“Өөртөө дурлахуйн” сайн талууд

Хэрэв чи өөртөө санаа тавьдаггүй бол бусдын төлөө сэтгэл гаргаж чадахгүй гэдгийг санагтүн. Хэрэв чи өөрийгөө асардаггүй бол бусдыг ч асарч чадахгүй. Үүнийг санаж яваарай. Гагцхүү өөрийгөө маш ихээр асардаг хүн л бусдыг асарч чаддаг. Хэдий энэ парадокс мэт санагдаж байгаа боловч үүнийг ойлгох хэрэгтэй.

Өөрийгөө асрахуйн утга нь юунд байдаг юм бэ? Эхний үндэс: Ямагт өөрөө өөртөө төвлөрсөн байх. Хоёр дахь үндэс: Ямагт өөрийнхөө жаргалыг хайх. Хэрэв чи өөрөө өөртөө төвлөрсөн байвал хийж байгаа үйл болгон дээрээ өөрөө өөртөө санаа тавих болно. Чи явж бусдын төлөө зүтгэж чадна, гэхдээ үүнийг чи өөрт чинь таатай байгаа учир л, үүнийг хийх дуртай учир л хийх болно.

Учир нь үүнийг хийснээр чи өөрийгөө жаргалтай, таатайгаар мэдрэх болно, үүнийг хийснээр чи өөрийгөө мэдрэх болно. Чи ямар ч үүрэг биелүүлээгүй, чи ямар ч хүн төрөлхтний төлөө зүтгээгүй. Чи өөрийгөө бусдын төлөө золиосолдог ариун хутагт хүн биш, чи юугаа ч золиосолдоггүй. Эдгээр ойлголтууд нь юу ч биш. Чи зүгээр л аз жаргалтай хэвээр үлддэг, өөрийнхөөрөө, тэгээд энэ чинь чамд сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Чи эмнэлэг дээр очоод өвчтөнүүдэд тусалдаг, ядуус дээр очиж тусалдаг, гэхдээ энэ ажилдаа чи дуртай байдаг.

Ингэж чи өсдөг. Гүн гүнзгий дотооддоо чи аз жаргал, анир чимээгүй байдлыг мэдэрч байдаг, тэгээд чи хийж байгаа бүхнээсээ болж аз жаргалтай байдаг. Өөртөө төвлөрсөн хүн ямагт өөрийн жаргалыг хайж байдаг. Тэгээд үүний сайхан нь юундаа байдаг вэ гэвэл, хэдий чинээ их чи өөртөө жаргалыг хайна, төдий чинээ их бусдад жаргалтай байхад нь тусална.

Чиний эргэн тойронд байгаа хүн бүр жаргалгүй байх юм бол чи жаргалтай байж чадахгүй. Учир нь нэг хүн гэдэг чинь арал биш. Тэр чинь нэгэн том эх газарын хэсэг. Хэрэв чи аз жаргалтай байхыг хүсч байгаа бол бусдад ч гэсэн аз жаргалтай болоход нь туслах хэрэгтэй болно. Тэр цагт, тэгсэн цагт л чи өөрөө аз жаргалтай байж чадна. Чи өөрийгөө аз жаргалын уур амьсгалаар хүрээлүүлэх болно. Хэрэв хүн бүр эргэн тойронд чинь аз жаргалгүй байвал яаж чи аз жаргалтай байж чадах юм бэ?

Энэ чинь чамд нөлөөлөх болно. Чи чинь чулуу биш, чи чинь их эмзэг нарийн, мэдрэмтгий амьтан. Хэрэв хэн нэгэн чиний дэргэд аз жаргалгүй байвал тэр нь чамд нөлөөлнө. Аз жаргалгүй байдал нь бусад бүх өвчний нэгэн адил халдвартай байдаг. Аз жаргал ч гэсэн бусад бүх өвчний нэгэн адил халдвартай байдаг.

Хэрэв чи 25 бусдад аз жаргалтай болоход нь тусалж байвал эцсийн дүндээ чи өөртөө л аз жаргалтай болоход тусалж байна гэсэн үг. Өөрийнхөө аз жаргалд гүн сонирхолтой хүн бусдын аз жаргалд ч гэсэн сонирхолтой байдаг. Тийм болохоор л тэр бусдад тусалж байдаг. Хэрэв энэ ертөнцөд байгаа хүн бүрийг өөрийгөө хайрладаг болгож сургах юм бол аз жаргалгүй байх ямар боломж байхгүй болно.

Хэрэв чи эрүүл байхыг хүсвэл өвчтэй хүмүүсийн дэргэд амьдарч чадахгүй. Яаж чи эрүүл байж чадах юм бэ? Энэ чинь боломжгүй хэрэг, энэ чинь байгалийн хуулийн эсрэг хэрэг. Чи бусдыг эрүүл байхад туслах хэрэгтэй. Тэд эрүүл байж чи эрүүл байх боломжтой болно.

МОНГОЛЫН ПСИХОТРОНИКИЙН ХҮРЭЭЛЭНГЭЭС ЭРХЛЭН ГАРГАСАН ОШОГИЙН “ХАЙР, ЭРХ ЧӨЛӨӨ, ГАНЦААРДАЛ” НОМЫН ХЭСГЭЭС


СЭТГЭГДЭЛ БИЧИХ