Залуучууд лааз өшиглөхөө больмоор

Монголын Залуучуудын Нам гэж содон нэртэй улс төрийн нам дээд шүүхэд бүртгүүлсан байдаг. Тэгснээ сонгуулийн эргэлтэд зарагдсан бололтой сураг алдарч билээ. Тэр цагаас хойш Залуучуудын гэх тусдаа содон байгуулллагын тухай сонсоогүй уджээ. Монголын Залуучуудын Холбоо гэж тусдаа байр ордонтой, 21 аймаг хөдөө орон нутагт салбартай том байгууллага байдаг. Энэ зунаас илт улс төржих болсон энэ байгууллагын статусыг ч ойлгохоо болилоо. Хар цагаан жагсаалт гэдгээр сонгуульд орлоготой “амжилттай” оролцсон байх. Өөрөөр энэ байгууллагын нэрээр залуучуудын тухай онцлон ярьж, ядаж нэг хуулийн төсөл бариад явж байсан нь дурсамжид үлдсэнгүй. Янз бүрийн одон медаль урамшууллыг бол шууд сайн тараадаг юм билээ.
Нийт хүн амын 34 хувийг нь 16-35 насны бүлэг эзэлдэг улсад залууст нь ажлын байр орлого байхгүй. Хаа нэгтээ ууланд алт гарлаа гэвэл бүгдээрээ шахуу хөдлөөд нинжа болчихдог. Барилгад ажилла гэвэл гар хумхиад захлаад явчихдаг гэдэг. Үүгээр манай залуус “залхуу” гэсэн шүүмжлэл дээр нь нэмээд нэг шүүмжилчихье.
Нийслэлийн бүтцэд залуучуудын гэх тодотголтой байгууллага нэмэгджээ. Юу хийх вэ...
Маш их ажил байгаа. Юун түрүүн залууст, зорилтод бүлэгт шууд хандсан амьдрах ухаан, өөртөө итгэх итгэл олгох богино хугацааны сургалтыг нэгж шатаар бүсчлэн явуулмаар. Мэргэжлийн чиг баримжаа олгохын наана тархины түгжээг нь гаргах том зорилт тавьж ажиллаасай. Зүгээр л нэг гутранги идэвхигүй залууг гуравхан сарын дотор итгэгч болгох нэг сүмийн менежментийг гүйцэж ажиллаасай.
Энэ төр өнгөрсөн 25 жилийн урьд шилжилтийн үедээ залуусаа зам дээр түр орхиод хөдөлсөн нь үнэн. Араасаа татаж авсан ч урагшаа гаргадаггүй. Хамгийн зөв бөгөөд сайн сонголт нь харьд гарч ажиллах болчихоод байгаа нэгэн үе давхаргабий болоод байна. Дөрвөн жилийн оюутны дурсамжтай, хонхны баярын зургийн цомогтой, хоймороо залсан дипломтой ч ажил олдохгүйн асуудалтай дээд боловсролтнуудын бараг арми байна.
Хувийн хэвшилд барилгын компани, “баар” хоёроос өөр ажлын байр илүүчилдэг газар алга. Хөдөлмөрийн бирж нэртэй судалгаа тайлан хөөсөн байгууллага хөрсөн дээрээ буусан ажил хийдэггүй. Ажилгүй залуусын мэдээгээр “тайлан” гаргадаг амархан ажлын байртай бүхэл яамны агентлаг бий болгосон. Шилэн хорго шиг байшинд баахан мэргэжилтнүүд, хэлтсийн дарга нартай суудаг. Татан буулгадаггүй гэхэд тэр байранд нь шаварчин, өрлөгчин гагнуурчны үнэгүй дамжаа бас сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв нээчихмээр. Ядаж л бүтээлч хоббитой, зохион бүтээгч залуусыг дэмжсэн клубт танхим болгоод түрээсэлчихмээр.
Бүхэлдээ бараан буулгасан энэ бичлэгийнхээ төгсгөлд нам дагаж улс төр хийх, баялаг бүтээгч болж хөлөлмөрлөх хоёрын өнгө ялгаа дэндүү зөрүүтэй болсон нийгмийн өмнө битгий сөхрөөрэй гэж залуустаа уриалья.
Эмэгтэйчүүд нь наймаа эрхэлж лангуу сахиж хоногийн хоолоо аргацааж, эрчүүд нь амархан баяжихаар бүлт үсэрч, архиа уусаар байна. Энэ ид насны иргэдийн амьдралын энэ саарал мананд гэрэл оруулах төрийн бодлогыг шинээр бий болсон Нийслэлийн Залуучуудын газар эхлүүлнэ гэж найдья.
Б.ИХЭР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ