Маргааш хурдан болж, эмч хурдан ирээсэй
-Дархлааны эм, тариаг хувь хүнээс авахыг сувилагч зөвлөжээ-
Тоглоомоо оосорлон барьсан монгол гуталтай бяцхан хүүгийн хөшөөнд хүүхдээ амьдруулахыг хүссэн ээж аргаа ядан сүү өргөж зогсоно. “Энэ хөшөөг аргадаж, сүү сайн өргөвөл буянаа өгч, хүүхдийг минь аврах байх. Үр минь зохиомол амьсгалын аппарат зүүгээд Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт хоёр хонолоо. Маргааш (нэг дэх өдөр) хурдхан болоосой гэж бодоод... Ажил цугларвал эмч нар хүү минь эмчлэгдэх найдвар хэр байгааг, ямар эмчилгээ хийх талаараа ярих байх” хэмээн хоолой зангируулан, цаг минут бүр бяцхан үрээ амьд авч үлдэхийг хүссэн Ц.Цогзолмаа ярилаа. Тэрбээр тав хоногийн өмнө Халдварт өвчин судлалын үндэсний төвийн /ХӨСҮТ/ түргэн тусламжийн машинаар Дорнод аймгийн Дашбалбар сумаас ой 10 хоногтой үртэйгээ хотод иржээ. Бяцхан хүү нь элэг нь шарлаж, давхар улаанбурхны халдвар авч өвчин нь хүндэрсэн гэх оноштойгоор ХӨСҮТ-д ийнхүү хүргэгдэн ирсэн байна. Эхний гурван өдөр элэгний тасагт хэвтэж байгаад бие нь муудаж, Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт шилжин иржээ. Гурван цаг тутамд Ц.Цогзолмаа хөхөө сааж, хүүдээ саасан хөхний сүүгээ тариураар шахаж өгдөг гэлээ.
30,40 сувилагч ээлжид гарч жижүүрлэн хоносон ч өвдсөн хүүхэд нь олон болохоор эмч, сувилагч нь хүрэхгүй болсныг Ц.Цогзолмаа ярилаа. Тэрбээр Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт хүүхэд нь хэвтсэн бусад ээж, аавын адил эмнэлгийн нэг давхрын сахиурын умгархан өрөөнд хоноглож буй аж. “Нялх үрс минь л хурдан эдгэж байвал бидний машиндаа хооллож, сахиурын өрөөнд газраар зулж хэвтэх хамаа алга” хэмээн камераас нуугдаж ярих эцэг, эх олон байлаа. Салбар яамнаас нь он гарсаар улаанбурхны халдварыг даалгүй 59 хүүхэд эндсэнийг мэдээлсний дараа өнгөрсөн бямба гаригт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ХӨСҮТ-д ажиллаж, эмчилгээнд шаардлагатай буй ч, тасарсан дархлааны эмийг хэвийн олгохоор шийдвэрлэж өгчээ.
Мөн эцэг, эхийн сахиурын өрөөг нэгээр нэмж өгсөн байна. Хөхнөөсөө гараагүй нялх үрсээс гадна насанд хүрсэн хүн ч улаанбурхны халдвараар өвдөж, Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй юм. Жишээлбэл, Төв аймгийн Баянхангай сумаас Б.Мөнххадын гэр бүлийн хүн 40 шүргэж яваа эр улаанбурхны оноштой дөрөв хоногийн өмнө эмнэлэгт хүргэгдэн иржээ. Ерөнхий сайд ирэх сургаар эмнэлгийнхэн нааш, цаашаа сандралдан гүйлдэж байх хойгуур нөхрийнх нь бие улам муудаж, амьсгалын аппарат залгасан байна. “Амьсгаа нь давхцаад үе үе сандаргаад л, амьсгал заах температур нь 150-т хүрвэл хэвийн болох атал манай хүнийх 91,92-ийн тоон дээр л хэлбэлзэж буй” гэж Б.Мөнххад учирлан хэлэв. Мөн өнгөрсөн баасан гаригт дархлаа сайжруулах эм, тариа нь тасарч иргэд өөрсдөө гаднаас худалдан авч эхэлжээ. Б.Мөнххад баасан гаригаас хойш нийт хоёр төрлийн нэг удаа ууж тарих эм, тарианд 150 мянган төгрөг зарцуулжээ. Ингэхдээ нөхөрт нь эмчилгээ хийж буй сувилагч Б.Мөнххадад эмийн сан биш, хувь хүний утасны дугаар өгч, эмнэлэгт тасарсан эм тариаг авахыг зөвлөжээ. Сувилагчийн энэ зөвлөгөөний дагуу Б.Мөнххад ч хувь хүнээс хоёр ч удаа нөхрийнхөө эмчилгээнд шаардлагатай эм тариаг бэлэн мөнгөө төлөн авсан байна.
Гэр бүлийн хүнээ хурдан эдгээж, эрүүл болгохын тулд сувилагчийн холбож өгсөн хүнээс л шууд шаардлагатай эм, тариаг нь хуурамч эсэхийг ньшалгалгүй авсан гэдгээ эхнэр нь ийнхүү ярилаа. Энэ асуудлын цаана эмийн сан бус хувь хүнээс сувилагч нар эмнэлэгт тасарсан эм, тариа авахыг яагаад зөвлөв. Хэрэв тухайн хүний худалдаалж буй эм, тариа нь хугацаа нь дууссан эсвэл хуурамч байвал хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал хөндөгдөнө. Эргээд эрүүл мэндийн салбарт хяналт ямархуу түвшинд явааг ч дээрх үйлдлээс харж болох юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Монгол Улсад улаанбурхны шинэ төрлийн халдварт вирус дэгдэх болсон нь хэн нэгний зориуд хийсэн үйлдэл ч байж болох гэнэ. Мөн салбар нь улс төрд нэвчиж, удирдах сайдгүй өдийг хүрсэн нь энэ халдварт өвчин намжих бус дэгдэхэд хүрчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ