Шарилж ямар ашигтай вэ?

Ургамалын харшлаар өвчилж байгаа хүмүүсийн 80 гаруй хувь нь шарилжийн төрлийн ургамалын цэцгийн тоосноос үүсэлтэй харшилтай байна. Уг харшлаар хотынхон л өвчилдөг байсан бол одоо хөдөөгийн иргэд ч өвчлөх болжээ. Шарилжийг устгах гээд зулгаалаа гэхэд дахиад л ургана, дахин хөрс, тоосжилт бий болдог байна. Шарилж нь байгалийн ногоон нөхөөс учраас өөрийн үүргээ л гүйцэтгэж байгаа аж. Тиймээс шарилжийг зөв ашиглаж, түүнтэй найзлах ёстой гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Нэгдүгээрт, эмийн түүхий эд болгож болно.

Энэ ургамал дотроо олон янз бөгөөд адамсын, зоргодос, навчит, морин, томсагст, намгийн, шүлхий, хар шарилж зэрэг төрлүүд нь Монголын уламжлалт эмчилгээнд хэрэглэгддэг аж. Ямар шарилж нь юунд тустай вэ? гэдгийг одоо сонирхуулъя.

-Адамсын болон хар шарилж нь сахуу, боом, хижиг, шар усны өвчинд тустай бөгөөд халууныг арилгах, цус, шээс алдах зэрэг өвчнийг анагаадаг.

-Зоргодос навчит шарилж нь үе мөч хавдах, боомыг хөөхөд тустай. Мөн малын сайн тэжээл болдог байна.

-Морин шарилжны ач тус нь хавдрыг хариулах, уушгины болон хоолойн халуун, сахуу, боомыг хөөдөг.

-Томсагст, намгийн шарилж нь хоолойн халуун, уушги, халуун бэтэг өвчнийг илааршуулахад тусалдаг.

-Шүлхий шарилж нь нүдэнд шар тогтох, шар өвчин, хорхойн өвчин, бээрлэсэн шарх, ясны өвчин, дусал цувирах зэргийг анагаах увидастай ажээ.

Ер нь шарилж их хэмжээгээр ургаад ирэхээр хөрс нь сайжраад, дараагийн ургамал ургах нөхцөл бүрддэг гэнэ.

Хоёрдугаарт, шарилжийг ногоон байгуламж болгон ашиглаж болох юм байна. Их хэмжээгээр зүлэгжүүлэлт хийлгүйгээр шарилжаар ногоон байгууламж бий болгоод 7-10 см-ийн өндөртэй хадаад байвал тоос гарахгүй, үрлэхгүй бөгөөд нэг настай шарилжуудыг тайрвал жилийн дараа алга болдог байна. Хоёр настнууд ч аяндаа багасч, олон наст, үет ургамал гарч ирснээр байгаль сэргэх нөхцөл бүрддэг ажээ.

Өвлийн улиралд аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр доторх цас мөсийг цэвэрлэдэгтэй адил дулааны улиралд мөн 50 метр доторх шарилж, хөл газрын бусад ургамалуудыг хариуцан цэвэрлэх ажлыг тогтмол хийдэг болгох нь зүйтэй. Нийслэлийн төвийн гудамж талбайн шарилжийг устгах ажлыг өнгөрсөн хугацаанд сайн хийж гүйцэтгэснээр үнэр, тоосжилт эрс багасаад байгаа. Харин хотын захын хорооллуудад буюу ялангуяа ил задгай хог дагасан, гэр хорооллын хашаагаар шарилж их хэмжээгээр ургасаар байна. Иймд цэцэглэж, үрлэхээс нь өмнө хадвал элдэв харшил үүсгэгчгүй ногоон байгууламжтай болох боломжтой юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ