137 сум тарваган тахлын эрсдэлтэй байгаа

Хөвсгөл, Баян-Өлгий аймагт тарваган тахал өвчний шинж тэмдэг илэрчээ.

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Ууса, Жалбаа гэдэг газар тарвага үхсэн тухай дуудлагын дагуу тус аймгийн ЗӨСТөв ажиллаж, лабораторийн шинжилгээ хийхэд 1 тарваганы зэм үхдэлээс тарваган тахлын үүсгэгч илэрч, тарваган тахлын байгалийн голомт идэвхитэй байгааг тогтоосон талаар мэдээллээ.

Мэдээллийн дагуу голомтот нутгийн хүн амд сургалт, сурталчилгаа зохион байгуулах, дархлаажуулалтад хамруулах, хууль бусаар тарвага агналтанд тавих хяналтыг эрчимжүүлэх, орон нутгийн захиргаа, бусад салбарын байгууллагуудтай хамтын ажиллагааг сайжруулах зөвлөмжийг хүргүүлжээ.

ЗӨСҮТөв Улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг 2016 оны 7 сарын 18-наас буюу өчигдрөөс 28-ны хооронд зохион байгуулж байна. Дархлаажуулалтад тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд хамрагдах шаардлагатай. Вакциныг 6 наснаас дээш насныханд тарих заалттай тул харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хандах юм.

Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг байгалийн голомтот, цочмог халдварт өвчин юм. Манай орны 17 аймгийн 137 суманд тарваган тахал гарах эрсдэлтэй байгаа ажээ.

ДЭМБ-ын мэдээнээс үзэхэд жил бүр 2000 орчим хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 5-15 хувь нь нас бардаг аж. Ази, Африк, Өмнөд Америкийн зарим оронд хүмүүс тарваган тахлаар өвчилж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ