Монголын нийгмийн ёс суртахууны доройтлоос гарах арга зам

СЭЗДС-ийн зөвлөх профессор, доктор (Ph.D), профессор Б. Оюунчимэг.
Монголын нийгмийн ёс суртахууны доройтол, түүнээс гарах арга зам. “Хэрэглээний стандарт сэтгүүлийн 2016 оны 02 дугаар сарын эхний дугаарт хэвлэгдсэн.
Нийгмийн ёс суртахууныг доройтлоос нь гаргах, иргэдийн ёс суртахууныг дээшлүүлэх зарим арга замын талаар өгүүлье. Үүнд:
Хүн өөрийгөө судлах, танин мэдэх, өөрчлөх
Хүн төрөлхтөн өөрийгөө янз бүрээр судалсаар, танин мэдэхийг хичээсээр ирсэн ч“хүн гээч чухам хэн болохыг манай үеийнхэн шиг ийм бага мэдэж байсан нь аль ч эрин үед байсангүй” гэж Мартин Хайдеггер хэлсэнчлэн ялангуяа монгол хүн өөрийгөө судлах, танин мэдэх ажлыг тун хангалтгүй хийж байна. Уг нь хүн өөрийгөө судалж танин мэдэх явдал хүн болсны хэрэг юм. “Танин мэдэхүйн дээд оргил нь хүн өөрийгөө танин мэдэх явдал. Хүн өөрийгөө танин мэдэх нь хорвоо ертөнцийг бүхэлд нь танин мэдэхээс ч илүү ач холбогдолтой” гэж гүн ухаантан мэргэд сургасан байдаг.
Хүнд тун чухалд тооцогдох, хамгийн түрүүндхийх ёстойзүйл бол өөрийгөө танин мэдэх явдал. Хүн өөрийгөө танин мэдсэнээр зан аашаа ухамсартайгаар зохицуулна, зан төлөвийн эерэг шинжүүд бий болгоно, бусадтай зөв харилцдаг болно, өөрийн алдааг ухаарч ойлгоно, муу чанар, зуршил, дутагдлаа засна, өөрийгөө хэмжих хэмжүүрийг оновчтой тогтооно, зохистой харилцана, зөв хандлага төлөвшүүлнэ, тухайлбал, өөртөө зөв, бусдад хүнлэг, ажил хөдөлмөртөө үнэнч, нийгэмд өөриймсөг, байгальд ээлтэй ханддаг болно, өөрийгөө сайжруулан өөрчилнө.
Ёс суртахууны боловсрол эзэмших, өөрийгөө хүмүүжүүлэх
Хүн бүх талаар боловсрох ёстой ч өнөөдөр ёс суртахууны боловсролхамгийн хэрэгтэй, нэн даруй эзэмших ёстой зүйл болоод байна. Иргэдэд ёс суртахууны суурь болон хэрэглээний ёс суртахууны боловсрол тухайлбал, харилцааны ёс суртахууны болон гэр бүлийн ёс суртахууны боловсрол, мэргэжилтнүүдэд мэргэжлийн ёс суртахууны боловсрол дутагдаж байна.
Ёс суртахуунгүй боловсрол ишгүй хутгатай адил гэсэн үг байдаг. Ёс суртахууны боловсролтой хүн ёс суртахуунтай байна, ёс суртахуунтай хүн эзэмшсэн мэдлэгээ зөвхөн өөрийн ашиг сонирхлын төлөө биш, харин нийт олны тусын тулд ашиглаж чадна.
Ёс суртахууны боловсрол эзэмшсэнээр биеэ зөв авч явахад суралцана, зан аашаа засаж залруулах, зан төлөвийн эерэг шинж чанар төлөвшүүлэхийн чухлыг ойлгоно, үүний төлөө явах болно, туйлшралгүй байх, зөв үнэлэх, хүмүүнлэг ёсоор хандах, нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлах, ханган биелүүлэх чадвар эзэмшинэ, байгалиа хайрлан хамгаалдаг болно, сэтгэлийн хөдөлгөөнөө удирдаж сурна,сайн зорилго руу үйлдлээ чиглүүлэх дадалтай, алдаа гаргавал ичиж гэмшдэг, буруугаа хүлээж чаддаг, олон нүүр гаргахыг гутамшиг гэж үздэг ёс суртахуунлаг хүн болж төлөвшинө.
Хүн өөрийгөө хүмүүжүүлэх нь хүмүүжлийн хамгийн үр өгөөжтэй арга. Хүмүүжил нь оюуны мэдлэг, зөв сэтгэл, дадал гурвын шүтэн барилдаант, гэхдээ оюунаас сэтгэл нь давамгайлсан тогтолцоо. Энэ гурвын нэг нь үгүй бол хүмүүжилтэй хүнд тооцогдохгүй. Ёс суртахууны боловсролыг эрхэмлэх, амьдралдаа бүтээлчээр ашиглах нь хүмүүжилтэй эсэхээс шалтгаална. Боловсролыг хүмүүжилтэй эс хослуулбал хүн мэргэжлийн сэтгэлгээ, ухаанаар явцуурах, нийгмийн хийгээд хувийн амьдралын бусад талыг үл тоож орхигдуулна.
Сэтгэлийн хүмүүжил, сэтгэлийн боловсрол хэдий чинээ өндөр байна төдий чинээ ёс суртахуунлаг байна. Сэтгэлийн боловсролын гол хэмжүүр нь ёс суртахуун тул сэтгэлийн боловсролыг ёс суртахууны боловсрол гэж үзэж болох юм.
Иргэн, гэр бүлийн ёс суртахууны боловсрол, хүмүүжлийг нь дээшлүүлэх
Иргэд, гэр бүлүүдэд ёс суртахууны боловсрол, ёс суртахууны хүмүүжлийн талаар зөв ойлголт өгөх, ёс суртахууны боловсрол, хүмүүжлийн тэнцвэрт тогтолцоог бүрдүүлэх, ёс суртахууны боловсрол, ёс суртахууны хүмүүжлийн ач холбогдлыг нийгэмд ухааруулах, нийгмийн үүргийг нь дээшлүүлэх явдал нийгмийн хэрэгцээ, шаардлага болоод байна.
Ёс суртахууны боловсрол ньёс суртахууны хүмүүжлийн тогтолцооны бүрдэл болох ёс суртахууны тухай мэдлэгийг бий болгодог тул ёс суртахууны хүмүүжлийнхээ агуулга, зүг чиг нь болно.
Амьдралын хэм хэмжээг ойлгуулах, хамтач, хөдөлмөрт дуртай, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан биелүүлдэг, эх орон, ард иргэдээ гэсэн сэтгэлтэй, сахилга баттай болгон төлөвшүүлэхийг ёс суртахууны хүмүүжил олгох гэнэ. Ёс суртахууны хүмүүжил хүн төрөлхтний үнэт зүйл, хүнд байх ёстой суурь чанаруудыг төлөвшүүлдэг тул бүх хүмүүжлийн ноён нуруу нь юм.
Гэр бүл хэмээх нийгмийн бичил орчинд хүний хамгийн эрхэм нандин чанарууд, тэдгээрийн дотор ёс суртахуун төлөвшдөг. Гэр бүл нь хүний ёс суртахуун, бие бялдар, сэтгэл, оюуны хөгжлийн хамгийн идэвхтэй орчин баймааж үүргээ биелүүлж чадна. Үндэстний доройтол нь ёс суртахуун доройтож, зан ааш эвдэрсэн гэр бүлээс үүдэлтэй.
Гэр бүлд үзүүлэх нийгмийн сөрөг нөлөө эрс нэмэгдэж, гэр бүлийн халуун дотно харилцаа алдагдаж, гэр бүлд архидалт, дарамт шахалт, хүчирхийлэл, гэмт хэрэг зэрэг гаж үзэгдэл гаарч, гэр бүлүүд олноороо салж, үр хүүхэд өнчирч, хэвийн хөгжиж төлөвших боломжгүй болсоор. Өнөөгийн эцэг, эхчүүдийн ёс суртахууны боловсрол, хүмүүжил тун доогуур байна. 4 настай хүүэхийгээ цохиод авахад эх нь “Миний хүү чанга гартай мундаг шүү” гэж,хэнийг ч цохиж болохгүйг ойлгуулахын оронд буруу үйлийг нь өөгшүүлж, цохиж зоддог болгон хүмүүжүүлж байна. Муу дүн авсан охиндоо өөрийгөө дайчлан идэвхтэй суралцах талаар зөвлөхийн оронд дүнг нь засуулах арга сүвэгчилж, багшид нь бэлэг өгч байна.
Өөр хоорондоо, бусадтай, ялангуяа хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, ёс суртахууныхувьд ямар үлгэр үзүүлэхээ мэдэхгүй, мэдэхийг хүсдэггүй эцэг, эх цөөнгүй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ найзтай мэндлэхгүй, хүндлэхгүй мөртлөө өөрсдийн найз нөхөдтэй мэндэлж, хүндэлж байхыг хүүхдээсээ шаардаж, шаардлагыг нь биелүүлэхгүй бол зэмлэж, загнаж байна. Хүүхдээ хайрлаж, халамжилж байна хэмээн бодож, хүссэн болгоныг нь авч өгч, хэтэрхий хангалуун, дур зоргоор нь байлгах нь түгээмэл үзэгдэл болж. Монголчуудын сайн мэддэг байсанхүүхдийг гашуунаар бүү тэтгэ, амттанаар бүү цатга, өнгө мөнгөнд бүү шунуул, тансагт бүү умбуул гэдэг ёс суртахууны зарчмыг өнөөгийн эцэг эхчүүд мэдэхээ байжээ.
Ёс суртахууны уламжлалт хэм хэмжээг хэвшүүлэх
Монголчууд ахуйн нөхцөлд, гэр бүлдээ өдөр тутмын амьдралын явцад хүнийг сургаж, хүмүүжүүлдэг байсан уламжлалтай. Монгол үндэстний үнэт зүйл болох ёс суртахууны уламжлалт зарчим, хэм хэмжээг өнөөгийнхөн мэдэхээ больж байна.
Монголчууд ёс суртахууны ач холбогдол, хүний зан суртахууны тухай өгүүлсэн зүйр цэцэн үг, үлгэр, домог, гэр бүлийн болон сэтгэгчдийн сургаалыг хүүхэд, залуучуудыг хүмүүжүүлэхэд өргөнөөр хэрэглэж ирсэн. Үүнийг өнөөгийнхөн бараг мартжээ. Ёс суртахууны уламжлалт хэм хэмжээг цаг алдалгүй судлах, амьдрал, үйл ажиллагаа, харилцаандаа бүтээлчээр ашиглах явдал өнөөгийн нийгмийнхэрэгцээ, шаардлага болсоор.
“Олон зууны тэртээх хүмүүсийн хэлж ярьж байсан зүйл орчин үед таарч тохирох уу?” гэж асуух хүн байж болно. Энэ тийм биш гэдгийг цаг цагийн мэргэд хэлж, баталсаар иржээ. Ромын уран илтгэгч Квинтиллиан “Сургаал эртнийх тусмаа ашиг тустай. Сургаал худал бол урт удаан хугацааны туршид ярилцсаар ирэхгүй байх байсан” гэж хэлж байж. Өнөөгийн гүн ухаантнууд ч энэ талаар санаа бодлоо илэрхийлдэг. Америкийн философич Фред Дэйллмайр дорно дахины нийгэм, соёлын өв уламжлал, ард түмний өөрийгөө удирдах ёс суртахууны сургаал тухайлбал, Энэтхэгийн Махатма Гандийн сургаал, Хятадын Күн-зийн номлолын ач холбогдлыг дурдсан нь бий.Өнгөрсөн цагийн юм бүрийг хоцорсон, бүдүүлэг, хэрэггүй, энэ цагийн болгон зөв, сайн гэж үзэх нь өрөөсгөл. Өмнөх үеийнхний номлосон хүн чанар, шударга ёс, хүнлэг сэтгэлийн тухай сургаалыг орчин цагийн хэн ч номлож чадахгүй л болов уу. Үүний шалтгаан нь хүний мөс чанар улам бүр муудсаар байгаад оршино.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ