Хоёр толгойг хурдавчлах хэрэгтэй

C112d3 78 x800

Бидний хэрүүл эдийн засагт эергээр нөлөөлдөг цаг ир­жээ. Ингэж дүгнэх шалтгаан ч олон байна. Монголчууд хоо­рондоо хэрэлдэхэд эдийн засагт яагаад эерэг үр дүн гардаг юм бэ гэж гайхах хүн цөөнгүй байгаа нь то­дорхой. Гэвч бодит тоо, нөхцөл байдал үүнийг батлах боллоо. Ирэх жилүүдэд Монгол Улсын зээлжих зэрэглэл буурахгүй байх эсэх нь биднээс шалтгаалах цаг үе иржээ. Хэн нэг улстөрч мэ­дэгдэл хийхээр олон улсын зах зээлд гаргасан бонд хувьцааны үнэ унадаг байдал алга болж бай­на.

Энэ л хамгийн том дэвшил. Мон­голын улстөрчид тооцоо су­дал­гаагүй, хийрхсэн, цэцэрхсэн улс­төржсөн мэдэгдэл хийхээ больж тоо­цоотой судалгаатай асуудлыг эргэж тойрон ярилцаж, цаашлаад хэрэлддэг болсон гэж тэд дүгнэж байна.

Нэгхэн улстөрчийн гарын үсгээр том ордоо явуулчихдаг, нэг намын хурган дарга олон мянган лиценз тараачихдаг байдлаасаа бид алхам алхмаар салж байгааг хөрөнгө оруулагчид эерэг өөрч­лөлт гэж дүгнэлээ.

Алтны ил тод байдлын хуулиа өөрчилж баталснаар Монголбанкны алтны нөөц нэмэгдсэн.

Ниргэсэн хой­но нь хашгирахын үлгэр болж араас нь хэрүүл хийдэг, улс­төржсөн мэдэгдэл хийдэг, хө­рөнгө оруулагчдад тээг садаа бол­дог “муухай Монгол зан”-аасаа са­лахыг хичээж байгаа нь хамгийн чу­хал.

Энэ бүхэн нэг л өдөр бий бол­чихоогүй. Мэдээж хөрөнгө оруу­лагчидтай шүүх цагдаагийн ши­рээн дээр уулзаж байгаа то­хиолдол бишгүй олон байгаа ч гад­ны хөрөнгө оруулагчдыг татах өмнөх алдаа завхарлаа арилгаж байгаа нь бидний том давуу тал болж байгаа хэрэг.

Алтны ил тод байдлын хуулиа өөрчилж баталснаар Монголбанкны алтны нөөц нэмэгдсэн. Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмыг өөрчилж олон зуун лицензийг эргэн сэргээж эхэллээ. Эдийн засгийн ил тод байдал, Өршөөлийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэхээр яригдаж буй, цаашлаад Өрийн удирдлагын тухай хуульдаа өөрчлөлт оруулж хөрөнгө оруулалтыг татах бүх л нүх сүвийг ашиглах болсон нь гадныханд таалагдах болсон байна.

Тэр дундаа Оюутолгой, Таван Толгойн асуудлаар нааштай мэдээлэл гарч эхэлсэн нь хөрөнгө оруулагчдад том мессеж болж чадав. Тухайлбал, олон улсын зах зээлд Монгол Улсын гаргасан бонд, хувьцааны үнэ өнгөрсөн хоёр сарын хугацаанд тогтмол байж, бүр болоогүй сүүлийн сард дөрвөн хувиар өсчээ. Засгийн газрын таван жилийн хугацаатай бондын нэг бүрийн үнэ 84 орчим ам.доллараас 89.9 ам.доллар болсон байна. Харин 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын үнэлгээ 91 орчим ам.доллараас 94.8 болж өсчээ.

Тэгэхээр хөрөнгө оруулагчид Ч.Сайханбилэгийн Засгийн газарт итгэж байна гэсэн үг юм. Төв банкны төсөөлсөн инфляцийн хувь анх удаа Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сангийн тооцоололтой нэг шугам дээр уулзлаа. Төв банк 2015 онд инфляцийг долоо гэж тооцоолсон бол Олон улсын валютын сан найм, Азийн хөгжлийн банк 8.9 хэмээж нэгхэн хувийн зөрүү анх удаа гарсан нь хамгийн эерэг мэдээлэл. Өнгөрөгч долоо хоногт ам.долларын ханш 50 төгрөгөөр буурсан.

Цаашдаа ч бууралт ажиглагдах нь гэдгийг эдийн засагчид онцолжээ. Энэ нь Засгийн газар хоёр том ордоо хөдөлгөж чадах нь гэсэн итгэл тэдэнд төржээ гэдгийг харуулаад байгаа хэрэг бус уу. Хувийн хэвшлийн хоёр компани болох Оюу толгойн хувьцааны үнэ ч өнгөрсөн саруудад олон улсын зах зээл дээр унасангүй. Оюу толгойн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтын асуудлаар Засгийн газар, Рио Тинто хоёр ойлголцолд хүрч эхэлжээ гэдгийг батлах хамгийн том жишээ.

Таван Толгойн Монгол талын хөрөнгө оруулагчаар орох гэж байсан MMC корпорацийн хувьцаа ч өнгөрөгч хоёр сард эрчимтэй өсчээ. Тиймээс бид эхэлсэн хэрүүлээ үр дүнтэй дуусгах л чухал болоод байна. Таван Толгойгоо Оюу толгой шиг тавиад туучихгүй гэсэн 76 эрхмийн хэрүүлийг анх удаа л хөрөнгө оруулагчид тоож сонсч, тэдэнд итгэл үзүүлж байна. З.Энхболдын байгуулсан ажлын хэсгээс их зүйл хүлээж байгаагаа тэд хувьцаагаа худалдахыг хүсэхгүй, харин ч үр дүнтэй болгох үүднээс хадгалж, худалдаж авч байгаа сонирхлоороо харуулав.

Долоо хэмжиж нэг огтлох цаг тун удахгүй ирнэ гэсэн итгэлээ энэ үйлдлээрээ харуулж байна. Тиймээс сэргэж буй итгэлийг нь нэг мөсөн бат бэх болгох уу, эс бөгөөс эргээд унтраах уу гэдэгт Таван Толгойн асуудлаар гаргах парламентын, Засгийн газрын шийдвэр маш том оноо болох учиртай юм.

УИХ-аар асуудлыг хурдан хэлэлцэж, зөв шийдвэр гаргаж Таван Толгойг явуулах нь юу юунаас илүүтэй хамгийн чухал цаг үе болоод байна. Хэрвээ гэсэн өөр хувилбар одоо энэ ордод хэрэггүй.

Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өдөр бүр л унаж байгаа.

Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өдөр бүр л унаж байгаа. Зэсийн үнэ 6,500 болсон ч нүүрс цаашдаа сэргэнэ гэсэн найдвар алга гэдгийг Уул уурхайн сайд Р.Жигжид мэдэгдсэн.

Нүүрс тэгтлээ уначихаагүй байгаа үед л Таван Толгойн ордоо зөв замаар явуулах хэрэгтэй байгаа юм. Хөрөнгө оруулагчидтай үнээ яг таг тохирч чадвал ирээдүйд ирэх хүнд цохилтыг энэ орд давж чадах билээ. Таван Толгойгоос хувь хүртэхийг хүлээж олон жил “мөрөөдсөн” иргэдийнхээ мөрөөдлийг ажил хэрэг болгоё. Монгол төр зөв шийдвэр гаргадаг гэдгээ одоо л хөрөнгө оруулагчиддаа харуулах цаг нь ирлээ. Энэ хоёр ордыг зөв явуулж чадвал Ч.Сайханбилэгийн Засгийн газар, З.Энхболдын тэргүүлсэн парламент өмнөх Засгийн газруудаас илүү өндөр оноо авч чадах юм. Харин эхэлсэн хэрүүл үр дүнгүй, эхлүүлсэн ажлаа Засгийн газар дуусгаж чадахгүй бол бидэнд дахиад нэг удаа гэсэн боломж олдохгүй. Ханшаа суллаж, бодлогын хүүгээ нэмэх сонголтыг дахиад хийнэ.

Ажилгүйчүүдийн эгнээг хэдэн зуугаар тэлэх бус ажиллаж байгаа хүмүүсийнхээ халаасны мөнгөнөөс танах бодлого хэрэгжүүлэх л зам үлдэнэ. Доллар зарим улстөрчдийн зөгнөсөн шиг 2,500 төгрөгт хүрч, сэргэж буй барилгын салбар дахиад ч унаж мэдэх нөхцөл байдал биднийг угтана.

Дотоодын хэдэн үйлдвэрлэгчдээ татвараар “хэмлэж”, 2017 онд төлөх бондын зээлээ төлж чадахгүйд хүрэх юм. Тиймээс л хоёр ордоо яг одоо явуул, гэхдээ луйваргүй. Эс бөгөөс эдийн засгаа бүр газар доогуур нь оруулах сонголтыг бид хийх нь. Эдийн засагт хангинаж буй эерэг дохиог зөв ашиглаж үр дүн болгох л бидний өнөөдөр хийх чухал ажил болж байна, улстөрчид өө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ