Даваа гаригаас УИХ-д нэр дэвших ажиллагаа эхэлнэ

Сонгуулийн хуулийг энэ сарын 5-нд шинэчлэн батлаад хэрэгжүүлж эхлээд буй.Мөн сонгууль хаяанд ирсэнтэй холбогдуулан сонгуулийн талаар СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаатай ярилцлаа.

-Танд уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэе.

-Баярлалаа. Та бүхэнд мөн энэ сайхан өдрийн мэндийг хүргэе.

-Хоёулаа шууд асуулт, хариултдаа оръё гэж бодож байна. Сонгуулийн хуулиар орон нутаг, нийслэлийн телевиз, радио сурталчилгаанд оролцож болно гэсэн байдаг. Гэтэл саяхнаас зөвхөн 16 телевизэд ийм эрх олгосон тухай журам гарсан гэж дууллаа. Тэгэхээр орон нутагт нэр дэвшигчид нийслэлд ирж сурталчилгаагаа хийх хэрэгтэй болж байна уу? Сонгогч сонголтоо хийх мэдээлэлгүй болох гээд байх юм.

-Сонгуулийн тухай хуулиар бол орон нутгийн, нийслэлийн аль чтелевиз, радио тухайн нутаг дэвсгэрийнхээ сонгуулийн хороондоо мэдэгдлээ өгөөд сурталчилгаа хийх эрхээ авч болно. Журмын тухайд Харилцаа холбооны газартай хамтарсан журам баталсан байгаа. Журмын хавсралтад байгаа радио, телевизийн жагсаалтыг бид биш Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан юм. Манайх үүнд хамааралгүй, зөвшөөрөл олгодог газар нь ч биш.

-“Медиа Порт” телевизүүдийн консорциумаас дээрх журамд өөрчлөлт оруулах тухай албан бичгийг холбогдох албаныханд хүргүүлсэн гэсэн. Танайд энэ бичиг ирсэн үү?

-Манайд ийм албан бичиг ирсэн. Гэхдээ үүнийг эрх бүхий байгууллага нь буюу Харилцаа холбооны зохицуулах хороо л мэдэж шийдэх асуудал.

-Дээрх 16 телевизийг улс төрчдийнх учраас тэдэнд илүү давуу эрх олгогдож байна гэж хардах хүмүүс байгаа юм. Сурталчилгааны тэнцвэрт байдал буюу телевизийн сурталчилгааны цаш хугацааны тухайд тайлбар өгөхгүй юу?

-Телевизийн нэг өдрийн нэвтрүүлгийн 60 минут нь сонгуулийн сурталчилгааны цаг байгаа. Үүний ¼ буюу 15 минутанд нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгаа ногдоно. Ингэхээр өдөрт 4 өөр өөр нэр дэвшигчдийн сурталчилгаа мэдээлэл орох юм. Тиймээс хэн нэгэнд давамгайлж оролцох боломж олдохгүй, тэгш хуваарилалттай байна гэсэн үг.

-Энэ жилийн хувьд сонгогчдын ирцэд нөлөөлөх буюу иргэдийн сонгуулийн идэвхийг нэмэгдүүлэх тал дээр ямар арга хэмжээ авах вэ? Тухайлбал, өнгөрсөн жил нэгж тараасан шүү дээ.

-Одоохондоо ингэнэ тэгнэ гэж тогтсон юм байхгүй. Ер нь сонголт хийх нь иргэний эрх ч гэлээ нийгмийн талаасаа иргэний үүрэг гэдгийг ойлгох нь чухал. Сонгуульд оролцохгүй байлаа гээд ирц бүрдээгүй шалтгаанаар дахин сонгууль явууллаа гэж бодоход үргүй зардал л гарна гэсэн үг. Түүний оронд дахин сонгуульд зарцуулах мөнгөө нийгмийн арай өөр чиглэлд хандуулах хэрэгтэй гэдгийг л ухамсарлах нь зөв. Ерөнхийдөө сонгуулийн сурталчилгааны ажлаа бид хийгээд эхэлсэн байгаа. Шторкууд явж байна. Тараах материалаа бэлдэж байна. Мөн дээрээс нь ТББ-тай хамтран “Сонголт” аппликейшнийг гаргахаар болсон. Энэхүү аппликейшнд хандан өөрийнхөө оршин суугаа газар нутгаа сонгоход тухайн иргэн сонгуулийн аль тойрогт хамаарагдаж байгаа болон тус тойргийн нэр дэвшигчид, тэдний мөрийн хөтөлбөрүүд зэрэг мэдээллийг эндээс авах боломжтой болох юм. Одоогоор бэлтгэл ажил нь хангагдаад явж байна.

-Шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор бүртгэлээ хийлгэж амжаагүй иргэдийг сонгуульд оролцох боломж гарах болов уу?

-Манайхан аливаад их хойрго ханддагаас болж сонгууль гэлтгүй эмнэлгийн үйлчилгээ зэрэг бусад олон талын эрсдэл хүлээх болдог. Сонгуулийн тухайд эдгээр иргэд оролцох ямар ч боломж байхгүй.

-Сонгууль өгөхөөр ирж байгаа сонгогчид хөндлөнгийн нөлөө орох явдал мэр сэр гардаг гэсэн. Ер нь санал худалдан авах тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар мэдээлэл өгөөч.

-Сонгуулийн хуулийн 70-р зүйлд энэ талаар заасан байгаа. Сонгуулийн жил эхэлснээс хойш сонгуулийн өдөр дуустал санал авах зорилгоор нөлөөлөх, сонгогчийн саналыг худалдаж авах зэрэг үйлдэл гаргасан хүн бүрд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Ингэхдээ энэ үйлдэл нь сонгуулийн дүнд нөлөөлөхүйц байвал эрүү үүсгэж, хорих хүртэл арга хэмжээ авахаар тусгагдсан. Нөгөө талаас санал худалдаж авахтай холбоотой үйлдлийг баталгаажуулсан иргэн СЕХ-нд бус шууд цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. Тухайн хууль бус үйлдэл нь шүүхээр батлагдвал тараасан эд хөрөнгийн хэмжээний үнийн дүнг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшууллыг тухайн мэдээлэл өгсөн иргэнд олгоно.

-Тэгвэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хувьд сурталчилгааны асуудлаар зөрчил гаргавал ямар хариуцлага тооцох вэ?

-Хуулийн заалт зөрчвөл нэг удаа сануулга өгөхөөс эхлээд тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусгай зөвшөөрлийг зургаан сар хүртэлх хугацаагаар хураах хүртэл арга хэмжээ авна.

-Цахим орчинд ялангуяа фэйсбүүк, твиттерээр гүтгэлэг доромжлол зэрэг нэр дэвшигчидтэй холбоотой элдэв мэдээллийг хянах боломжтой юу? Боломжтой бол ямар хариуцлага хүлээх вэ?

-Хяналтын асуудлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Харилцаа холбооны зохицуулах хороо хариуцна. Энэ дагуу төсөв мөнгө нь ч хуваарилагдсан байгаа. Тухайлбал, хууль зөрчсөн сурталчилгаа ухуулга хийсэн сайт байлаа гэхэд МУ-д хандалт хийх эрхийг нь түдгэлзүүлэх арга хэмжээ авна. Хувь хүн цахим орчноор хууль бус үйлдэл гаргаж, худал мэдээлэл тараавал мөн хариуцлага ногдулна.

-Сонгуулийн хууль шинэчлэгдээд удаагүй байна. Сонгуулийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байгаа вэ? Зохион байгуулалтад ямар хүндрэл бэрхшээл гарч байна вэ?

-Бэлтгэл ажил нэлээд хожуу эхэлсэн болохоор маш их шахуу ажиллаж байгаа. Жишээ нь, саналын хуудас хэвлэх ажил гэхэд л 570 орчим төрлийн саналын хуудас гарна шүү дээ. Эдгээр хуудсын эхийг бэлтгэх, хэвлүүлэхээс эхлээд маш их ажил байдаг, хугацааны хувьд нэлээд тулгуу болж, шинэчилсэн төлөвлөгөөгөөр ажиллаж байна. Бусдаар бол саад бэрхшээл байхгүй. Сая тойрог, мандаттай холбоотойгоор үл ялиг хүлээлт үүссэнийг эс тооцвол үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа.

-Нийт хэчнээн нэр дэвшигчид байгаа вэ?

-Энэ сарын 23-наас буюу ирэх даваа гаригаас УИХ-д нэр дэвших ажиллагаа эхэлж 5 хоног үргэлжилнэ. Бие даагчдын хувьд мөн 23-наас эхлээд тойргийнхоо сонгогчдоос гарын үсэг цуглуулах ажлаа эхлүүлэх бөгөөд энэ нь 7 хоногийн хугацаатай. Үүнээс өмнө цуглуулсан гарын үсгүүд хууль бус учраас хүчин төгөлдөр бус гэсэн үг. Сая болсон нэр дэвшүүлэх үйл ажиллагаа бол аймаг, нийслэлийн сонгуульд нэр дэвших үйл ажиллагаа байсан юм. Нийслэлээс одоохондоо бидэнд нэр дэвшигчдийн мэдээлэл ирээгүй байна. Нэр дэвшигчдийн нэрс тодроогүй учраас тооны хувьд ч тодорхойгүй байна. Өнгөрсөн сонгуулиар 544 нэр дэвшигч байсан.

-Нам, нэр дэвшигч нарт хандаж СЕХ-ноос анхааруулж хэлэх зүйл байна уу?

-Гол нь сонгуульдаа маш соёлтой оролцох хэрэгтэй. Сурталчилгааны арга хэлбэрүүдийг хуулинд маш тодорхой заасан байгаа. Хуулийнхаа дагуу, шударгаар, бие биедээ хүндэтгэлтэйгээр сонгуульд өрсөлдөх хэрэгтэй.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ