Осол болсон төмөр замын засварт 7.8 сая төгрөг зарцуулжээ

Долдугаар сарын 22-23-нд шилжих шөнийн 03:58 цагт Улаанбаатар төмөр замын Дархан-2 өртөөний 14 дүгээр замд ОХУ-аас Хятад руу дамжин өнгөрөх тээврээр мод ачиж явсан 2504 дүгээр галт тэрэгний дундаас зургаан вагон замаас гарч осолдсон билээ.
Энэ талаар өнөөдөр Улаанбаатар төмөр замын Удирдах газарт “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, хамгаалалт хариуцсан орлогч дарга Ч.Эрдэнэдалай, Суурь бүтэц хариуцсан замын орлогч дарга Д.Батбаатар, Тээврийн хяналтын байцаагч Т.Доржжанцан нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Ачааны галт тэрэг цагт 80 км/цаг, суудлын галт тэрэг 100 км/цагийн хурдтай явах үүрэгтэй байдаг. Мөн эргэлт дээр 25 км/цагийн хурдтай эргэхийг зөвшөөрдөг байна. Осолддог галт тэрэгний хувьд 20 км/цаг орчим хурдтай явж байсан гэх дүгнэлт гарчээ. Зүтгүүрийн толгой хэсэг болон эхний таван вагон эргэлтэд багтаж гарсан ч зургаа дахь вагон замаасаа гарсны улмаас тормозны хоолой болон вагонууд салгагдаж, уг салгагдсан вагонууд хойноос нь инерцээрээ түрснээс бүрэлдэхүүний дундаас араасаа татагдан галт тэрэг осолджээ. Ослын улмаас хүний амь нас хохирох болон байгальд хортой бодис асгарах зэрэг асуудал гараагүй байна. Вагонд ОХУ-аас транзитаар өнгөрч явсан мод, банз, гуалин ачсан байсан бөгөөд цаг алдалгүй шилжүүлж, ачааг нь гаалийн газарт хүлээлгэн өгч ажиллажээ.
Сэргээн босгох ажлыг 2016 оны долдугаар сарын 23-ны 10:30 цагаас долдугаар сарын 24-ний 11:40 цагийн хооронд хийж дуусгажээ. Зургаан вагоныг ослын газраас өргөж зайлуулж, замыг нь сэргээн засварлаж, хөдөлгөөнийг нээсэн байна. 40 орчим метр газарт зам эвдэрч, сэргээн засварлахад 7.8 сая төгрөгийн зардал гарсан байна.
Ослын шалтгааныг байгалийн янз бүрийн шалтгаанаас үүдэлтэй байж болзошгүй гэж таамаглаж байгаа ч нарийвчлан гаргах ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм байна. Тухайн орон нутгийн цагдаа, тагнуул, онцгой байдлын албаныхан ачаанд шалгалт хийсэн учраас тээвэрлэлттэй холбоотой асуудал гараагүй аж.
Вагонууд нь ОХУ-ын паркынх бөгөөд 1980-1997 оны орчимд ашиглалтад орсон, тухайн төрийн өмчөөс хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид хувьчлагдсан вагонууд гэнэ. ОХУ-ын Дорнод Сибирийн төмөр замаас вагон хариуцсан мэргэжилтэн инженерүүд газар дээр нь ирж үзжээ. "Тухайн вагоны төлбөрийн асуудалд ашиглалтын хугацаанаас хамаараад ОХУ-ын талаас өөрсдийн санал гомдлыг тавих байх. Хамтарч шийдвэрлэнэ." хэмээн албаныхан ярьлаа.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ