүй байдал хангагдсан гэж үзэж болно.

Ингээд паркад хүүхдээ тоглуулахаар ирсэн эцэг, эхчүүдийн санаа бодлыг сонслоо. Энд ирсэн хүн бүрийн нүүрэнд инээмсэглэл тодорч хүүхдүүдийн баяр дүүрэн бялхаж байгааг харахад стресс, бухимдалгүй орчин чухам үүнээс өөр газар байхгүй хэмээн бодогдож байсан юм. Ингээд БЗД-ийн иргэн Г.Даваажаргал бидэнтэй саналаа хуваалцлаа.

Тэрээр ярихдаа, “Тоглоомуудын үнэ нэмэгдсэн байна. Ер нь үнэд нь насны ангилал гаргаж өгөх хэрэгтэй. Манай хүүхэд одоо 3 настай. Гэтэл том хүний тасалбарын үнээр тоглох болж байгаа нь арай л буруу санагдаж байна. Уг нь тоглоом бүрт насны ангилалаар тасалбарын үнийг нь тогтоож өгвөл их зүгээр юм” гэлээ. Энэ талаар тасалбар түгээгчээс лавлахад зарим тоглоомуудад 130 см-ээс доош өндөртэй хүүхдүүдийг тоглохыг хориглосон заалт бий. Түүнээс биш насаар заагласан үнэ гэж байхгүй гэнэ. Тухайлбал, алсыг харагч дээр суухад бүх насны хүн 5000 төгрөг төлөх ёстой гэдгийг хэлж байв.

Паркийн тоглоомуудын үнийн хувьд 4000 төгрөгийн 2 тоглоом, 6000 төгрөгийн 2 тоглоом байлаа. Харин бусад бүх аттракцион тоглоом 5000 төгрөгийн үнэтэй байна.

Сонирхуулахад, Үндэсний соёл амралтын хүрээлэн нь анх 1966 оны долдугаар сарын 10-нд ашиглалтад оржээ. Түүнээс өмнө тэнд нарийн төмөр замтай, нүүрс буулгадаг газар байсан нүүрсний хог, шалбааг ихтэй газар байсан юмсанж. Тэр үед хөгшин залуугүй гар бие оролцож, улсаас нэг төгрөг ч заралгүй түмний хөрөнгөөр паркийг босгосон гэнэ. Тоглоом тоног төхөөрөмжийг нь Зөвлөлтийн Комсомолын байгууллага, Германы Чөлөөт залуучуудын эвлэлийн туслалцаатайгаар авчирч байсан аж. Тухайн үед паркийн эзэмшилд 35.6 га газрыг өгч, хашаа хатгаж байсан бол одоо есхөн га-д нь тоглоом барьж тохижуулсан байна. Харин долоон га газарт нь хувийн компаниуд барилга барьж, үлдсэн газар нь өнжмөл шар өвсөндөө дарагдсан ямар ч арчилгаагүй, юу ч үгүй хоосорч орхигдсон байдалтай байна. Ингэж байлгаж байхаар ирээдүй хойч үеийнхэндээ буян болж, хүүхэд, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг ганц паркдаа өгчихөөсэй билээ. "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-гийнхэн өнгөлж, зүлгээд өөд нь татаад явна даа. Улсын хэмжээний парк гэхэд бусдаас ичмээр жижигхэн, давчуухан юм. Гэсэн ч энэ л багахан газартаа инээд баяслаар дүүрэн багачууд жаргалтай байхыг харахад сэтгэл тэнүүн сайхан байлаа.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ