Хотын Менежерт "хориглох" зүйл

Нийслэлд ялсан МАН–ын томилгоо жигдэрч эхэллээ.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар Т.Гантөмөр томилогджээ. Засаг дарга хийж явсан хот дүүргийн амьдралд ойр гэсэн энгийн чимэгтэй магтаалтай энэ эрхэм ирэх дөрвөн жилийн нийслэлийг “менежердэнэ”. Сая илүү хүнтэй МетроПолис хотын ерөнхий менежер гэдэг хотын хөгжлийн менежер гэж ойлгогдоно. Оршилд тааруухан дүгнэлт хэлэхэд бидний нийслэлд үсрэлт болсон хөгжил байхгүй ч хотын жишиг төрхөө олох гэж яваа гэхэд болохоор.
Үүл баатрын баг ялагдлаа зөвшөөрөхгүй болтлоо хийсэн ажилдаа сэтгэл ханасан байсан.Зам уулзвар тавигдаж, бөглөө түгжрээ шингэрсэн гавьяа байгаа ч барилга объектын төлөвлөлтгүй шахцалдаан, тэлэлтгүй хонхорт хүн амын нягтаршил нь нэмэгдсээр. 250 мянган гаруй тээврийн хэрэгслийн 70-аад хувь нь энэ нийслэлдээ л чихэлдэнэ. Төрийн үйлчилгээний бараг бүх байгууллага нь төвийн хэсэгтээ л бөөгнөрсөөр, иргэдээ чирэгдүүлсээр байгаа. Цахим үнэмлэх уншдаг ухаалаг ТҮЦ–ийг эс тооцволнэг цонхны түмэн бэрхшээл, дараалал үнэндээ шингэрээгүй юм.
Залуус хуруу дарам кино театраас өөр их хотын “ритм”-ээрээ байх орчин, чөлөөт цагаа өнгөрөөх талбай, өргөн чөлөө бараг алга. Хотын ганц төвлөрөл цэцэрлэгт хүрээлэнгийн тал хэсэг болох Улаанбаатар зочид буудлын урдах талбайг биеэ үнэлэгчид “өмчилсөн” хэвээр. Хосууд тэрүүгээр хөтлөлцөөд хэд тойрвол нүүр номондоо юу ч гэж гүтгэгдэж мэднэ. Түгшүүртэй ногоон орчин.
Баар буудал сард арваар нэмэгддэг бол номын сан, соёлын газрууд 4 жилдээ нэг л нээлт хийдэг. Явган замгүй хүүхэд тоглох талбайгүй хэрнээ “хүний хэрэгцээ цөм бүрдсэн” гэсэн цогц рекламтай байшин хорооллууд баригдсаар. Авсан иргэд буцааж зарах шансгүй эвлэрч амьдарсаар.
Захын хороололд сонгуулийн замыг эс тооцвол дэд бүтэц төдий л хөгжсөнгүй. Стандартгүй гэр хороолол хотоо бүслэн тэлж, утаан хөшигний суух хүрээ нэмэгдсээр. Хөрсний бохирдол агаарын бохирдлын араас нэхэж ирж байгаа.
Нийтийн тээврийн нийтлэг зовлон хэвээрээ. Эвээ нэг л олохгүй байгаа шинэчлэлүүдэд иргэд бухимдсаар жил тойрсон буюу тооцоо судалгаа дутуу л ажил эхлүүлээд байгаа харагдана.
Энэ бүхний эцэст хэлэх зүйл бол хоггүй хот болгох худлаа уриа, лоозон плакат хэвлүүлэхийг Хотын менежерт хоригломоор байна. Эхлээд тав алхаад нүдэнд тусах хогийн савыг төвөөрөө өрчих. 21-р зууны смарт утастай иргэд нүдэн дээр байгаа бэлэн савыг давуулж хогоо шидээд байхгүй болсон. Сошиал ертөнц хотын соёлд нийтийн хяналт тавьчихдаг болсон. Товчдоо бол элбэг хүрэлцээтэй гэдэг нийслэлийн баян төсвийг иргэд болоод хотод нь наалдах юманд менежерлэхийг хүсье.
Б. Ихэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ