Өрсөлдөөний буруу хэлбэр

Өнгөрсөн жил Станфордын анагаах ухааны их сургуулийн докторант оюутан, Сингапур улсын иргэн эмэгтэй лабораторийнхоо хамтран ажиллагсаддаа хорсож элдвээр хорлохыг оролдсон хэрэг гарсан юм. Ялангуяа тэдний нэг нь ажилтан сингапур эмэгтэйг өөрт нь ихэд хорсож буйг нь гадарлах болсон тул ихэд болгоомжтой байх болжээ.

Докторант эмэгтэй өрсөлдөгчийнхөө цайнд хор хийж уулгахаар дөрвөн удаа завдсан ба хамтран ажиллагч нь сэжиглээд тэр цайг уугаагүй, харин шинжилгээнд өгснөөр уг хэрэг илэрчээ. Ийнхүү сингапур бүсгүй баригдаж шоронд ороод 50 мянган долларын батлан даалтаар гараад шүүх хуралаа хүлээж байгаа юм байна. Ялыг нь АНУ-д эдлүүлэх эсвэл Сингапурт шилжүүлэх эсэх нь хараахан шийдэгдээгүй байгаа аж.

Алдар нэртэй сургуулийн академик түвшинд буй хүмүүсийн өрсөлдөөн туйлдаа хүрч зарим нь ийнхүү сэтгэцийн гажигтай болдог ажээ. Aнх 20-иод жилийн тэртээ Америкт ирээд нэлээд алдартай сургуульд пост док судлаач хийж байхдаа аспирантууд болоод пост докууд, судлаач эрдэмтэд хэчнээн өрсөлдөөнтэй, бие биенээ үздэггүй тийм сонин зантай болохыг өөрийн биеэр мэдэрч, ихэд цочирдож явсан билээ. Хүмүүс хэдий өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй ч атаа жөтөө ч адгууслаг зангаа хаана ч гэсэн тавьдаггүй ажээ. Хамтрагчаа хорлох гэдэг бол өрсөлдөөний гаж буруу хэлбэр юм. Аливаад анхаарал болгоомжтой байхын нэгэн жишээ энэ буюу.

Ш.Баатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ