Ц.Элбэгдорж: Монголын төр хүнд сурталгүй байх хувьсгалыг Монгол даяар хийх хэрэгтэй

-Монгол Улсын ЕрөнхийлөгчЦ.Элбэгдорж Дархан-Уул аймгийн иргэдэд ажлын тайлан-танилцуулгаа хийв-

Дархан-Уул аймгийн төв Дархан хотод энэ 5 дугаар сарын 15-ны өдөр ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус хотын иргэдийн төлөөлөлд 2009 оны 6 дугаар сарын 18-наас 2016 оны тавдугаар сар хүртэл Төрийн тэргүүний хувьд хийж гүйцэтгэж ирсэн ажлын тайлангаа танилцуулав. Түүнийг дагалдан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэг, Р.Болд, Ч.Өнөрбаяр, А.Баттөр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй нарын зэрэг албаны хүмүүс ажилласан юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил тутам ажлын тайлангаа УИХ-д бичгээр танилцуулж, өнгөрсөн жил УИХ-д бүрэн хэмжээний мэдээлэл хийсэн билээ. Харин энэ удаа Дархан хотын иргэдээр төлөөлүүлэн тэднээр дамжуулж Монгол Улсын иргэдэд ажлаа тайлагнасан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа 101 товч зүйл хэсэгт хуваан танилцуулав. Ажлын өрөөгөө Иргэний танхим болгосноос эхлэн АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатарт хийхээр болсон зэргийг үүнд багтаасан байна.

Тайлангаа танилцуулахын зэрэгцээ тэрээр иргэдийн бичгээр ирүүлсэн асуултуудад хариуллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтайлан-танилцуулгынхаа эхэнд “Эрхэм хүндэт дарханчуудынхаа энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.

Жил бүхэн Ерөнхийлөгчийн хувиар хийсэн ажлынхаа тайланг УИХ-д бичгээр хүргүүлдэг. УИХ шаардлагатай гэж үзвэл Ерөнхийлөгчийн тайланг биечлэн сонсдог. Ноднин жил нэг удаа УИХ-ын хуралдаанд оролцож тайлангаа биечлэн тавьж байсныг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Миний бие 2009 оны зургадугаар сарын 18-нд Төрийн тэргүүний тангаргаа өргөсөн. Тангараг өргөсөн өдрөөсөө хойш 2016 оны тавдугаар сарын 1 хүртэлх хийсэн ажлынхаа тайлангУИХ-д явуулсан.

Өнөөдөр Монгол Улсынхаа нийт иргэдийг төлөөлүүлээд манай улсын хоёр дахь том хот болох Дархан хотын ард иргэдийн өмнө өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг танилцуулах гэж байгаадаа туйлын баяртай байна. Миний ярьж байгаа зүйл хоёр талын дэлгэц дээр давхар гарна. Тайлангаа дугаарлан бичсэн байгаа” гээд тайлан-танилцуулгаа эхлүүллээ.

  1. Ажлын өрөөгөө Иргэний танхим болгож өөрчлөхөөс ажлаа эхлэв. Иргэдээ оролцуулж, сонсож асуудлыг шийдвэрлэх соёл Монгол Улсад бүрэлдэн тогтож байна.

Иргэний танхимын хөдөлгөөн улс орон даяар өрнөж бүх аймагт Иргэний танхим байгуулагдсан. Бараг бүх сумдад 90 хувьтай явж байгаа. Улаанбаатарын хороо, дүүрэг, багуудад Иргэний танхим байгуулж, тэнд багийнхаа хурлыг хийгээд явж байна. Нэг үгээр хэлбэл, иргэдэд эрх мэдлийг нь авч ирэх, иргэдээ сонсох, иргэдийн санал бодлыг сонсож иргэдтэйгээ хамт асуудлыг шийддэг болсон нь бидний 1990 онд эхлүүлсэн хувьсгал ийм байдлаар цаашаа үргэлжилж байгаа гэдгийг хэлэх ёстой. Ер нь иргэдийн дуу хоолой, иргэдийн оролцоог ямар ч албан тушаалтан үгүйсгэж чадахааргүй ийм байдалтай болсон гэж хэлж болно. Сайн юм удаан бүтдэг, сайн юм зовлонтой бүтдэг гэсэн үг байдаг. Гэхдээ сайн юм манай иргэдийн оролцоотойгоор, халуун дэмжлэгтэйгээр их сайн бүтэж явж байгаад туйлын баяртай байна.

2. Зарлиг, хууль тогтоомжийн дагуу ерөнхий боловсролын сургуульд монголчуудын соёл уламжлал, ёс заншлын болон иргэний боловсролын тухай хичээл заадаг болов.

Ерөнхийлөгч болоод анхны зарлигаа гаргахдаа иргэний боловсролыг залуучуудад олгох, ялангуяа, энэ боловсролыг дунд анги, бүр бага ангиас эхлэн өгдөг болъё гэсэн зарлиг гаргаж байсан. Энэ зарлиг хууль тогтоомжид орсон, Боловсролын яамны бодлогод туссан.

Ерөөсөө Монгол уламжлал соёлоо хүүхдүүдэд бүр багаас нь заадаг байя. Хамгийн гол нь эхнээс нь саваа бэлдэнэ гэж ярьдаг. Хүүхдийнхээ оюун ухааныг, хүүхдийнхээ санаа бодлыг монгол болгож, Монгол орондоо хайртай, монголын түүх, ёс уламжлал, ахас ихсээ хүндэтгэдэггайхамшигтай уламжлалыг авч явж чаддаг болох юм бол манай хүүхдүүд цаашаа дэлхийн боловсролыг олж болно. Тиймээс бид эхлээд Монгол хүн, хүүхдийг төлөвшүүлэх нь хамгийн чухал юм.

Нэг ийм үг байдаг. Эх орноо хайрлах хэрэгтэй. Эх орноо хайрлаад, эх орноо мэдээд ирэхээр чи эх орондоо дурлана. Хоёр хүний хувьд ч аваад үзэхэд бие биедээ хайртай байх юм бол бие биеийнхээ төлөө дандаа сайн юм хийх гэж явдаг. Дандаа сайн сайхны төлөө явдаг. Эх орондоо ийм сэтгэлтэй байх юм бол тэр хүн насан туршдаа эх орныхоо сайн сайхны төлөө өөрийгөө зориулна. Тиймээс энэ боловсрол, энэ үзэл санааг бүр багаас нь шингээж өгөхийг хичээсэн.

Иргэний боловсролын хичээл, ёс заншил, соёл уламжлалын тухай хичээлүүд 1-11 дүгээр анги хүртэл ордог, багш нар нь бэлтгэгдсэн, энэ сайхан уламжлал тогтоод явж байгаад би туйлын баяртай байдаг.

3. Олимп дэлхийн аваргын тэмцээнээс медаль авсан тамирчдад сар бүр урамшүүлал олгож байна.

Олимп, дэлхийн аваргынтэмцээнээс медаль авах юм бол тамирчдад сар бүр урамшуулал олгодог байх санаачилгыг би гаргасан юм. Энэ санаачилгыг гаргахдаа зөвхөн Олимп, дэлхийн аваргаас медаль авсан тамирчдад үзүүлж байгаа хүндэтгэлтөдийгүй үүгээр нийт ард түмэндээ нэг санаа өгч байгаа. Ерөөсөө хүүхдээ багаас нь спортоор хичээллүүүл, багаас нь хүүхдээ зөв мөрөөдөлтэй болго. Зөв мөрөөдөлтэй байх юм бол Олимпийн аваргууд шиг, олимп, дэлхийн медальтнууд шигмөрөөдлөө биелүүлж чадна.

Өнгөрсөн хугацаанд тооцож үзэхэд манайд хамгийн өндөр урамшууллыг сар бүр авдаг хүн 380 сая төгрөгийн урамшуулал авсан байдаг. Энэ бол хэрвээ чи спортоор хичээллээд өндөр амжилт гаргах юм бол амьдралын баталгаа чинь байж байгаа гэсэн үг. Спорт хүнийг хүмүүжүүлдэг, сайн хүн болгодог учраас энэ чиглэлд бүх улс орон, ард иргэдийн , анхаарал хандаасай гэж байгаа. Энэ санаачилга их сайн хэрэгжиж байгаад туйлын баяртай байна.

4. Монголын төр иргэнээ цаазлах явдлыг Ерөнхийлөгч болсон анхны өдрөөсөө зогсоосон. Дэлхийд Монгол Улс энэ ялыг хэрэглэдэггүй орон боллоо.

Сүүлд гарсан Эрүүгийн хуульд энэ ялыг хэрэглэхээ больсон. Монголын түүхэнд төр нь иргэнээ цаазалдаггүй ийм уламжлал, ёсыг тогтоосон гэдгийг хэлэх ёстой. Энэ ялыг далимдуулж улс төрийн аллага хийх, янз бүрийн шүүхийн алдаатай байдлаар хүний амь насыг хөнөөдөг байдал Монголд зогсох үндэс суурийг тавьсан.

5. Жил бүрийн 9 дүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч орон даяар хичээл заадаг уламжлалыг тогтоосон. Долоо дахь удаагийн хичээлээ заачихсан. Энэ жилийн 9 дүгээр сарын 1-нднайм дахь хичээлээ заах юм.

6. Төрийн тахилгат хайрханыг 10 болгосон. 5 жил тутамд 2 хайрханыг тахиж байхаар тогтсон. Төрийн тахилгат хайрхан анх намайг Ерөнхийлөгч болоход найм байсан юм. Маш олон газраас Төрийн тахилгат хайрханы тоог нэмье гэсэн хүсэлт ирж хоёрыг нэмсэн.

Баян-Өлгий аймгийн Алтай Таван Богд хайрханыг Төрийн тахилгат болгож Монгол ёс уламжлалаараа тахидаг боллоо. Өмнөговь аймагт байдаг Хайрханыг тахилгатай болгосон. Ингээд арван хайрхан тахихаар зарлиг гарсан. Энд бас нэг уламжлал тогтоосон. Төрийн их хайрханыг тахиж байхдаа хог хаях, янз бүрийн улай гаргах, архи хэрэглэхийг цээрлэдэг болсон. Энэ нь хэрэгжээд явж байгаа сайн уламжлал соёл болсон гэдгийг хэлье.

7. Шүүх засаглалын иж бүрэн шинэчлэлийг эхлүүлэв. Гол хуулиудыг санаачилж батлуулах, хэрэгжүүлэх ажил одоо ч үргэлжилж байна.

Шаардлагатай байгаа олон хуулиудыг санаачилж УИХ-д оруулж батлуулж байгаа. Би 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд явж байхдаа “Та шүүхэд итгэж байна уу” гэж иргэдээс асуухад итгэлийн хэмжээ 20 хувьд хүрдэггүй байсан. Одоо ард иргэдээс та шүүхэд итгэж байна уу гэж асуухад 60 хувиасдээш гардаг болсон. Хүмүүс шүүхэд итгэдэг. Шүүх нээлттэй боллоо, асуудлыг шийддэг юм байна гэх хандлага нэмэгдлээ.

Нэг малчин хүн “Би шүүх дээр очоод уул уурхайн компанийг яллаа шүү дээ” гэж ярьж байсан. Ингэж иргэдийнхээ эрх ашгийн талд манай шүүх засаглал зогсох ёстой. Дутагдал байгаа байх, дутагдлыг цаашид засаад явах бүрэн боломжтой гэж бодож байна.

8. Засгийн газартай хамтарч жил бүр эдийн засгийн чуулган хийдэг, тулгамдсан асуудлаа нээлттэй хэлэлцдэг уламжлал тогтоов.

9. Нийтийн биеийн тамир спортыг дэмжих зарлиг гарган жил бүрийн 4 дүгээр сард Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил авдаг болсон.

Социализмын үед ХБХБ тэмдгийн болзол гэж байлаа шүү дээ. Хөдөлмөр, батлан хамгаалахад бэлэн гэсэн сорил өгдөг байсан юм. Одоо бол Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил өгдөг зүйлийг тогтоолоо. Хамгийн гол нь аймаг орон нутагт байгаа спортын байгууллагын удирдлагууд энэ дээр анхаарах ёстой. Та бүхэн иргэдээ, залуучуудаа үйл ажиллагаанд маш сайн хамруулах ёстой.

10. Газар хөдлөлтийн аюулын талаар ҮАБЗ-ийн хурлаар анх удаа авч хэлэлцэв.Төр, олон нийтийн анхаарлын төвд байх асуудлын нэг болгов.

Газар хөдлөлтэй холбоотой асуудал болбол яах вэ? Гай хэлж ирдэггүй гэж ярьдаг. Монгол Улс газар хөдлөлтийн нэлээд аюултай бүсэд оршдог. Ялангуяа нийслэл хот. Тиймээс хүн ам төвлөрсөн газар дээр аюулыг хүмүүст мэдрүүлж, бид энэ аюулыг тойрч чадахгүй. Дэлхий дээр тойрч гарсан түүх байдаггүй. Хамгийн гол нь бэлэн байх ёстой гэдгийг мэдрүүлэх ёстой.

Бэлэн байхын тулд юу хийх вэ? Манай ОБЕГ, мэргэжлийн байгууллагууд иргэд, хүн ам олноороо байдаг газар юу хийх вэ гэдэг талаар жил бүр ярьдаг. УИХ дээр тусгайлан энэ асуудлыг нээлттэй хэлэлцүүлсэн. Засгийн газраас тодорхой санаачилгууд гарсныг ҮАБЗ дээр сонсож явдаг юм.

11. Мод тарих үндэсний өдөртэй болох санаачилга гарган хэрэгжүүлэв. Жил бүрийн 5, 10 дугаар саруудад энэ ажилд иргэд олон нийт идэвхтэй оролцдог уламжлал тогтлоо.

Мод тарих үндэсний өдөртэй болсноос хойш Монгол Улсад 9 орчим сая мод тарьсан байдаг. Сүүлийн үед бас нэг сайн мэдээ гарч байна. Сүүлийн үед тарьж байгаа моднуудын ургалтын түвшин сайн байна. Манайхан модоо тарьдаг, арчилдаг болсон байна. Түүнийхээ хойноос явдаг болсон байна. Энэ бол их чухал зүйл гэдгийг хэлмээр байна.

12. Ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийн замбараагүй олголтыг зогсоов. Энэ үзэгдэлд хамрагдсан газар нутгийн хэмжээ 4 дахин багасав.

Намайг Ерөнхийлөгчөөр анх гарчирэхэд нийт газар нутгийн 44 хувь, бараг 50 хувь лицензтэй байсан. Тэгээд хайгуулын зөвшөөрлийг зогсоож, энэ замбараагүй зүйл дээр хяналт тогтооё. Юу болохгүй байгаа, юу болж байгаа талаар бодлого гаргая гэж ажилласан. Энэ байдал 10, бүр есөн хувь болтлоо буурсан байгаа. Үүнийг хэлэх нь зөв байх аа гэж бодож байна. Одоо тусгай зөвшөөрөл нийт газар нутгийн 9,5 хувь болсон. /Алга ташив/

13. Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж батлуулав. Дагалдаж авах арга хэмжээ, санаачилгууд өнөөдөр ч үргэлжилж байна.

Үзэл баримтлалыг дагуулж маш олон хууль тогтоомж гаргах шаардлагатай байдаг. Үндэсний Аюулгүй байдлын тухай зөвхөн Улаанбаатартярьдаг зүйл биш л дээ. Орон нутагт ярьдаг. Орон нутгийн төр, захиргааны байгууллага маш их анхаарч явж байх ёстой асуудал байдаг юм гэдгийг хэлье.

14. Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарлиг гаргаж хэрэгжүүлэв. Ерөнхийлөгчийн дэргэд Хэлний бодлогын үндэсний зөвлөл байгуулагдан ажиллаж байна.

Энд нэг сайн мэдээ дуулгахад Монгол бичгээ сурах гэсэн сонирхол хөгшин, залуу, хүүхэд ялгаагүй асар их нэмэгдсэн. Үнэхээр монголчуудыг гаднаас хараад шууд монгол хүн гэж ялгаж болдог зүйл бол бидний эх сайхан хэл юм. Суугаад бичих бидний бичиг байгаа. Дээр нь бидний өмсөж зүүж байгаа хувцас, соёл уламжлал юм шүү дээ.

Тиймээс айл бүхэн, хүн бүхэн, эцэг эх өөрсдөө ч ялгаагүй монгол бичгээ суръя. Бид социализмын үед амьдарч байхдаа монгол бичгээ хэрэглэдэггүй, заалгаагүй байсан. Одоо бол сурах бүрэн боломж бүрдсэн. Гадаад орнуудад явуулж байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын албан бичгүүд бүгд монгол бичгээр явж байгаа. Дээрээс нь төрсний гэрчилгээ, төгсөлтийн гэрчилгээ, гэрлэлтийн баталгааг монгол бичгээр бичиж өгч байгаа. Энэ сайхан гайхамшигт Монгол бичгээ сэргээх ёстой гэдгийг хэлье. /Алга ташив/

15. Монгол Улс өрсөлдөх чадварын тайлангаа олон улсын жишгээр гаргахыг санаачлав. 2010 оноос эхлэн тасралтгүй жил бүр 330 үзүүлэлтээр гаргаж байна. Аймаг бүр ийм тайланг 180 үзүүлэлтээр тусгайлан гаргадаг боллоо.

Улс төрийн янз бүрийн амлалт, яриа хөөрөө байдаг. Тэгэхээр дэлхийн улс орнуудтай, бүс нутгийнхаа улс орнуудтай ямар үзүүлэлтээр, хаана явж байгаа гэдгийг байнга харж байх ёстой. Тиймээс энэ тайланг дэлхийн жишигт нийцүүлж, олон улсын байгууллагатай хамтарч гаргадаг болсон. Нэг сайшаалтай зүйл нь аймгууд тус тусдаа гаргаж байгаа. Аймгууд дээр энэ тайланг бас л олон улсын жишгээр гаргадаг болсон.

16. Бурхан Халдун уулыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх санаачилга гаргав. 2015 онд ЮНЕСКО бүртгэж, гэрчилгээг Монгол Улсад олгосон. /Алга ташив/

17. Монголын тулгар төрийн ойг ёслон тэмдэглэж байх зарлиг гаргаж хэрэгжүүлэв. 2011 оноос 2220 жилийн тэгш ойгоос эхэлж тэмдэглэдэг боллоо.

Бид нэг үе 60, 70 жилийн ой гэж ярьдаг байлаа. Тэгээд Их Монгол Улсын 800 жилийн ой гэж ярьдаг болсон. Хүн гүрэн Монгол газар шороон дээр төр бий болгосны ойг 2011 оноос эхлээд 2220 жил гэж тоолж явж байгаа. Бид энэ онд 2225 жилийн тэгш ойг нь тэмдэглэх гэж байна.

18. Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагналыг бий болгож, жил бүрийн цагаан сараар олгодог уламжлал тогтоов. Ер нь бүтээж байгаа, бүтээн байгуулагч улсуудаа дэмждэг бодлогыг урамшууллаар, шагналаар дамжуулж хэрэгжүүлж байгаа.

19. “Архигүй Монголын төлөө хамтдаа” санаачилга гаргав. Төр олон нийт энэ уриалгыг дэмжиж, “архигүй” соёл, хандлага нийгмийн олон салбарт бий болж байна.

Олон нийт ард иргэд энэ санаачилгыг маш их талархан хүлээн авсан. Энэ санаачилгыг гаргаад ерөөсөө өөрөөсөө эхлэе гэж бодсон. Өөрөө л үлгэр жишээ үзүүлье гэсэн. Дээр үед энд тэнд аймагт яваад очиход аймгийн хил дээр архитай угтдаг. Явахад нь архитай үддэг. Хүлээн авалт архитай болдог байсан.

Ерөөсөө миний очсон газар архи байх ёсгүй гэсэн зарчмыг би сүүлийн зургаан жил хэрэгжүүлж байна. Манай ёслолынхон мэддэг. Бүгдээрээ мэддэг. Миний очсон айлд ямар нэгэн архи байдаггүй.Хүлээн авалт угталт, үдэлт бүх зүйл дээр архи байдаггүй юм. Яг ийм байдлаар төрийн албан хаагчид хандах ёстой.

Дээрээс нь төсвийн мөнгийг архинд зориулж төсөвлөдгийг больсон. Хүлээн авалт дээр төсвийн мөнгийг архинд зарцуулахгүй,үнэхээр хундага өргөх шаардлагатай гэж байгаа бол түүнийгээ өөрсдийнхөө мөнгөөр авдаг болж байгаа. Сүүлийн үед “Цагаан сараар манайх авдар архи аваад хүрдэггүй байсан, одоо шил архи задлаад дуусахгүй байна шүү дээ” гэж ярьдаг болсон шүү. Энэ бол гайхамшигтай үр дүн юм даа. Эхлээд улсууд “Ерөөл хэлэх гэхээр гарт барих юмгүй хэцүү юм байна лээ” гэж хэлдэг байсан. Тэгээд сүүгээ, аягатай цайгаа бариад ерөөлөө хэлдэг болсон. Тийм зүйл рүү ороод ирж байна. Ер нь муу зүйлээс салж, сайн зүйл рүү улам баталгаажуулаад ороод явах хэрэгтэй гэж боддог. / Алга ташив/

20. Нийслэл, суурин газрын агаарын бохирдлыг үндэсний аюлгүй байдлын түвшинд тавьж, шаардлагатай хууль тогтоомж гаргуулж, бүтэц, зохион байгуулалтыг бий болгож хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэв.

Агаарын бохирдлын асуудал, утааны асуудал ярихад энэ бол Улаанбаатарын асуудал биш, Дархан-Уулд ч гэсэн энэ асуудал босч ирж байгаа. Тиймээс энэ тухай бид ярилцана.

21. “Авилгын эсрэг-хуулийн засаглал” санаачилгыг өрнүүлэв. Авлига, албан тушаалын хэргийг өршөөхгүй, өөгшүүлэхгүй байх бодлогыг хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд Монгол Улсын авилгын индекс сүүлийн 6 жилд 120-иос 72 болж буурлаа.

22. Шүүхийг хэргийн төрлөөр дагнан байгуулж, шүүгчид мэргэшин ажиллах нөхцөл бүрдэв. Шүүхийн захиргааг шүүн таслах ажиллагаанаас тусгаарлав. Шүүхийн Ерөнхий зөвлөл байгуулагдаж ажилдаа оров.

Өмнө нь аймгийн шүүхийн дарга нь шүүгчийнхээ цалин урамшуулал, хангалт бүх юмыг шийддэг байсан. Энэ асуудлыг тусад нь болгоод шүүх нь хуралдан, шүүн таслах ажиллагаагаа хэрэгжүүлнэ. Материаллаг бааз, ар тал, сонгон шалгаруулах бүх үйл ажиллагааг нь Шүүхийн ерөнхий зөвлөл тусдаа хийх ёстой гэж салгаж өгсөн.

23. “Цалинтай оюутан – хариуцлагатай оюутан” төсөл боловсруулж хэрэгжүүлэв.

Оюутны 70 мянган төгрөг гэж байдгийг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Энэ санаачилгыг би Ерөнхийлөгч болоод ч хийсэн юм биш. 2005 онд Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа анх удаа Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд хамрагдаж байгаа оюутнуудад тодорхой хэмжээний тэтгэмж өгдөг болсон. Энэ санаачилга маш зөв болсон.

Манайхан бүгдээрээ их, дээд сургууль рүү хүүхдээ сургах гэж шуурдаг. Яг юм хийдэг, ажил хийдэг улсууд байдаггүй. Их, дээд сургууль төгсөөд ажил олддоггүй. Дипломтой, нэг л том сургуулийн нэртэй, яг ажил хийх гэхээр олддоггүй, ийм л байсан. Тийм учраас залуучуудаа, хүүхдүүдээ мэргэжил сургалтын үйлдвэрлэл, дээр үеийнхээр бол ТМС-ээр дамжуулж сургая. Ингэж сургавал урамшуулал өгье. Цалин өгье гэж энэ санаачилгыг 11 жилийн өмнө, Засгийн газрын Ерөнхий сайд байхдаа хэрэгжүүлж санаачилж байсан юм.

Одоо бол төсөв, янз бүрийн хомсдлоос болоод оюутны мөнгөний хэмжээ буурч байгааг та бүхэн харж байгаа. Гэхдээ эцэг эх, оюутнууд нэг зүйлийг дэмжиж байгаа. Сургалтын дүнгийн голчийг харж олгодог болсон. Тиймээс хэн нэг мөнгөтэй хүний хүүхэд сургуульд сураад явдаг биш. Орлогоор нь ялгаварлахаа больё. Сурлагаар нь дамжуулж урамшуулъя гэж байгаа.

Таны хүүхэд ядуу хүний хүүхэд ч бай, малчин хүний хүүхэд ч бай, хэний хүүхэд ч байсан амжилттай сурч чадаж л байгаа бол тэр тэтгэмжийг авах боломжтой шүү. Тэтгэлгийг авч байгаа шүү гэдгийг энд хэлье. /Алга ташив/

24. Төрийн далбааны өдөр тэмдэглэх зарлиг гарган, жил бүрийн 7 дугаар сарын 10-нд энэ өдрийг тэмдэглэж заншив.

Улс орон даяар төрийн далбаагаа хүндэтгэдэг өдрийг тэмдэглэдэг болсон. Айл өрх, аж ахуйн нэгж бүр төрийн далбаагаа гэр орондоо, байгаа газраа залдаг болсон. Энэ дээр нэг зүйл хэлье. Төрийн далбаа оёж байгаа, хэрэглэж байгаа газрууд стандартын бус далбаа оёж, хэрэглэж байгаа.

Ямар өнгөтэй байх, хаана мандуулах стандартыг 2011 онд гаргасан. Ялангуяа төрийн байгууллагууд, төрийн далбаа хийж байгаа, оёж байгаа хүмүүс энэ стандартыг баримталж явах ёстой гэдгийг сануулах нь зүйтэй байх.

25. Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалав. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар “Ардчиллын боловсрол” тогтоолыг санаачлан батлуулав. Ардчиллын сүлжээг бүс нутагтаа байгуулж үйл ажиллагааг нь тогтмолжуулав.

Дээрээс нь энэ бүс нутагтаа ардчиллын сүлжээ гэсэн бүтцүүдийг бий болгож алдсан оносон зүйлээ бусадтай хуваалцаж явдаг ийм чиглэлд бид ажиллаж байгаа.

26. Олон улсын Монгол судлалын үйл ажиллагааг онцгой анхаарч ирэв. “Монгол судлалыг дэмжих сан” байгуулж, залуу судлаачдыг дэмжих, Монгол судлалын хүрээг өргөжүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.

Монгол судлал гэдэг бол асар чухал юм шүү. Ямар учраас гэхээр гадаад улс оронд гадаад орны оюутнууд,гаднын иргэд Монголын түүх уламжлал, сайн сайхан өвөрмөц соёл бүх юмыг судлаад, гаднын сургууль дээр хичээл заагаад, монгол хэлийг сураад явж байна. Монгол ёс заншлыг сурч ирээд монголыг судалжбайна гэдэг хамгийн сайн зүйл шүү. Нэг үе энэ үйл ажиллагаа их доошоо орсон байсан.

Айлчилсан бүх улс орондоо очихдоо би монгол судлалын газраар орж явдаг. Дэмжлэг үзүүлдэг. Монгол Улс бусдаас дандаа хандив тусламж авдаг биш, бид нар монгол судлалыг дэмжиж, хандив дэмжлэг үзүүлдэг болсон.

27. Иргэдийн оролцоог дэмжих, төвлөрлийг сааруулах,шууд ардчиллын сургагч багш, мэргэжилтнүүдийг бэлтгэх ажлыг шат дараалалтай хэрэгжүүлж байна. Энэ чиглэлд тусгай хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.

Энэ иргэдийн оролцоо, шууд ардчиллын чиглэлийн үйл ажиллагаа цаашаа үргэлжлэх болно.

28. Жил бүрийн 12 дугаар сарын 29-нд Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойг тэмдэглэж хэвшив. Энэ өдөр бүх нийтээр тэмдэглэх баярболсон.

Энэ ойгоо тэмдэглэдэг болъё гэсэн зарлиг гаргасан. Хууль гаргасан. Монголчууд Манжийн дарлалд он удаан жил байсны дараагаар Богд хааны үед, 1911 оны 12 дүгээр сарын 29-нд эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарласан байдаг юм. Ийм гайхамшигтай ойгоо тэмдэглэдэг байя. Энэ түүхээ эргэж дурсая. Энэ бол Монголд тохиодог хамгийн онцгой баяр юм гэж хэвшүүлж тогтоогоод явж байгаа.

Та бүхэн мэднэ. Тухайн жилдээ хамгийн сайн барилдсан 128 бөхийн шилдэг барилдаан 12 сарын 29-нд болдог. Жил бүрийн Ерөнхийлөгчийн цомыг гардуулж өгдөг болсон.

29. Монголын Үндэсний олон нийтийн телевизтэй хамтран “Ирээдүйд илгээх захидал” сурагч солилцооны хөтөлбөр 5 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Үүнд нийт 17 аймаг, хотын сургууль, сурагчид хамрагдаад байна.

Би 9 дүгээр сарын 1-нд хичээл зааж байхдаа сурагч солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлье. Үндэсний телевиз дэмжээч гэсэн санаачилга гаргасан юм. Жишээ нь, Дарханд байгаа хүүхэд зун амралтаараа Дорнодод байгаа айлд очоод нэг хоёр сар болоод ирдэг. Дорнодынх нь танай гэрт, Дарханд ирээд буцдаг. Иймэрхүү байдлаар явуулья гэсэн. Сурагч солилцооны хөтөлбөрт 18 аймаг, нийслэл хотын хүүхдүүд хамрагдаад байна. Энэ хөтөлбөрийг цааш нь үргэлжлүүлж хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Наад зах нь хөдөө орон нутагт амьдрал ямар байдаг юм гэдгийг хүүхдүүд очоод үзэх нь чухал юм. Наад зах нь хүний хүүхдийг авч ирээд нэг сар гэртээ хооллож ундлаад, ээж аав нь болоод явах сэтгэл зүрх манай ээж аавуудад байх ёстой гэж бодож байна. Аль аль нь хүүхдэд хэрэгтэй ажил гэж би хувьдаа боддог.

Иргэдэд асуулт байгаа бол бичгээр явуулж болно. Асуух асуултын эхнийхийгөчигдөр радио шугамаар авсан. Улаанбаатараас наашаа гарахдаа би иргэдийн зүгээс асуусан асуултыг бичиж авсан. Ярианыхаа дундуур бичгээр ирсэн асуултад хариулах болно.

Ингээд бичгээр ирүүлсэн эхний асуултуудад хариулъя.

-Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт бүрэн хийгдэхгүй байна. Анхаарч өгнө үү?

-Энэ бол чухал асуудал. Ер нь орон нутгийн хөгжлийн сан гэдэг энэ санаачилгыг гаргаж хэрэгжүүлсний дүнд манай улсын аймаг, сум нүүрээ угаасан юм шиг өөрчлөгдсөн шүү. Одоо та бүхэн сумандаа очоод харах юм бол гудамжиндаа гэрэлтэй болчихсон байгаа. Сум хогныхоо асуудлыг шийдчихсэн байгаа. Хашаа хороогоо айлууд нь янзалчихсан. Бүх газар энэ үйл ажиллагаа маш эрчимтэй хийгдэж байгаа.

Сонгуулиар олон хүмүүс янз бүрийн юм амалж магадгүй. Та бүхэн нэг зүйлийг үргэлж шаардаж байх хэрэгтэй. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг бүрэн оруул. Энэ сангийн мөнгийг цааш нь нэмэгдүүл гэж. Жил бүр энэ сангийн мөнгийг өмнөх түвшнээс нь нэмж байх хуулийн төслийг та нар санаачил гэж шаард. Энэ хуулийг баталсан намыг сонгоно. Ингэсэн хүнийг сонгоно гэж та нар хэлэх хэрэгтэй. Энэ бол Дарханд мөнгө ирж байгаа юм. Дээрээс нь бид Дархан хотын засаг захиргаа орон нутгийнхаа боловсон хүчнийг мэддэг баймаар байна. Дээрээснь татвар хураамжаа Дархан хотдоо зарцуулдаг болмоор байна. Ингэж байж бид амьдралаа өөд татмаар байна. Энэ шаардлага санаачилгыг үргэлж хэлж байгаарай. Би бол Ерөнхийлөгчийн хувьд үргэлж дэмжиж ажиллана. Зохих шаардлагатай хуулийн өөрчлөлтийг санаачилсан байгаа. Үүнийгээ шахаж ажиллана гэдгээ хэлье.

-Сайн оюутан зээлийн тухай сонсогдож байна. Энэ ямар учиртай юм бэ. Тайлбарлаж өгнө үү?

-Энэ зээлийн тухай олон талаас нь ярьж байгаад, санаачилга гаргаад Засгийн газар шийдээд явж байгаа. Сайн оюутан гэдэг ямар учиртай юм бэ гэвэл түрүүн миний хэлдэг оюутнуудад дүнгийн голчоор тэтгэлэг олгодог, цалин олгодгоос гадна ерөөсөө нэг зүйлийг шийдье.

Монголчуудын хамгийн их мөнгө зарж байгаа хэд хэдэн асуудал бий. Нэгдүгээрт, орон сууцны асуудал байна. Орон сууцтай болох гэж хүн бүр, айл бүхэн зүтгэдэг. Хоёрт, унаа.

Хамгийн гол зардал бол оюутанд гарч байгаа. Ээж аав, эмээ өвөө нь цалингаа зээлж аваад өгдөг. Дараагийн мөнгө зардаг асуудал бол цагаан сар энэ тэр гээд явна л даа. Бид амьдралыг сайн харж байгаа. Тиймээс гол зээлүүд хааш яваад байгаа вэ гэхээр оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрт явсан байгаа. Тиймээс тэр мөнгийг ээж аавд нь үлдээе. Тэр мөнгийг эмээ өвөөд нь үлдээе. Оюутанд зээл олгодог болъё гэсэн шийдвэр гарсан.

Энэ чиглэлээр ажиллаж байгаа. Банкин дээр очоод асуух юм бол энэ шийдвэр ирчихсэн байгаа. Хоёр сая хүртэлх төгрөгийн зээлийг олгоё гэж байгаа шүү дээ. Зээл авах оюутны дүнгийн голч нь 2,5-аас дээш байх боломж байгаа юм. Та бүхний цалин, тэтгэврийн мөнгө орлого болж үлдээд, оюутан зээлээ аваад, сайн сураад, ажилтайболоод орлоготой болохоороо эргүүлээд төлдөг байдал руу оруулъя гэж байгаа. Үүнийг сайн хөтөлбөр гэж би бодож байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. /Алга ташив/

-Монгол Улсын хөгжлийн ирээдүйг та юу гэж харж байна вэ?

-Монгол Улсын хөгжлийн ирээдүй бол монгол хүн бүхэн хувь заяандаа эзэн болох ёстой.

-Оффшор гэж шуугиад байна. Энэ талаар таны бодол ямар байна вэ?

-Оффшор гэдэг үг бол “эргийн гадна” гэсэн үг л дээ. Татварын чөлөөт бүс юм. Бид хууль тогтоомжоо чангатгах хэрэгтэй. Хүмүүстэй хариуцлага тооцох чиглэлд алхам хийх ёстой. Хамгийн эхний ээлжид төрийн албан хаагчид оффшор гэдэг “эргийн гаднах” үйлчилгээ авахыг хориглох ёстой. ХОМ гаргаж өгдөг байх ёстой. Хууль бус орлогоо гадагшаа гаргаж нуудгийг зогсоох ёстой. Ажилд ороход авдаг асуулт дотор “Та энд тэнд ийм тийм данстай юу” гэдгийг сайн асууж байх ёстой.

-Үлдэж байгаа хугацаандаа та юу хийх вэ?

-Маш олон ажил төлөвлөсөн байгаа. Улс төрийн намын тухай хууль байна. Энэ намуудыг бид янзлах хэрэгтэй. Хариуцлагатай болгох хэрэгтэй. Үнэхээр номд нь оруулах хэрэгтэй. Ялангуяа эрх барьж байгаа нам ямар ч хариуцлага хүлээдэггүй дураараа дургидаг. Дотроо шийдвэр гаргаж байгаа хэлбэр нь төрд яаж нөлөөлдөг билээ. Ард иргэдийн амьдралд яаж тусч байгаа билээ. Энэ асуудлыг шийдүүлэх ёстой гэж бодож байгаа.

Төрийн албаны хууль санаачлаад УИХ-д оруулсан. Очсон дарга, сайд бүхэн өөрийн багтайгаа очиж байна гээд хуучин бүх хүнийг халж явуулдаг. Энэ байдлыг зогсоох гэж байгаа. Тодорхой тоо зааж өгнө. Яамны хэмжээнд 3-5 хүн л солих эрхтэй. Түүнээс биш 30-40, 70, 80, 100-гаар нь сольдог байдлыг зогсоох хэрэгтэй. Төрийн албаа төрийн алба шиг болгох хэрэгтэй. /Алга ташив/

Энэ хуулийг батлуулахын тулд ард иргэд дэмжиж өгөөрэй гэж хүсье.

Үүнээс гадна хэд хэдэн хуулийн төсөл оруулаад байгаа. Хариуцлагын хууль байна. УИХ-ын гишүүдийг эргүүлж татдаг болмоор байна. Тэнд ороод бүрэн эрх гэдэг юмаар халхавчлаад суугаад баймааргүй байна. Дээрээсээ авахуулаад бүх шатандаа хариуцлага тооцохгүй бол бидний сонгож авсан зам, бидний сайн сайхан амьдрал гэдэг зүйл утгагүй болж байна. Тийм учраас Хариуцлагын хуулийг батлуулах ёстой. Мөн Иргэдийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэх хууль гэдэг хууль дээр бид ажиллаж байгаа.

Албан тушаалтан, томчууд, баячуудын хэргийг шалгахаар хэлмэгдлээ гэх юм. Үнэхээр хэлмэгдээд байна уу, эсвэл тэд хуулиас зугтаж байна уу гэсэн асуулт байна. Монгол Улс хэлмэгдэл гэдэг аюултай зүйлийн дундуур 1930-1940-өөд онд орсон шүү дээ. Цаг хугацааны хувьд хэлмэгдэл давтагдах боломжгүй. Улс төрийн хувьд боломжгүй. Хууль эрх зүйн хувьд ч боломжгүй шүү. “Би хэлмэгдэж байна” гэж ярьж байгаа улсууд бол хуулиас зугтах гэж л тэгж байгаа юм. Шүүхээр шийдчихсэн байхад хорих газар очоод эмнэлэгт хэвтчихсэн. Бүр II эмнэлэгт хүртэл хэвтдэг шүү дээ. Гадагшаа явдаг. Ийш тийшээ яваад биеэ эмчлүүлдэг. Даралт ихэслээ гэж гарч ирдэг. Ийм л болсон шүү дээ.

Яг тэр үед хэлмэгдсэн өвөө эмээгээ нэг бодоорой. Тэднийсүнс “Үгүй ингэж хэлмэгддэг юм уу” гэж бараг гомдох байлгүй дээ. Тэднийг, тэр лам нарыг суулгаж байгаад амь насыг нь хөнөөдөг байсан шүү дээ. Монголд ингэж төрийн зүгээс хүний амь хөнөөдгийг зогсоосон. Тийм учраас өндөр, том албан тушаалтай хүмүүсийн хойноос хуулиар шалгаад явахаар “хэлмэгдлээ” гэж зугтдаг байдалд манай иргэд автдагийг болимоор байгаа юм. Иргэд, ард түмэн “Авлигатай тэмц” гэж байнга шаарддаг. Тэмцээд ирэхээр “Чи яагаад тэмцээд байгаа юм”, “Хүн хэлмэгдэх гэж байна, болохоо байлаа” гэдэг. Тууштай л байя. Нэг л бодолтой, нэг л зам дээр хатуу байя. Авлига бол зөвхөн гэмт хэрэг биш. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдалд заналхийлж байгаа хамгийн буруу зүйл шүү. Үүнтэй өршөөлгүй тэмцэж байх ёстой. Ард түмэн үүнийг шаардаж байх ёстой. Хүний өөрийнгүй, аль нэг намыг ялгахгүйгээр хууль зөрчсөн л бол хойноос нь яв гэсэн шаардлагыг та нар тавьж байх ёстой шүү. /Алга ташив/

За, тайлангаа үргэлжлүүлье.

30. Монгол Улс нь НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох санаачилга гаргасан юм. Намайг 2009 онд гарч ирэхэд 148 орон байсан,одоо энэ санаачилгыг хэрэгжүүлээд 2016 онд тусгаар тогтносон Монгол Улс 184 оронтой дипломат харилцаатай боллоо. /Алга ташив/

Яагаад ийм бодлого явуулж байгаа юм бэ гэвэл Монголын маань нэр дэлхийд сайнаар гарч байх ёстой. Монголын жин нэмэгдэж байх ёстой. Монголоос хамаарах хамаарал нэмэгдэж байх ёстой. Тэгэх юм бол бидний бие даасан байдал, хөгжил цэцэглэл улам баталгаатай болно гэж боддог.

31. Хар тамхи, мансууруулах бодисын асуудлаар Монгол Улс хатуу байр суурь баримтлах бодлогыг зарласан. Энэ чиглэлээр хууль тогтоомж гаргаж, түүний хэрэгжилтийг чангатгах санаачилга гаргалаа. Энэ тал дээр хатуу байр суурьтай орон гэж байдаг. Зөөлөн байр суурьтай орон гэж байдаг. Монгол Улс хатуу байр суурь баримтлахаас өөр арга байхгүй.

Та бүхэнд нэг зүйл захия. Хар тамхи, мансууруулах бодис гэдэг зүйлийг хаяа хатавчиндаа ч битгий ойртуулаарай. Хүүхдүүдээ, залуучуудаа хаана явж байгааг нь үргэлж харж байгаарай. Бид цөөхөн хүн амтай шүү. Бид нэг хэсгийг нь мансууруулж, янз бүрийн гэмт хэргийн золиос болгож, тэр хүний амьдралыг золимооргүй байна. Иймээс эхнээс нь маш их сайн харж байгаарай. Хэрэв түүнийг худалдаж байгаа, тийм зохион байгуулалттай зүйлд оролцож байгаа бол Монголын хууль хойноос чинь хатуу явна шүү гэдгийг бас дахин анхааруулъя. Энэ бол их санаа зовоосон асуудал болоод байгаа шүү. /Алга ташив/

Хэрэв хар тамхинд орсон байвал нуугаад байх хэрэггүй. Эмчилгээ, сувилгаанд маш хурдан оруулж байх хэрэгтэй. Хүн амьтан тийм зүйл зараад, танай хүүхэд хэлээд ирж байгаа бол хамгийн түрүүнд хууль, хяналтынханд хэлээрэй. Тэр хүмүүс очиж илрүүлэх үүрэгтэй.

32. Монголчууд олуулаа болох, элэг нэгт Монголчууд эх нутагтаа ирэх санаачилгыг УИХ-ын индрээс би зарласан. Манай маш олон иргэн гадагшаа ажиллаж, сурч байна. Гэр бүл болж байна. Аав, ээж хоёр нь Монгол Улсын иргэн. Гэтэл хүүхдийг нь төрөхөд бүртгэж ч авдаггүй шүү дээ. Одоо хуулиар Монгол Улсын иргэнээс гадаадад хүүхэд төрвөл бүртгэж авъя. Төрсний гэрчилгээ өгье. Монголдоо эргэж ирэх гэж байгаа бол гадаад паспорт өгье. Манай хүү сурахаар явсан. Тэнд хүнтэй суусан гэсэн. Ачаа үзмээр байна. 20 жил ачаа хүлээж байна гэсэн аав ээжүүд Монголд байдаг. Хүүхдээ хөтлөөд ороод ирэхэд нь Монгол Улсын иргэн шиг угтаж авдаг болъё гэж байгаа юм. Энэ бол хамгийн зөв бодлого. /Алга ташив/

Үүнийг зарим нэг буруу бодолтой хүн мушгих гэдэг юм. Мушгиад байх шаардлагагүй.

Мөн өөрийгөө Монгол гэдэг, монгол хэлтэй, соёлтой, Монголын төлөө нулимс унагаад, Монголын төлөө цацал өргөөд сууж байдаг улсууд байдаг юм. Бид тэр бүх хүнийг авч ирнэ гэж ерөөсөө ярихгүй. Тийм бодлого Монголд байхгүй. Үүнийг хатуу хэлье. Тэднээс Монголд орж ирээд, Монголд хөнгөлөлттэй байдлаар, хөх үнэмлэх зэргээр нэвтэрдэг, сурсан мэдсэнээ Монголын төлөө зориулаад явдаг боломжийг маш хязгаартай, хатуу хяналттайгаар, 10 хүн, 20 хүн гэсэн байдлаар нээж өгч болно.

Ажиа гэгээн гээд сайхан монгол хүн байдаг. Улаанбаатарт эмнэлэг байгуулаад явж байгаа. Яг түүн шиг хүнд нэг, хоёроор нь өгч болно гэж бодож байгаа. Түүнээс биш үүнийг цааш дэлгэрүүлэх бодлого байхгүй. Монголчууд олуулаа болох ёстой.

Монголын төлөө зүрх сэтгэлтэй, монгол уламжлал, хэл, соёлтой хүмүүстэй бид зөв, найрсаг харилцдаг байх ёстой гэсэн бодлогыг л хэлж байгаа юм шүү.

33.Үндэсний номын санд Ерөнхийлөгчийн нэрэмжит уншлагын танхим нээсэн. Номын санд ном бэлэглэх санаачилга өрнөж байгаа.

34. Тамгын газрын санхүүжилтээр “Цахим номын сан” байгуулах, ховор ном, гар бичмэлийг сэргээн засварлах, хадгалалтыг сайжруулах ажил хийсэн. Нэг сайн зүйл бол номын санд яваад очихоор баахан ном байдаг. Одоо номыг цахимаар хадгалдаг болсон. Хүн ном аваад явдаг биш, шууд флашаар бүтэн номыг буулгаж аваад, гэртээ ирээд компьютер дээрээ уншдаг болж байгаа юм. Ингэснээр ховор ном алга болохгүй. Чухал номууд хадгалагддаг систем рүү орсон. Монгол Улсын“Цахим номын сан” гэсэн төсөл рүү орсон явдал их чухал гэдгийг хэлье.

35. Төрийн албан хаагчид хуулиар ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлдэг болов. Энэ хуулийг санаачилж 2012 оны 5 дугаар сарын 1-нээс мөрдөж байна.

36. Монгол Улс соёлын, байгалийн болоод түүхэн өвөө хөөцөлдөж авдаг боллоо. Монголын нэхэмжлэл гадаад улсын шүүхээр ялалт байгуулж байна. “Батаар”-аар эхэлсэн түүх үргэлжилж байна. АНУ-ын шүүх дээр Монголын нэхэмжлэл ялалт байгуулсан шүү дээ. Манайхаас хулгайгаар гаргасан Т-Батаар гэдэг динозаврын үлдэгдэл эргэж Монголд ирсэн. Бараг 20 гаруй динозаврын үлдэгдэл ирж байгаа байх. Монгол Улс асар их динозаврын олдвортой гэдэг ч хүнд үзүүлэх юмгүй, ихэнх нь хулгайн замаар гарсан байдаг. Одоо үүнийхээ хойноос явж авч ирдэг болсон. Энэ бол Монголын нэрийг гаргах нэг чухал үзүүлэлт юм.

37. С.Зоригийн амь насыг хөнөөсөн асуудлыг мөрдөн шалгах үйл явцын талаарх мэдээллийг ҮАБЗ-ийн хурлаар анх удаа сонссон. Би үүнийг санаачилсан. Хууль, хяналтын байгууллагаас энэ хэргийг илрүүлэхэд шаардлагатай зөвлөмжийг гарган өгч хэрэгжүүлж байна. Энэ ажил үргэлжилж байгаа.

38. Шүүхийн үйл ажиллагааг нээлттэй болгох ажлыг хуульчлан хэрэгжүүлэв. Шүүх хурлын материал нээлттэй болсон. Шүүх гэдэг бол хүн айхаар байгууллага биш. Аливаа улсаас дүн аваад үзэхэд нийт ард иргэдийн 10 хувь нь л хууль зөрчсөн тохиолдол гардаг. 90 хувь нь хуулийнхаа дагуу амьдардаг. Шүүх тэр 10 хувьтай тэмцэж, шийтгэж байна гэдэг бол үлдсэн 90 хувиа хамгаалж байгаа юм шүү. Хүний эрх, сайн сайхны талд зогсдог байгууллага. Ийм байдлаар бид шүүхээ ойлгож хандах ёстой.

39. Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа шүүхэд нэвтрэв. Иргэдийг чирэгдүүлдэг, ялладаг олон хэрэг, харилцаанууд иргэдийн эвлэрлээр шийдэгддэг боллоо. Өмнө ньмаргаан үүсээд, ярилцаад, ял аваад явдаг байсан олон асуудлыг одоо иргэд шүүх дээр ирээд эвлэрүүлэн зуучлах харилцаагаар ороод эвлэрч шийддэг болсон. Шүүхгүйгээр бие биеэсээ уучлал гуйгаад, өгөх ёстой өр төлбөр байгаа бол тэдэнд төлнө гээд шүүхийн шийдвэр гаргуулаад буцдаг болсон. Иргэдээ өчүүхэн хэргээс болж барьж аваад шоронжуулаад байдгийг болиулсан. Шүүхэд ирж байгаа нийт гэмт хэргийн 40 хувь нь энэ замаар шийдэгддэг болсон шүү. Энэ бол маш том дэвшил гэдгийг энд хэлье. /Алга ташив/

40. “Монгол төгсөшгүй” – язгуур урлагийн тоглолтыг жил бүр Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж ирэв.

41. Цаатан иргэдийн тухай зарлиг гаргаж хэрэгжүүлэв. Цаатан иргэдийн ахуй амьдралтай биечлэн очиж танилцсан. Бид олуулаа урагшилж байхдаа цөөхнийгөө ч хаяхгүй урагшлах ёстой гэсэн бодлого байдаг. Үүнийг үзүүлж харуулахын тулд ийм зарлиг гаргаж хэрэгжүүлсэн.

Энд нэг хэсэг асуулт ирсэн байна.

-Сонгуулийн дараа шинэ гишүүд тангараг өргөнө. Та хамгийн түрүүнд ямар хууль санаачилж оруулах вэ?

-Надаас биш, шинээр гишүүн болох гэж байгаа улсуудаас та бүхэн маш чухал зүйлийг асуух хэрэгтэй. “Чи гишүүн болох гэж байна. Хэрэв чи үүргээ биелүүлэхгүй бол чамайг буцааж татдаг хуулийг чи дэмжих үү? Үүнд л хариу өгчих. Чи тангаргаа өргөөд эхний батлах хууль чинь энэ байх уу?” гэж асуух хэрэгтэй. Байна гэвэл та нар санал өг. Ард түмэн одоо янз бүрийн үгэнд хууртахаа больсон. Яг хэлээд хийдэг хүний төлөө л бид нар явах ёстой.

УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийж байхдаа баригдах юм бол хойноос нь хуулийнхан явдаг. Газар дээрээ баригдаагүй бол яах ч үгүй гэсэн хуультай. Энэ хуулийг өөрчлөх ёстой. Хуулийн байгууллага асуудал тавьсан л бол УИХ-аас буцааж татдаг хэлбэр рүү оруулах хэрэгтэй байгаа юм. Эдгээрийг та нар асуугаарай. /Алга ташив/

УИХ-ын гишүүн болчихоод, давхар сайдын ажил аваад, алийг нь ч хийдэггүй цалгардуулдаг. “Давхар дээл” гээд байдаг. “Чи үүнийг зогсоож чадах уу?” гэж та нар асуух ёстой. Бусад оронд хүмүүсийн асуудаг зүйл ингэж нарийссан юм билээ. Тэр нөхөр үүнд яаж хариулж байна гэдгээр сонголтоо хийдэг юм билээ. Энэ хяналтыг ард иргэд хийж чадах юм бол төр хариуцлагатай болно. Энэ асуултыг та бүхэн гишүүдээсээ асуугаарай.

Төрий

СЭТГЭГДЭЛ БИЧИХ