О.Мөнхсайхан: Тахарын албыг татан буулгаснаар эрх мэдлийн хэт төвлөрөл бий болох эрсдэлтэй

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний санаачилсан Тахарын албаны тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Тус албыг татан буулгах асуудлыг улс төрийн хүрээнд одоо ч ярьж байна. "Шийдлийн” гэх тодотголтой Ч.Сайханбилэгийн толгойлсон Засгийн газар шинэхэн байгуулсан Тахарын албыг татан буулгах тухай анх сөхөж, тухайн үедээ УИХ-ын зарим гишүүн "Төсөв хөрөнгө гаргаж нэгэнт байгуулсан албыг татан буулгах шаардлагагүй” гэж үзсэнээр хэсэгтээ намжсан юм. Гэтэл энэ асуудал шинэ Засгийн газрын үед дахин сөхөгдлөө. Энэ талаар судлаач О.Мөнхсайхантай ярилцсанаа хүргэе.

-Тахарын албыг татан буулгах асуудал яригдаж байна. Энэ тал дээр судлаач хүний хувьд таны байр суурь ямар байна вэ?

-Сонгуулиар УИХ-д олонхийн суудал авсан нам Засгийн газраа ямар бүтэц бүрэлдэхүүнтэй байлгах вэ гэдгийг шийдвэрлэх Үндсэн хуулийн эрхтэй. Тэгэх ч ёстой. Яагаад гэвэл сонгогчид тухайн намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүл гэж сонгосон. Тэрэндээ тохирсон бүтцийг бий болгох шаардлага байдаг. Тийм ч учраас МАН 13 яам, 16 сайдтай байхаар бүтэц гаргаж байгаа нь өөрсдийнх нь шийдвэрлэх асуудал. Гэхдээ энэ дотроо яах аргагүй шинээр байгуулагдсан Тахарын албыг татан буулгаж байгаа асуудал анхаарал татаж байгаа юм. Хэдийгээр бүтцээ өөрсдөө бий болгох эрхтэй боловч өмнөх олонхийн үед хэрэгжүүлж байсан чухал бүтцийг хадгалаад явах нь чухал юм.

-Татан буугдах болсон шалтгааныг та юу гэж харж байна. Улс төрийн оролцоо байгаа болов уу?

-Тийм, энэ бол улс төрийн шийдвэр. Тахарын албыг яагаад байгуулсан бэ гэдэг шалтгааныг нь бид харах хэрэгтэй байгаа юм. Тахарын албаны үндсэн гол чиг үүрэг нь гэрч хохирогчийг хамгаалах, шүүгч шүүгчийн аюулгүй байдлыг хангах юм. Мөн хуульд заасан бусад чиг үүрэгтэй. Хамгийн гол нь гэрч хохирогчийг хамгаалах. Тахарын алба байгуулагдахаас өмнө гэрч хохирогч, шүүгч шүүгчийн аюулгүй байдлыг бүрэн хамгаалах цогц тогтолцоо бүрэн бүрэлдээгүй байсан гэж хэлж болно. Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль, Тахарын албаны тухай хууль батлагдаад шинэ бүтэц бий болсон. Нэгдүгээрт, тахарын албаны хамгийн гол үүрэг нь гэрч хохирогчийг хамгаалах юм. Гэрч гэж хэн бэ гэхээр тухайн гэмт хэргийг илчилж байгаа, тухайн хэрэгт оролцоогүй тэр этгээдийг хэлээд байгаа юм. Гэрчийн мэдүүлэг дээр үндэслэн шүүх шийдвэрээ гаргадаг. Хэдийгээр гэрч үнэнийг мэдүүлэх үүрэгтэй гэдэг утгаараа шүүхэд очиж мэдүүлэг өгдөг боловч мэдүүлэг өгсний дараа тухайн гэрчийг хамгаалах тогтолцоо бүрдээгүй байх үед гэрчийг дарамтлах айлгах, мэдүүлгийг нь өөрчлүүлэх гэж шахдаг явдлууд ил болон далд хэлбэрээр гарч байсан байгаа юм. Мөн хохирогчийг хамгаалах тогтолцоо бүрдээгүй байсан. Нөгөө талаас шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангахад учир дутагдалтай зүйлүүд гарч байсан. Шүүгчийн бие махбод, амь насанд халддаг, доромжилдог зүйлүүд гарч байсан. Жишээлбэл, 2008 онд долдугаар сарын 1-ний өдрийн хэргийн дараа шүүгчийн биед халдаж байсан. 2012 онд бас долдугаар сарын 1-ний өдрийн хэргийн цагдаагийн хурандаа нарын шүүх хурлын үеэр шүүх танхимд шүүгчийн биед халдаж байсан тохиолдлууд гарч байсан. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Тахарын албаны тухай хууль батлан гаргасан.

-Одоо Тахарын албаны чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэх асуудал яригдаж байна. Энэ хэр оновчтой бол?

-Шүүхийн байгууллага руу шилжүүлнэ гэж өнгөрсөн хавар яригдаж байгаад чимээгүй болсон. Одоо үндсэн чиг үүргийг нь цагдаа рүү шилжүүлнэ гэж яригдаж байна. Гол маргаж байгаа зүйл нь бие даасан тахарын алба гэж байх ёстой юу, эсвэл тухайн албаны чиг үүргийг цагдаагийн байгууллага хийх ёстой юу гэсэн бодлогын зөрүү л гараад байна. Өмнө нь тахарын алба гэж байхгүй байх үед асуудлууд байсан. Үүнийг хэд хэдэн зүйлээр хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт, энэ эрх мэдлүүдийг хуваарилж өгөх шаардлага байдаг. Ялангуяа ганцхан хууль тогтоох, шүүх эрх мэдэл биш ерөнхийдөө өөр өөр чиг үүргүүдийг өөр өөр субъектүүд дээр хэрэгжүүлвэл тэр нь илүү үр дүнтэй байдаг. Хэрвээ бүх чиг үүрэг, эрх мэдлийг төвлөрүүлчихвэл тэр эрх мэдлийг урвуулан ашиглах байдал үүсдэг.Цагдаагийн байгууллага бол нийгмийн аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй байгууллага. Гэтэл Тахарын албаны чиг үүргүүдийг нэмээд өгөхөөр эрх мэдлийн төвлөрөл бий болдог. Энэнээс сэргийлж тухайлсан Тахарын алба байгуулсан болов уу гэж бодож байна. Тусгайлсан гэрч хохирогч, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ийм алба байснаар мэргэшсэн албан хаагчидтай болж байна, соёл бий болж байна, энэ чиг үүргээрээ мэргэшиж байна. Ингээд ирэхээр үндсэн чиг үүргүүд илүү сайн хэрэгжинэ.

-Гэрч хохирогчийг хамгаалах ажлыг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэнээр үр нөлөө нь буурна гэж та үзэж байна уу?

-Цагдаагийн байгууллагад шилжүүлэх юм бол энэ үр нөлөө буурна гэж ойлгож болно. Яагаад гэвэл Цагдаагийн байгууллагын албан хаагчдын тоо хүн амынхаа тоотой харьцуулаад үзэхэд тийм хүрэлцээтэй биш гэсэн судалгаа байдаг. Тийм учраас энэхүү ажил цалгардах магадлалтай. Үр дүн муутай гэсэн ганцхан жишээ авахад дээр дурьдсан долдугаар сарын 1-ний цагдаагийн хурандаа нарын хэргийг 2012 оны гуравдугаар сард шийдвэрлэж байсан юм. Тухайн хэргийг шүүсэн шүүгчийг албан газраасаа гарч яваж байхад нь хэл амаар доромжилж, биед нь халдаж байсан. Цагдаагийн дарга нарын асуудлыг шийдэж байсан учраас цагдаа нар шүүгчийг хамгаалаагүй гэсэн байр сууринаас тухайн үед хэвлэлүүдээр мэдээллэж байсан. Тэгэхээр Цагдаагийн байгууллагад шилжсэнээр эргээд цагдаагийн алба хаагчид ч юм уу, эрх мэдэлтэй хүмүүсийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдлээ гэхэд ашиг сонирхлын зөрчил үүсч болох магадлал бий.

-Тахарын алба байгуулагдаад 3 жил ч хүрээгүй байна. Энэ талаас хууль тогтвортой үйлчилж байж зорилго болон үр дүн нь гардаг байх. Та юу хэлэх вэ?

-Тахарын албыг буцаагаад байхгүй болгоно гэж байгаа нь хууль дээдлэх ёсонд нийцэхгүй. Таны ярьж асууж байгаатай адил хууль институд тогтвортой үйлчилж байж зорилго болон үр дүн нь гардаг. Хохирогч гэрч хамгаалагдаж, шүүхийн аюулгүй байдал хангагдана. Тэгэхээр нэг шинэ институд байгуулагдаад ажиллаж байхад, тэрийг дахиад л татан буулгаад л нэгнийхээ хийсэн юмыг үгүйсгээд байх юм бол төрийн бодлогын залгамж чанар гэдэг юм байхгүй болчих гээд байгаа юм. Мэдээж өөрсдийнхөө намын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүтцийг бий болгох хэрэгтэй. Тэгэхдээ өмнөх засгийнхаа хийсэн ийм ололттой зүйлийг үгүй хийж байгаа нь харамсалтай.

-Тахарын алба цагдаагийн байгууллага руу шилжихэд гарах хамгийн хор хөнөөлтэй зүйл юу вэ?

-Мэдээж гэрч хохирогч, шүүгчийн аюулгүй байдалд нөлөөлөх байдлыг таслан зогсоох хүч суларч байгаа юм. Өмнө байсан тогтолцоо шиг үр нөлөөгүй байдал үүснэ. Ялангуяа нарийн төвөгтэй эдийн засгийн, зохион байгуулалттай гэмт хэргийн хохирогч болон гэрч айдастай байдал руу орох магадлал байгаа юм. Дээрээс нь шүүгчийн аюулгүй байдал Тахарын алба байгуулагдсанаар хамаагүй сайжирсан гэсэн судалгаа байдаг. Тийм учраас Тахарын алба татан буугдсанаар энэ байдал улам дордох нөхцөл үүснэ.

-Танд амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ