Д.Жаргалсайхан: Зуун км-т ердөө 2000 төгрөгийн үнэтэй цахилгаан зарцуулна

Монголдоо цахилгаан хөдөлгүүртэй утаагүй эко автомашин угсарч үйлдвэрлэсэн багийн төлөөлөл Д.Жаргалсайхантай ярилцлаа.

-Юуны өмнө та зохион бүтээсэн машинаа танилцуулна уу?

-Энэ машин бол GE-800 гээд троллейбус, дуабус , монбус зэрэг эко автобусуудын хамгийндүү гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, цахилгаан хөдөлгүүртэй утаагүй эко автомашин. Энэ машиныг туршилт судалгааны зориулалтаар Монгол Улсад анх удаа угсарч үйлдвэрлэлээ.

-Цахилгаан машинаа хаана үйлдвэрлэсэн бэ?

-Энэ машиныг хийхэд Монголын 4,5 компани оролцсон. Цаашдаа үйлдвэрлэлийг бий болгож кластераар хөгжүүлнэ. Одоогоор “Автошил” компани, “Сибкабел” компани, Төрийн соёрхолт Н.Нацагням тролейбусны инженерүүд гэх мэт олон хүний хамтын бүтээл. Шилийг “Автошил”, сандлыг “Анар техник” гээд компани хийсэн. Ийм маягаар энэ машин бүтэж байгаа юм. Нэг барилга руу олон компани орж бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Түүнтэй адилхан машины үйлдвэрлэл араасаа кластержиж, компаниудыг дагуулж орж ирдэг. Яг Японы Тоёота, Солонгосын Хюндай маягийн хөгжлийн шинэ гарц, шинэ салбар юм шүү дээ.

eco

eco

-Энэ машин хэр хүчин чадалтай вэ?

-48 вольтоор ажиллана. Сандлынхаа доор дөрвөн аккумлятортой. 3.5 киловаттын цахилгаан хөдөлгүүртэй. Нэг цэнэглэлтээр 110 км зам туулах чадвартай. Харин орой нь гар утасныхаа батарейг цэнэглэдэг шигээ энэ аккумлятороо аваад цэнэглэчихдэг. Ингээд дүүрэн цэнэгтэй болно. Энэ цэнэгээрээ 110 км зай туулах хүчин чадалтай гэсэн үг. Утасны цэнэг дуусч байгаа үгүйг хараад мэддэг шиг хянах самбараараа цэнэгээ хянаад явчихна.

-Машин хэдэн км/цаг хүртэл хурдлах вэ?

-Энэ машины дээд хурд нь 40 км/цагаар хийгдсэн байгаа. Ер нь цаашид 50, 60 км/цаг хүчин чадалтай хийх бололцоотой. Гэхдээ энэ машин маркетингийн загвар гэдгийг ойлгох хэрэгтэй. Цаашдаа суудлын загвар хийх бүрэн боломжтой гэдгийг л баталж харуулж байгаа юм.

-Машин ямар, ямар туршилтад ороод байна вэ?

-Энэ машин бол доод талын явах ангийн туршилтын загвар юм. Эд анги яаж байна, рулийн систем, тормозны систем, инверторын систем ямар байна гэх мэт туршилтуудад ороод байна.Энэ машиныг аль болох эвдлэхийн тулд л явуулж байна даа.

-Туршилтад яваад хэр удаж байна?

-Туршилтаар явуулаад нийт 1020 км явсан байна. Энэ хугацаанд ямар нэг асуудал гарсангүй, супер байна. Нийт 270 киловатт эрчим хүч зарцуулсан байна. Шөнийн тарифын 77 төгрөг 10 мөнгөөр тооцвол 100 км замд нийт 2000 орчим төгрөгийн зардал гаргасан байна.

eco

eco

-Өвлийн улиралд хэрхэн ажиллах бол?

-Цаашдаа өвлийн улирлынхаа туршилтыг хийнэ. Зун болон хавар, намарт яах ч үгүйг мэдэж байна. Тиймээс өвөл хэрхэхийг харах үлдээд байна. Яг л бусад машинтай адилхан халаалт, хөргүүрийн системтэй учир эргэлзээ бага. Ерөнхийдөө Монголын зам, цаг агаарын нөхцөл байдалд тохируулсан оновчтой шийдлийг л олж харах гээд байна.

-Цахилгаан автомашины давуу тал юу вэ?

-Дэлхийн машин үйлдвэрлэлийн хөгжил угаасаа цахилгаан машин руу явчихсан. Ирээдүйдтав, арван жилийн дараа хүссэн хүсээгүй цахилгаан машин унах болно. Тиймээс бид хүн төрөлхтөний хөгжлийн араас нь хөөхөөсөө илүү угтаж очоод өөрсдийнхөө шийдэл,өөрсдийнхөө аккумлятор эрчим хүчний эх үүсвэрийн тогтолцоотой болох ёстой юм. Манайд “Мон-батарей” гээд компани байна. Яг энэ аккумляторын үйлдвэрлэлд Монгол Улс тэр хар тугалганы нөөц, шинэ эрчим хүчний нөөцөөрөө асар баялаг шүү дээ. Энэ том баялаг дээр тулгуурлаад Япон, Хятад, Герман алинтай ч хамаагүй хамтарсан аккумляторын үйлдвэрийг гаргаад, хамтарсан батарей хийгээд, гадаадад экспортлох хэрэгтэй байхгүй юу.

-Бидний хийж буй цахилгаан машин бусад орны машинуудтай харьцуулбал үнийн хувьд хямд чанартай байж чадах уу?

-Монголд дэлхийн хамгийн хямд чанартай цахилгаан машин хийх боломж байгаа юм. Яагаад гэхээр түүхий эд нь байна. Биднээс түүхий эдээ аваад асар үнэтэй машин хийгээд байна. Америк гэхэд 70-140 мянган ам.долларын үнэтэй цахилгаан машин хийж байна. Нэг цэнэглэлтээрээ 450 км явдаг ийм машин хийсэн байна. Тэгэхээр бид тэр шийдэл рүү л явна. Үүнийг хийх хүсэл эрмэлзлэл байна.

-Монгол дахь зах зээлийн боломж хэр байна вэ?

-Монголын зах зээлд эрэлт гэж нэг юм бий. Үүнийг хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзлэл байна. Тэгэхээр ийм юм хийдэг олон залуу гараад ирээсэй. Олон компани энэ салбарт ороод ирээсэй. Барилгын салбарт байдаг шиг 300, 400 компани энэ салбарт ажиллаасай. Тэртээ тэргүй жилдээ 1.7 тэрбум ам.доллар гаднаас машин механизм төхөөрөмж сэлбэг авахад зарцуулдаг. Тиймээс энэ том хөрөнгө оруулалт дээр монгол хүмүүс ажиллаасай, тэндээсээ орлогоо олж цалингаа аваасай гэж бид хүсээд үлгэрлэн харуулж байна. Уриалан дуудаж, яриагаараа биш биетээр үзүүлээд явж байна. Нийгэмд цоо шинэ сэдэл төрүүлэх гэж үзэж байна. Ингэж болдог юм байна. Энэ салбар луу орооч дээ гэж. Энэ утгаараа манай томоохон хэдэн групп цахилгаан тээврийг дэмжиж, утаа гаргадаггүй эко цахилгаан автобусууд угсарч одоо хүртэл явж байна шүү дээ.

eco

eco

-Туршилтын загвар маань ганцхан хувь үйлдвэрлэгдсэн үү?

-Энэ машин ганцхан байна. Одоо бид дараагийн машины хэв хийж байна. Тэр маань цахилгаан такси байх зориулалттай. Таван хүний суудалтай. Дөрвөн хүний суудалтай, ар талдаа ачаатай байхаар гээд загваруудаа бүтээж байна.

-Хэзээнээс олноор үйлдвэрлэж, хэрэглээнд гаргах вэ?

-Эхлээд манай хотын дарга нар цахилгаан машиныг хэрэглэх хэрэгтэй байна. Бензин, дизель хөдөлгүүртэй машинаас цахилгаан машины ашиглалтын зардал даруй арав дахин бага байдаг. Тиймээс эхлээд Улаанбааатар хотын төр захиргааны байгууллага үлгэр дууриалал үзүүлэх ёстой гэж би ойлгож явдаг. Яаж гэхээр нь Улаанбаатар хот 169 автомашинтай. Тэр нь 6.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий машины парк байна. Энэ паркаа цахилгаан машинаар сольчих. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын төр захиргааны байгууллагууд жилдээ 560 сая төгрөгийн шатахуун зарцуулдаг. Цахилгаан машин хэрэглэвэл үсрээд л 50 сая төгрөгийн зардал хэрэглэнэ. Тэгэхээр эдийн засгийн хямралыг эко машинаар даван туулъя гэж санал тавиад байна. Ингээд төр засгаас биднийг дэмжээд худалдан авалт хийчихвэл цаашдаа үйлдвэрлэлээ явуулах хөрөнгө бий болно гэсэн үг. Гадаад улс орнуудад төр нь худалдан авалтаараа үндэсний компаниудаа босгож ирдэг. Хятад, Солонгос, Орос гэх мэт бүс нутгийн орнуудын туршлагаас судлах хэрэгтэй. Энэ туршлагаас үндэслэн эх оронч худалдан авалт хийж, энэ компаниудаа босгоод ирэх хэрэгтэй. Болгоё гэвэл болно. Болохгүй гэвэл юу ч бүтэхгүй. Ялангуяа электроникийн машин механизм софтвер хардверийн төрлийн үйлдвэрлэгч хэрэгтэй. Япон улс шиг цалин авъя гэж байгаа бол тэр улсын хөгжлийн загвар кластерт орсон үйлдвэрийн тогтолцоог бий болгох. Жижиг дунд үйлдвэрлэл манай улсад гэрийн шаахайнаас цааш хөгжихгүй байна.

Тэгэхээр яах вэ гэхээр Солонгосын тэр жижиг дунд үйлдвэрлэлийн загварыг шууд буулгах хэрэгтэй. Тэгэхийн тулд эх оронч байх ёстой, дотоодын зах зээлийг хамгаалж өгөх хэрэгтэй. Хятад руу бараа экспортод гаргая гэхээр 125 хувийн татвар тавьчихаад байна шүү дээ. Харин хятадууд манай руу машин оруулахад тавхан хувийн татвар төлж байна. Энэ бол тэнцвэргүй тулаан. Энэ зах зээлийг гадаадын үйлдвэрлэгч нарт үнэгүй өгчихөөд байна. Тэгэхээр монгол компаниуд хөгжиж бойжих хөгжлийн эхлэл бизнесийн орчин бүрдэж өгөхгүй байгаад байна. Тиймээс нэгдүгээрт, монголчууд эх оронч худалдан авалт хийх, хоёрдугаарт, дотоодын зах зээлийг үндэсний үйлдвэрлэгч нарт нээж өгөх, гуравдугаарт, татварын бодлогоор дэмжих хэрэгтэй. Ингэж байж үндэсний үйлдвэрлэл бойжно, хөгжинө, оршин тогтноно.

eco

-Цахилгаан машин унах хүсэлтэй иргэд захиалга өгвөл хийж өгөх үү?

-Нэг бүтээгдэхүүнийг хөгжүүлнэ, өсгөж бойжуулна, зах зээл дээр гаргаж ирж таниулна гэдэг бол маш олон жилийн хөдөлмөр юм. Жишээ нь, би троллейбус үйлдвэрлэх гэж амьдралынхаа 20, 30 жилийг зарцуулсан байна. Автобус үйлдвэрлэх гэж сүүлийн 10 жилээ зарцуулсан байна. Одоо цахилгаан машиныхаа ерөнхий зарчмыг инженер хүнийхээ хувьд мэддэг учраас амархан гараад ирнэ. Нэг жилийн дараа гэхэд үйлдвэрлэлээ эхэлчихмээр байна. Хэрэв эх оронч худалдан авалтаа хийгээд эхлэх юм бол бид энэ машинаа борлуулаад, нэг жилийн баталгаа өгөөд, таван жилийн техникийн засвар үйлчилгээг үнэгүй хийж өгнө.

-Таны унаж байгаа шиг хоёр хүний суудалтай цахилгаан машин хэдэн төгрөгөөр гарах вэ?

-Энэ машины хувьд бол туршилт судалгаанд зориулагдсан болохоор 11 сая төгрөгийн үнэтэй. Судалгааны зориулалттай болохоор үнэтэй тусдаг. Үйлдвэрлэлээр орох бол мэдээж хямдарна. За тэгээд суудлын тоо зориулалт, хурд гээд захиалагчийн хүссэнээр хийж эхэлбэл мөнгөн дүн өөрчлөгдөнө. Захиалгын машин нэг сар хүрэхгүй хугацаанд эзэндээ очно. Гэхдээ бид талх шиг зарагддаг, хамгийн хямд машин хийхийг зорьж байна. Тиймээс бид ингэж ажиллаж байна. Одоо энэ машинаа борлуулмаар байгаа юм. Тэгэхээр мөнгө орж ирнэ. Тэр мөнгөөрөө дараагийн бүтээгдэхүүнээ хиймээр байна.

-Машинаа унаад явж байхад замын цагдаа зогсоож байв уу?

-Үгүй шүү, харин ч дэмждэг. Яагаад гэвэл энэ машин замын цагдаад хэрэгтэй ш дээ. Энэ төрийн байгууллагад хэрэгтэй. Сэтгүүлч та нарт ч хэрэгтэй. Энэ машин цахилгаан машин гэдэг утгаараа дугаарын хязгаарлалтад орохгүй тийм дугаар авсан байгаа.

-Цахилгаан автомашиныг барихад жолоодох эрхийн үнэмлэх хэрэгтэй юү?

-Жолооны “Б” ангиллын үнэмлэхтэй хүмүүс барьж болно. Цахилгаан машинаа улсын бүртгэлд бүртгүүлээд, техникийн үзлэг оношлогоондоо хамрагдаад, хяналтдаа ороод, улсын дугаараа аваад, Монгол улсын замын хөдөлгөөнд оролцох бүрэн эрх нь нээгдсэн байгаа.

-Танд баярлалаа.

Б.ГАНТУЯА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

eco

eco

eco

eco

eco

eco

СЭТГЭГДЭЛ БИЧИХ