Н.Энхбаяр , Ж.Амарсанаа нарт хууль үйлчлэх үү


Намрын чуулганы дараа ээлжит бус чуулган зарласан ч товлосон өдрөө эхлээгүй нь зарим нэг улстөрчидийн хувьд бичин жилээ угтсан мордохын хазгай гэгч болов. Тэгвэл өнөөдөр эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганаас ч илүүтэй олны анхааралд өртөөд байгаа улстөрч гэвэл Шадар сайдын сэнтий өөд мацсан ч АТГ-аас ашиг сонирхолын зөрчилтэй тул томилох боломжгүй гэсэн хариу сонсоод байгаа экс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр байлаа. Мөн өөрийнх нь хэлсэнээр Монгол улсын 4 дэх хүн, Цэцийн даргын суудлаа “эксэль”-тэй хэмээн голсон Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа Цэцийн даргын суудалдаа тогтох уу эс тогтох уу гэдгээ дэнслүүлнэ.

Хуулийг нийгмийн хэв журмыг сахиулах, иргэдийн эрх тэгш байдлыг хангахын тулд хэрэгжүүлдэг. Харин албан тушаалтануудын хувьд хууль гууль болсоор удаж байгаа билээ. Харин дээрх хоёр эрхэмд хууль хэрхэн үйлчлэх хийгээд тэдний эрх ашгийг хамгаалж үлдэх үү, эс үлдэх үү гэдгээс өнөөдөр хууль хэрхэн хэрэгжиж байгааг харж болох нь. Хэрэв тэднийг аварч, өршөөж, толгойг нь илж, эрхлүүлж, хууль зөрчсөн нь зөв байна хэмээн дүгнэвэл бид хуульгүй улсад амьдарч байна гээд ойлгочиход болохгүй гэх газаргүй болно. Учир нь жирийн ардад хууль үйлчилдэг харин эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй, төрийг өөрийн эрх ашгийн төлөө үйлчлүүлдэг нэгэнд хууль үйлчлэхгүй байгаа нийгэм өөрөө өөрийгөө хөнөөж буй нийгэм юм.

Шадар сайд гэдэг албан тушаалд шунаж, тойрон хүрээлэгчидээ хүртэл золионд гаргаж байгаа хүнд төрийн сайдын эрх мэдлийг өгнө гэдэг хяналтаа алдсан хүнд буу бариулаад явуулж байгаагаас юуны өөр. Түүнээс гадна “Би жип машин унамаар байна” гэж улайм цайм нэхэж, жип хэмээх машин унахын төлөө эрх мэдлээ худалдахад бэлэн байгаа нэгнээр үнэн худлыг дэнслүүлнэ гэдэг "шийдчихсэн гар"-аар төр бариулж байгаагаас өөрцгүй.

Ард түмэн шударга үнэнийг төрөөс нэхдэг. Төрөөс гэдэг нь төр барьж буй улстөрчидөөс гэсэн үг л дээ. Харин тэд үнэнийг хэрхэн дэнслэх бол. Үнэнг дэнслэх, хуулийг хэрхэн сахиулахаас хэнд ямар дүн тавих сонголт хийхэд маш том алхам болно. Сонгуулийн чимээ ойртож буй энэ үед ард түмэнд таалагдах гэж бус хууль ёст төрт улсын эрх ашгийг дээдэлж чадах нь хэд бол гэдгийг харах үлдлээ.

Н.Очир



СЭТГЭГДЭЛ БИЧИХ