Хүмүүс "ядуурах"-ыг хүсч байна

Төрийн халамж өмнө нь бараг бүгдийг л хамруулдаг байлаа. Жишээ нь тансаг, боломжийн, дундаж, зүдрүү, ядуу гээд бүх түвшний хүүхдүүдэд 21 мянган төгрөг тараалаа. Ийнхүү хавтгайрсан халамжид хэдийнэ дассан иргэдэд “зорилтот” гэх үгтэй танилцах гэнэтийн шаардлага гарав. Өөрөөр хэлбэл, өрхүүд өөрсдийгөө хэн гэдгээ мэдэж авах боломжийг давхар олгож байгаа “танилцуулга” орон даяар өрнөж эхлэх нь тэр.

Учир нь УИХ-аас хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлгийнхэнд л өгнө гэсэн 103 дугаар тогтоолыг баталсан. Энэ нь өрхийн амьжиргааны түвшний 20 бүлгийн 1-17 бүлгийн өрхийн 0-18 насны хүүхдэд олгоно гэсэн үг. Ингээд л цочрол авсан иргэд хороо, халамжаар үймэлдэн, өөрсдийн хамаарах бүлгээ мэдэх гэж ачаалал үүсгэх боллоо.

Амьжиргааны түвшинг тодорхойлохдоо маш нарийн бүртгэл, томёололын үзүүлэлтээр тогтоодог байна. Тухайн үед буюу 2013 онд "Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа"-г хийх үед иргэд бараг л бүх хөрөнгөө тоолуулж байсныг санаж буй биз. Тэр бүхнийг оноогоор дүгнэж тусгай томъёонд оруулж эцсийн дүнгээр нь бүлэгт хувааж ангилна. Үүнд үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөөс эхлээд индүү гэх мэт жижиг цахилгаан хэрэгсэл хүртэл бүгд оноогоор дүгнэгдэж орно.

Иймээс бүртгэлдээ үнэн зөв мэдээлэл өгсөн эсэх, тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө хандсанаас өнөөдөр багагүй маргаан үүсэх болсон талаар эх сурвалжууд ярьж байна. Жишээ нь, амьжиргааны түвшин нь 17-р бүлгээс дээш байвал тухайн бүлгээс доош орох хүсэлт гаргах явдал их гарч байгаа юм. Тодруулбал, амьжиргаагаа бууруулах гэж гэрийнхээ эд зүйлсийг хасуулж, ядуугийн тоонд орох гэж амь тэмцэн хүсэх болов. Энэ нь 20 мянган төгрөгөнд амьжиргаагаа даатгаж байгаагаас ялгаа юун.

Нэг талаар иргэд хүүхдийн мөнгийг хүртэх гэж “ядуу” бүлэг рүү зүтгэж байгаа нь нөгөө талаар бусад эрсдэлийг дагуулах болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Тухайлбал, ипотекийн зээлийн шалгуурт тухайн өрхийн амьжиргааны түвшингийн хэмжээг тусгасан байдаг. Шаардлага хангахгүй бол байрны үүд хаалттай гэсэн үг. Тиймээс одоо амьжиргаагаа доогуур үнэлүүлчихдэг юм аа гэхэд хожмын боломжоо алдах өндөр магадлалтай болохыг анхаар.

2013 оноос хойш хямрал гэгч “хадны мангаа”-д идүүлсэн айлууд цөөнгүй байгаа тул дахин судалгаа хийх нь зөв хэмээн иргэд саналаа хэлж байна. Гэтэл нэгэнт хууль батлагдчихсан, судалгаа хийх хугацаа үлдээгүй, түүнчлэн иргэд худал мэдээлэл өгөх сөрөг үр дагавар бий болох тул энэ бол боломжгүй юм. Түүнчлэн "амьжиргааны түвшин гэдэг тухайн өрх орлогоороо амьдрах чадварыг хэлдэг болохоос тэр хүний ямар хөрөнгөтэй эсэх хамаагүй" гэх хүмүүс ч байлаа. Иргэдийн зүгээс ирж байгаа гомдлын дийлэнхи нь 17-гоос дээш бүлэгт хамаарагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Гэхдээ тэдний хувьд хүсэлт гаргаж хүүхдийн мөнгө хүртэх боломж бий. Харин хороо, халамжийн ажилчид энэ талаар хараахан мэдээлэл аваагүй юу, эсвэл дээрээс ирсэн тушаал биелүүлж байна уу, өргөдөл хүсэлт хүлээж авахгүй байгаагаас нийгэмд нэлээд бухимдал үүсчээ. Танил талтай нь мэдээж “энд тэндэхийн хаалга”-аараа ямар ч халамжид багтаад орчихно. Танилгүй бол айлын шоовдор хүүхэд шиг ганц хаалгаа сахиад царайчлахаас өөр замгүй.

Төрийн аливаа үйл ажиллагааг иргэдэд чирэгдэлгүй хүргэх үүднээс ард түмнийг дэлгэрэнгүй мэдээллээр хангаж, маш тодорхой зохицуулалт хийж байх нь чухал болохыг бид олон зүйлээс харж байна. Эс бөгөөс төр, иргэдийн дунд үл ойлголтоос болж өдрөөс өдөрт том ангал үүссээр байх боллоо. Он гарахад 14 хоног үлдэж байна. Үүний 10 хүрэхгүй өдөр нь ажлын өдөр.

Ямартай ч амьжиргааны түвшингээ мэдэх гэж яваа хүмүүс одоо л өөрсдийн амьдралтайгаа танилцаж амь нь тэмцэж яваа нь илт байна. Монголчууд бид “сүх далайтал үхэр амар” гэгчээр олон сарын өмнөөс энэ хууль яригдаж байсан ч хэрэгжиж эхлэхээс сар хүрэхгүй хугацааны өмнөхөн ухаан орж үймэлдэж эхэллээ.

Дашрамд дуулгахад, 1-2 дугаар бүлэгт хамрагдаж байгаа өрх бол нэн ядуу бөгөөд хүнс тэжээлийн хөтөлбөрт хамрагдана. 3-6 дугаар бүлгийнх бол ядуу. 7-17 дугаар бүлгийнхэн дундаж давхаргынхан. Харин 18-20 дугаар бүлэгт хамаарагдах өрх бол товчхондоо баячууд.

Манай улсын хувьд нийгмийн халамжийг төр, засаг дангаараа нуруун дээрээ үүрдэг. Бусад орнуудын нийгмийн халамжийн тогтолцоог судлахад мөн л гол үүргийг төр засаг нь хүлээдэг ч хувийн хэвшлийнхэн болон иргэд, хувь хүсүүсийн оролцоо ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байна. АНУ-д эмзэг бүлгийн хүмүүст олгох тэтгэвэр, тэтгэмжийг төр, захиргааны байгууллага хариуцаж, тэднийг хооллох, байрлуулах зэрэг асрамж, халамжийн үйлчилгээг буяны болон төрийн бус байгууллагууд гүйцэтгэдэг. Мөн Японд асрамжийн үйлчилгээг төрийн бус байгууллагуудаар гэрээгээр гүйцэтгүүлдэг юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ