"Операция Багратион" буюу Багратион ажиллагаа

Курскийн тулалдааны дараа Германы арми хориглон хамгаалахаас өөр аргагүй болсон ба Гитлер 2 фронт дээр зэрэг байлдаж эхлэв. 1944 оны үед Зөвлөлтийн улаан арми Германы эсрэг анхны томоохон хэмжээний довтолгоог бэлтгэж эхэлсэн бөгөөд энэ ажиллагааг “Багратион” хэмээн нэрлэжээ. Багратион нь хүний нэр бөгөөд 1812 оны эх орны дайны үед Наполеоны эсрэг тулалдаж байсан Оросын гарамгай жанждын нэгийг Перт Иванович Багратион гэдэг байв. Тэрээр Бородиногийн тулалдаанд оролцож үхлийн шарх аван удалгүй нас барсан юм.
ЗХУ-ын Маршал К.К.Рокоссовский Белоруссийн хилийн орчим асар их танкийн хүчийг нууцаар төвлөрүүлж эхлэв. Германы тагнуулууд Зөвлөлтийн тал довтолгоо хийх болсоныг мэдсэн боловч чухам хаагуур довтлох тал дээр мэдээлэл авч чадахгүй, таамаг дэвшүүлэх төдий л байжээ. Германы тагнуулын онгоцуудын мэдээллээр бол Беларусс орчим байрлаж буй Улаан армийн дивизүүд өөр хэсэгт нүүж байгааг харсан учраас довтолгоо өөр газраар өрнөнө гэж үзэж байв.
1944 оны 6-р сарын 6-нд Сталин Черчилл рүү утсаар ярьж, Зөвлөлтийн тал довтолгоонд бэлдэж байгаагаа хэлсэн боловч чухам хаана хэрхэн цохилт өгөх талаар хэлсэнгүй. Нөхцөл байдлыг авч үзвэл, Орост байлдаж байсан Германы армийн 3 том бүлэглэл болох “Өмнөд”, “Төв”, “Хойд” бүлэглэлүүд үндсэндээ хориглолтод шилжжээ. Германы армийн “Хойд” бүлэглэл Ленинградаас ухарч байсан бол “Өмнөд” бүлэглэл Крымын хойг, Украйны нутгаас шахагдан гарсан байлаа. Ганцхан Германы армийн “Төв” бүлэглэл л Беларуссийн нутгийг хамгаалан үлджээ.
Германы армийн Беларусс дахь энэхүү хориглолтыг “Беларуссийн тагт” гэж нэрлэдэг байв. Германы армийн “Төв” бүлэглэл 1944 оны өвөл Улаан армийн зүгээс Орша болон Витебскийг чиглэсэн 2 довтолгоог няцаажээ.
Германы дээд удирдлага Улаан армийг Украйны зүг цохилт өгч улмаар Румын дахь Германы газрын тосны нөөцийг устгана гэж таамаглаж байв. Тиймээс хүн хүчний төвлөрөлийг Румын болон Украйны нутгаар төвлөрүүлж эхэлжээ. Үүнийг мэдсэн Улаан арми Беларуссийн чиглэлд цохилт өгөхөөр хатуу шийдэв.
Улаан арми Беларуссийн нутаг руу Бобруйск болон Витебскийн чиглэлээр давшиж, улмаар Минскийг чөлөөлөх төлөвлөгөөтэй байжээ. “Багратион ажиллагаа” амжилттай болох эсэхээс дараа дараагийн үйл явдлууд ихээхэн шалтгаалах байв. Энэ бол Зөвлөлтийн улаан армийн хувьд зохион байгуулж буй анхны томоохон довтолгоо байсан юм. Улаан армийн энэхүү ажиллагаанд Балтийн фронт, Беларуссийн 1, 2, 3-р фронт нийтдээ 4 фронтын 2,4 сая цэрэг, 5200 танк болон өөрөө явагч их буу, 5300 онгоц оролцохоор болов. 1944 оны 5-р сард Рокоссовский Генерал өөрийн төлөвлөгөө Сталинд танилцуулахдаа шийдмэг, өөртөө итгэлтэй байсан боловч Сталин эхэндээ дэмжихгүй байв.
Бүр 2 ч удаа Сталин түүнд “Та хажуугийн өрөөнд ороод надад тавьсан саналынхаа тухай дахиад бодоод ир” гэжээ. Рокоссовский өөрийн бодлоосоо ухраагүй тул Сталин түүний “Багратион” ажиллагааны төлөвлөгөөг зөвшөөрч гарын үсгээ зуран баталгаажуулжээ.
Германы армийн “Төв” бүлэглэл 1 сая орчим хүнээс бүрдсэн томоохон арми байв. Зөвлөлтийн арми шөнийн харанхуй, ой мод, намаг шаврыг ашиглаж Беларуссийн ойролцоо хүчээ төвлөрүүлж чаджээ. Өнгөлөн далдлалт хамгаас чухал байв. Улаан арми ч үүнийг сайн зохион байгуулж чадсан юм. Армийн анги нэгтгэлүүдийг зөвхөн шөнийн цагаар л шилжүүлж, өдрийн цагаар Германы онгоцнуудад харуулахгүйн тулд өнгөлөн далдлалт хийж нуусаар байв.
“Багратион” ажиллагаанд хамрагдаж буй цэргүүдэд хэвийн хэмжээнээс 5 дахин олон сум өгөхийг дээд командлалаас тушаасан ба энэ ажиллагаанд оролцож буй цэргүүдэд нийтдээ 400000 тонн сум, 300000тонн шатахуун, 500000 тонн хоол хүнс нийлүүлжээ.
Германы армийн “Төв” бүлэглэлийг толгойлж байсан Фельдмаршал Буш дайралт эхлэхээс 3 өдрийн өмнө амралтаа аван нутаг буцжээ.
Довтолгоон эхлэхийн өмнө саперын ангиуд шөнө хөдөлж Германы газар булсан минаудыг салгаж байв. 2 шөнө тасралгүй ажилласны дараа довтолгоог өрнүүлэх боломжтой болов. Оросын саперын анги нэгтгэлүүд 2 шөнийн дотор 34000 мина-г ажилгүй болгожээ.
1944 оны 6-р сарын 22-нд буюу Герман ЗХУ-д халдсанаас хойш яг 3 жилийн дараа “Багратион” ажиллагаа эхлэв. Балтийн 1-р фронт болон Беларуссийн 3-р фротын арми амжилттай давшин Германы хориглолтыг сэтэлж, Витебск хотыг бүслэв. Шөнө нь гэхэд агаараас Германы хамгаалалтуудад цохилт өгч танкийн довтолгооныг зохион байгуулав. Германы армийн “Төв” бүлэглэл 40-хөн онгоцтой байсан ба Улаан армийг сөрж зогсож чадахгүй байжээ.
Гитлер Витебск хотод байрлаж буй Герман цэргүүдийг эцсээ хүртэл тулалдахыг тушаав. Витебск бүрэн бүслэгдсэн ба Оросууд бүслэлтээ хумьж эхэлжээ. 5 өдөр ширүүн тулалдасны дараа Витебскт байлдаж байсан Германы цэргүүд буун өгч 17000 цэрэг олзлогдов.
Харин өмнөд чиглэлд Беларуссийн 1-р фронтын цэргүүд Бобруйск хотод нэвтэрчээ. Германы панзер танкийн нэгтгэлүүд Рогачев тосгоны дэргэд сөрөг давшилтад орсон боловч амжилт олсонгүй. Хойд талаас нь Жуковын цэргүүд, өмнөд талаас нь Рокоссовскийгийн цэргүүд цохилт өгсөнөөр Германы 9-р арми бүрэн бүслэгдэж удалгүй бууж өгөв.
Зөвлөлтийн Улаан арми Минскийг чиглэн давшиж байх энэ үед Гитлер Германы “Төв” бүлэглэлийг Фельдмаршал Вальтер Моделээр удирдуулахаар болов. Гэвч Минскийн нөхцөл байдал, Германы “Төв” бүлэглэл тун хүнд байдалд орчихоод байлаа.
1941 оны 6-р сард яг иймэрхүү нөхцөл байдлыг Германууд Оросуудад бий болгож байсан бол одоо байраа сольж Германууд ухарч, Зөвлөлтийн улаан арми давшиж байв.
Германы арми өөрсдийн ухарч буй анги нэгтгэлүүддээ цаг хожиж өгөхийн тулд агаараас цохилт өгөх гэсэн боловч Улаан арми агаарт ноёлж байв. Тэд ухарч буй Германы армийг тал талаас нь шахаж байлаа.
Минскийн дэргэд болсон танкийн тулалдааны үеэр Германууд 189 танкаас 12-хон л танктай үлджээ. Минск хотын тулалдаан Улаан армийн ялалтаар өндөрлөж, Германы 35000 цэрэг олзлогджээ.
Германы армийн “Төв” бүлэглэл хүн хүчний асар их хохирол амсав. 14 хоног тулалдасны дараа Германы “Төв” бүлэглэл 17 дивизээ устгуулжээ. 409000 Герман цэрэг амь үрэгдсэн байна. “Багратион” ажиллагаа 1944 оны 8-р сарын 19 хүртэл үргэлжилсэн бөгөөд Балтийн тэнгисээс Хар тэнгис хүртэл 1000 орчим км үргэлжилсэн фронтоор 550-600 км давшсан байна. “Багратион” ажиллагааны дараа Зөвлөлтийн Улаан арми Беларуссийн нутгийг бүрэн чөлөөлж, улмаар Польш, Дорнод Пруссийн нутагт цөмрөв.
“Багратион” ажиллагаа амжилттай болсоны дараа Сталин Генерал Рокоссовскийг нэрээр нь буюу Константин Константинович хэмээн хүндэтгэн дуудах болжээ. Улаан армийн энэ ялалт дэлхий нийтийг гайхшруулсан бөгөөд зарим хэвлэлүүд үүнийг суртал ухуулга, ташаа мэдээ мэтээр хүлээн авч байв. Иймээс Сталин өөрийн жүжгээ тоглож эхэлсэн бөгөөд Беларуссд олзлогдсон Герман цэргүүдийг Москвад авчран хотын гудамжаар алхуулжээ /марш гэж хэлэх нь ч хаашаа юм/. 1944 оны 7-р сарын 17-нд Германы олзлогдсон 57000 цэрэг, 1000 орчим офицер, 19 Генерал Москвагийн төвөөр алхсан юм. Сталины энэ үйлдэл түүний ялалтыг улам баталгаажуулав. Москвагийн иргэд энэ үйл явдлыг үзэхээр бужигналдаж, хараах нь харааж, доромжилж байлаа.
Улаан армийн генерал Иван Баграмяны удирдсан Балтийн 1-р фронт болон Генерал Черняковскийгийн удирдсан Беларуссийн 3-р фронт Балтийн орнуудыг чөлөөлөхөөр давшиж эхлэв. 7-р сарын 8нд Беларуссийн 3-р фронт Вильнюс хотод тулж иржээ. Үүнээс 5 өдрийн дараа Вильнюс хотыг чөлөөлөв. 7-р сарын 31-нд Зөвлөлтийн цэрэг Балтийн тэнгист хүрчээ. Ингэснээр Балтийн орчим байрлаж байсан Германы бусад анги нэгтгэлүүд бүрэн бүслэгдсэн юм. 1944 оны 9-р сарын 22-нд Улаан армийн Ленинградын фронт Эстоний нийслэл Таллин хотыг чөлөөлөв.
Дорнод Прусс буюу Кёнигсберг /одоогийн Калининград/ үлдэв. Беларуссийн 2-р фронт Варшавыг чөлөөлөн улмаар Данциг руу довтолсноор Кёнигсбергийг Германы бусад хэсгээс нь тасалж чаджээ. Одоо дайн Германы нутаг дэвсгэр дээр өрнөж эхэлсэн бөгөөд Германууд эх орныхоо төлөө тулалдаж байв. Тиймээс эсргүүцэл улам ширүүсэж байлаа.
1945 оны 2-р сарын 18-нд Улаан армийн Генерал, Беларуссийн 3-р фронтыг удирдаж байсан Черняковский хүнд шархдаж, улмаар шархаа даалгүй амь эрсджээ. Тэрээр 39 настай байсан юм. Беларуссийн 3-р фронтын удирдлагыг Маршал Александр Василевский хүлээн авчээ. 1945 оны 4-р сард Кёнигсбергийг Улаан армийн цэргүүд эзлэн авч чадсан байна. Германы 92000 орчим цэргүүд олзлогджээ.
“Багратион” ажиллагаа амжилттай болсноор фронтын өмнөд хэсэгт Зөвлөлтийн Улаан арми давших боломжтой болсон ба Украйны 1, 2, 3, 4-р фронт сөрөг давшилтад орж, Унгар, Румын, Чехословакийг чөлөөлж, Австрийн нутагт цөмрөв. Сталинград, Курскийн тулалдааны үед Зөвлөлтийн Улаан арми хамгаалж байгаад сөрөг давшилтад ордог байсан бол “Багратион” ажиллагааны үеэр Зөвлөлтийн Улаан арми анх удаагаа өргөн хэмжээний давших ажиллагаа зохион байгуулсан юм.
Soviet storm: Операция Багратион
СЭТГЭГДЭЛ БИЧИХ