АСЕМ бол хоёр тивийг холбосон гүүр

АСЕМ-ын Дээд түвшний анхны уулзалт 1996 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Бангкок хотноо зохиогдож байсантай холбогдуулан жил бүрийн тус өдрийг “АСЕМ-ын өдөр” болгон тэмдэглэхээр өнгөрсөн жил Люксембургт хуралдсан АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаас тогтсон юм.

Үүний дагуу Монгол Улс энэ оны гуравдугаар сарын 01-нд “АСЕМ-ын өдөр”-ийг тэмдэглэж, АСЕМ-ын түүх, алсын хараа, онцлог, хэтийн зорилго, хандлагын талаарх дэлгэрэнгүй ойлголтыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон нийтэд өгсөн билээ. АСЕМ бол Ази, Европын орнуудын эрх тэгш харилцаанд суурилсан улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг тулгамдсан асуудлыг хэлэлцдэг Засгийн газар хоорондын албан бус яриа хэлэлцээний хамтын ажиллагааны байгууллага юм. АСЕМ нь Ази-Европын 51 орон, хоёр олон улсын байгууллагаас бүрддэг, хоёр жилд нэг удаа гишүүн орнуудад ээлжлэн зохиогддог. Тиймээс ойрын 100 жилд манай улсад дахин зохиогдохгүй том арга хэмжээ өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байна.

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 2008 онд чуулсан 7 дахь удаагийн чуулга уулзалтаар Монгол Улс АСЕМ-ын гишүүнээр элссэн юм.

АСЕМ-ын гишүүн орнууд

АСЕМ-ын чуулга уулзалтанд оролцогч талууд аливаа асуудалд байр сууриа чөлөөтэй илэрхийлэн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлуудаа хэлэлцдэг давуу талтай. 2010, 2012, 2014 онд болсон Дээд түвшний 8, 9, 10 дахь уулзалтанд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон бөгөөд Дэлхийн эдийн засаг, санхүүгийн асуудал, Нийгэм соёлын хамтын ажиллагаа, Бүс нутгийн асуудлууд, АСЕМ-ын цаашдын хөгжлийн чиг хандлага, Уур амьсгалын өөрчлөлт зэрэг хэлэлцүүлэгт Монгол улсын байр суурийг илэрхийлж, АСЕМ-ын хүрээнд бусад түнштэй хамтран ажиллах чиглэлийг тодорхойлжээ.

Гишүүн орнууд дангаараа буюу хамтран тодорхой чиглэлээр хөтөлбөр, санаачилгуудыг хэрэгжүүлэх нь АСЕМ-ын үйл ажиллагааны гол хэлбэр юм. Одоогийн байдлаар улс төрийн салбарт 14, эдийн засгийн салбарт 51, нийгэм соёлын салбарт 41 санаачилга хэрэгжиж байна. Тухайлбал, Ази-Европын залуу удирдагчдын форум, Худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааны хөтөлбөр, Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн чуулган, Хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагааны хөтөлбөр, Мэдээллийн технологи харилцаа холбооны хөтөлбөр, Их дээд сургуулиудын оюутан солилцооны хөтөлбөр, ДОХ-ын эсрэг хамтын ажиллагааны хөтөлбөр, АСЕМ-ын орнуудын хүүхдийн наадам гэх мэт олон төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг.

Тиймээс иргэн бүр энэхүү хоёр тивийг холбосон, чухал ач холбогдолтой арга хэмжээг эх орондоо амжилттай зохион байгуулахад нэр төртэй,хариуцлагатайгаар оролцож, улс орноо гэсэн нийтлэг ашиг сонирхол, нэгдмэл байрсуурьтайгаар хамтарч ажиллахыг Төрийн тэргүүн ард иргэддээ уриалсан билээ.

Өнөөдөр эхэлж буй АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор манай улсад 12 орны Ерөнхийлөгч, 25 орны Ерөнхий сайд нар хүрэлцэн ирсний зэрэгцээ 4000 гаруй зочид төлөөлөгч морилон саатаад байна. Мөн АСЕМ-ын уулзалтыг сурвалжлахаар гадаадын 612, дотоодын 124 сэтгүүлч ажиллаж байна.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ