Хөдөлмөрийн тухай хуулиар ээлжийн амралтын хугацаа 15 хоног үргэлжилнэ
Хөдөлмөрийн тухай хуулийн 79-р зүйлд зааснаар, хөдөлмөр эрхлэгч нь жил бүр ээлжийн амралт авах эрхтэй бөгөөд энэхүү амралтын хугацаа ажлын 15 хоног буюу гурван долоо хоног хэмээн заажээ. Харин иргэдийн дунд ээлжийн амралтын хугацааг сунгаж ажлын 20 хоног амардаг болсон гэх мэдээлэл тарав. Энэхүү мэдээлэл нь ташаа аж.
Одоогоос жилийн өмнө буюу 2015 онд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан юм. Уг хуулийн төсөлд хэд хэдэн өөрчлөлт оруулахаар танилцуулсан бөгөөд дээрх өөрчлөлтүүдэд ээлжийн амралтын хугацааг 20 хоног байхаар тусгасан. Гэвч уг хуулийн төслийг өнөөдрийг хүртэл батлаагүй байгаа ба одоо мөрдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ээлжийн амралтыг 15 хоногоор өгч байгаа юм.
-ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ХУГАЦАА 15 ХОНОГ БАЙНА-
Өмнөх буюу одоо мөрдөж буй хуулиар ажилтны ээлжийн амралтын хугацаа ажлын 15 хоног, 18 насанд хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна. Дээр нь хөдөлмөрийн нөхцөл, ажилласан жилийг харгалзан ажилтанд үндсэн амралт дээр нэмэгдэл амралтыг хамтын гэрээнд зааснаар олгоно гэж заасан. Жишээ нь, 6-10 жил ажилласан бол тав, 11-15 жил бол нэмж долоо хоногийн нэмэгдэл 16-20 жилд ажлын ес, 21-25 жилд ажлын 12, 26-31 жилд ажлын 15, 32 жилд ажлын 18 хоногийн нэмэгдэл амралтыг эдлэхээр Хөдөлмөрийн тухай хуульд заасан байдаг.
-АМРАЛТЫН ХУГАЦААНД БАЯРЫН ӨДРҮҮДИЙГ ОРУУЛАХГҮЙ-
Ажилчны ээлжийн амралтын хугацаанд, бүх нийтээр амрах баярын өдрүүд, долоо хоногийн амралтын өдрүүд, жирэмсний болон амаржсаны амралт, хөдөлмөрийн чадвар түр алдсаны хугацаа, ажил олгогчоос өгсөн албан ёсны чөлөөтэй хугацаа орохгүй хэмээн заажээ.
-АЖИЛЛАСАН ЖИЛЭЭС ХАМААРЧ АМРАЛТЫН ӨДӨР НЭМЭГДЭНЭ-
Ээлжийн үндсэн амралт дээр нь ажилтны ажилласан жилээс нь хамааран нэмэгдэл амралт олгодог. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа бол,
-6-10 жилд ажлын 3 өдөр
-11-15 жилд ажлын 5 өдөр
-16-20 жилд ажлын 7 өдөр
-21-25 жилд ажлын 9 өдөр
-26-31 жилд ажлын 11 өдөр
-31, түүнээс дээш жилд ажлын 14 өдрийн нэмэгдэл амралт авна.
Хөдөлмөрийн нөхцөл ажилласан хугацааг харгалзан дор дурдсан нэмэгдэл амралтыг хамтын гэрээнд зааснаар олгоно.
-6-10 жилд ажлын 5 өдөр
-11-15 жилд ажлын 7 өдөр
-16-20 жилд ажлын 9 өдөр
-21-25 жилд ажлын 12 өдөр
-26-31 жилд ажлын 15 өдөр
-32, түүнээс дээш жилд 18, түүнээс дээш ажлын өдрийн нэмэгдэл амралт авна.
-ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН МӨНГӨНӨӨС ШИМТГЭЛ СУУТГАНА-
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалын 2-р хавсралтын дагуу ээлжийн амралтын мөнгийг тооцно. Амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоогбайгууллага нэгжид мөрдөж буй сарын ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцож гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олгоно. Үүнээс хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт “хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулна” гэж зааснаар шимтгэл төлдөг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ