Хэнтий аймагт Монгол пүүз үйлдвэрлэж байна

Монголчууд гадны улс орноос импортлохоос нааш дотоодын хэрэгцээг хангах боломжгүй байсан бараа бүтээгдэхүүнүүдээ бага багаар үйлдвэрлэж эхэлсээр байна. Автомашин, автобусыг гадны олон орны жишгээр угсрахаас эхлээд, хадаас, эрэг шураг, цавуу гээд жижиг гэлтгүй үйлдвэрлэл рүү дэвшиж байна.

Монгол залуус хийж бүтээсээр байгаагийн бас нэг тод жишээ бол Хэнтий аймагт үйлдвэрлэж байгаа монгол пүүз юм. Европ хэв загварын, өдөр тутмын хэрэгцээ болсон хувцас хэрэглэлүүд дээр өмсөж болохуйц хэрнээ монгол ахуйг хадгалсан ийм нэгэн үйлдвэрлэл өрнөж байна. Бид энэ удаагийн “Олны үг ортой эсэхийг шалгалаа” булангаа Хэнтий аймгийн “Made in Khentii” брендийн тухай сурвалжлагаар бэлдлээ.

-ОДООГООР ГУРВАН ЗАГВАРЫН ПҮҮЗ ГАРААД БАЙНА-

-Та бүхэн гутлын үйлдвэрээ хэзээнээс байгуулан ажиллаж, яг хэзээнээс пүүз үйлдвэрлэх санаагаа олж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн бэ?

-Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье. Анх би 2014 онд Б.Туул багшийн шавь болж, европ гутлын загвар зохион бүтээлт, технологийг сурсан. Гутал хийж эхлээд хоёр жил болж байна. Энэ хугацаанд өөрийн ур чадварыг нэмэгдүүлэх, туршлагажих, гутлынхаа загвар хийцийг сайжруулах тал дээр анхаарлаа хандуулсан. 2016 оны эхнээс ерөнхийдөө бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд танилцуулж эхэлсэн. Хамтран ажиллах багаа бүрдүүлчихсэн. Энэ наймдугаар сарын эхээр Хэнтий аймаг, Чингис хотдоо үйлдвэрээ албан ёсоор нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Анх гутал хийж сурч байхдаа л пүүзний зохион бүтээлтийг их сонирхож байлаа. Дадлагын ажлаа жижигхэн хүүхдийн пүүз хийж хамгаалж байсан. Хүүхдийн гутал ер нь бариад сууж байхад их хөөрхөн. загварын хувьд их чөлөөтэй, толгой их ажиллуулна. Нэг хөөрхөн санаа орж ирнэ, тэрийгээ хийж байтал бүр хөөрхөн санаа нэмээд ороод ирнэ.

Манайхан Монгол үндэснийхээ ээтэн, буриад, Хүннү загварын, угалзтай гутлаа ер нь голдуу баяр ёслолын үеэр монгол дээл цамцтай хослуулж өмсөнө. Урлагийнхан маань тайзан дээр л өмсдөгийг анзаарсан. Өдөр дутамдаа европ хувцсан дээр ч үндэсний хэв маягтай гутлаа өмсөж яагаад болохгүй гэж гэсэн санаа төрөөд “Derby” загварын хүүхдийн гуталд хээ тавьсан аятайхан болсон. Дараа нь пүүзээ чимэглэсэн. Түүнээс хойш хийж байгаа гуталдаа болж өгвөл нэг хээ тавьчих гээд байдаг болсон. Манай үндэсний хээ угалз их төгс чимэглэл шүү дээ. Ямар ч зүйл дээр донжийг нь олоод жижигхэнийг ч гэсэн тавьчихад тэр зүйл нь амилаад ирэх жишээтэй. Хөх Монголын үрс , монгол хүн монгол гоёлоороо гангарч байх ёстой гэж боддог.

-Одоогоор хэдэн төрлийн ямар ямар загварын пүүз гаргаад байна вэ?

-Одоогоор үндсэн гурван загвар гарсан байгаа. Миний хувьд захиалгаар хийсэн нэг загвараа олон хувь гаргаад байдаггүй. Дараагийн захиалганы хээ, эсвэл деталь хэсэг өөрчлөгдөөд л явна. Үнэхээр яг иймийг хийлгэнэ гэсэн хүнд хийгээд өгнө л дөө. Одоогоор миний нэг загварыг ихдээ хоёр л хүн өмсөж байгаа. Хоёрхон хувь хийгдсэн загварын гутал өмсөөд явахад бас л гангарсан болно биз. Хойшдоо ч энэ зарчмаараа захиалгын загвараа гаргана гэсэн бодолтой байгаа.

-Монгол онцлогийг хэрхэн илэрхийлж, ямар ямар хээ сонгон оруулсан тухайгаа ярихгүй юу?

-Эхний гурван загвараа дугуй хээ /пүүзэн хээ/ , эвэр угалзаар чимэглэсэн. Монгол хээ угалз маань маш баялаг болохоор дараа дараагийн загварын олон санаа бий. Бас хээ тавьдаг олон янзын уламжлалт аргууд байна, тэр бүгдийг гуталдаа шингээхийг хичээж байна даа.

-Хаана хаана зарагдаж байгаа вэ? Хэрхэн захиалга өгөх боломжтой вэ?

-Одоогоор үйлдвэр дээрээ захиалга авч байгаа. Хаяг: Чингис хот, Тэмүүжингийн гудамж, Урлан. Утас: 88565000, 99565000. Made in Khentii гэсэн фэйсбүүк хуудас байгаа. Улаанбаатар хот, бусад аймгуудаас захиалга ирдэг, тухайн орон нутаг руу явдаг такси, унаанд өгөөд явуулдаг. Есдүгээр сардаа Улаанбаатар хотод борлуулалтын цэгтэй болно.

-Гутлын материалуудаа хаанаас авдаг вэ? Ямар ямар материал ордог вэ?

-Өнгө болон дотор нь эх орны үйлдвэрийн болон импортын цэвэр арьс, дотуур улыг загвараас шалтгаалж шахмал болон зоо ширээр хийдэг.

-Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө хэрхэн шийдсэн бэ?

-Шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ авсан. Уллагаагаа гар аргаар хийдэг /hand made/. Гар аргаар нааж, хадаж, оёсон уллагаа илүү эдэлгээтэй гэж боддог.

-Хэрэглэгчдийн анхны сэтгэгдэл ямар байв аа?

-Үйлчлүүлэгчийнхээ санаанд нь хүрсэн гутал урлаж өгөөд, “Баярлалаа” гэдэг үг сонсох гоё шүү. Бяцхан захиалагчид бүр хөөрхөн шүү дээ. Шинэ гутлаа өмсөөд тольдож тольдож онгироод гарна. Хээ угалзтай пүүзний хувьд залуучууд их сонирхож байгаа. Ялангуяа гадаадад сурч, ажиллаж амьдарч байгаа залуусаас цөөнгүй захиалга ирсэн.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Ярилцлагынхаа сүүлийн хормыг таны мэдэлд үлдээе.

-Хүн дуртай зүйлээ хийгээд, түүнийхээ үр шимийг хүртээд сууна гэдэг сайхан. Үйлдвэрээ албан ёсоор нээнэ, залуустайгаа сайхан урлана, хийнэ, бүтээнэ, улам илүү өргөжинө, олуулаа болно. Хийх зүйл их байна. Өдөр бүр үндэсний гутлаараа гангараарай. Бидний эхлүүлж буй ажлыг дэмжин, олон нийтэд сонордуулж өгч байгаад талархлаа илэрхийлье.

Б.ГЭРЭЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ