Өмнөд Хятадын тэнгист хаа сайгүй хурцадмал байдал үүсэв
Азийн хоёр хүчирхэг гүрний ашиг сонирхлын огтлолцол Өмнөд Хятадын тэнгис дэх бүлэг арлуудад байдаг. Тэгвэл хүн төрөлхтөний анхаарал зуны олимпийн наадамд шилжсэн хойгуур Азид их гүрнүүдийн харилцаанд хурцадмал байдал үүсээд байна.
Сенкаку арлуудын ойролцоо
Зүүн Хятадын тэнгис дэх Японы эзэмшлийн бүсийн ойролцоо загасчлалын завь, харуулын хөлөг онгоц зэрэг нийлсэн 200 гаруй усан онгоц байрлуулаад байна. Үүнийг Японы талаас Бээжин флотоо байршуулсан хэмээн мэдээлж байгаа. Ийнхүү сүржин мэдээлсний учир нь Токио тэдгээр 200 гаруй хөлөг онгоцны дунд бүрэн зэвсэглэсэн цэргийн хөлөг онгоцууд байгааг илрүүлсэн гэжээ. Японы тэнгисийн хамгаалалтын хөлөг онгоцууд ч тэрхүү бүсэд онгоцуудаа татаж онцгой анхааралд аваад байна.
Үүний өмнөхөн буюу наймдугаар сарын 06-нд Хятадын сөнөөгч, бөмбөгдөгч онгоцнууд байлдааны сургуулилт хийж, Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай арлуудын дээгүүр ниссэн байна. Үүнийг ч мөн Японы зүгээс өдөөн хатгалга хэмээн тайлбарлаад байсан юм. Хятад болон Японы дундах эзэмшлийн маргаантай Сенкаку бүлэг арлуудаас болж хоёр улсын харилцаа байнга асуудалд орж байдаг.
Спратли арлуудын ойролцоо
Сүүлийн жилүүдэд Өмнөд Хятадын тэнгисийн өнцөг булан бүрт идэвхтэй бодлого явуулах болсон Хятадын хувьд Сенкаку арлын дэргэд Японтой асуудал үүсгэж байх зуур АНУ-ын зүгээс ч олны анхаарлыг татсан алхам хийж эхэллээ. Юун гэвээс Өмнөд Хятадын тэнгист байлдааны сөнөөгч онгоц илгээж байгаа тухайгаа Пентагон мэдээллээ. АНУ, БНХАУ болон Өмнөд Хятадын тэнгист геополитикийн хамааралтай байдаг бусад улсуудын дундСпратли арлуудын ойролцоо хиймэл арал барьж байгаатай холбоотой хурцадмал харилцаа үүсээд байгаа юм. Энэ үед АНУ-ын тэнгисийн цэргийн байлдааны онгоц Хятадын далайн хилээс 22 км зайд ойртож байгаа нь олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг татаж байна.
Өнгөрсөн сард АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Өмнөд Хятадын тэнгист хятадуудын барьж буй хиймэл арлын ойролцоо цэргийн хөлөг онгоц илгээх санааг цухалзуулж байсан юм. Тэгвэл энэ санаа ажил хэрэг болж Спратли арлуудын орчимд хиймэл арал барихыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн ийнхүүАНУ хөлөг онгоцоо илгээжээ. “USS Lassen” нэртэй байлдааны сөнөөгч, мина тээгч хөлөг онгоц 24 цагийн дотор тус арлуудын ойролцоох Өмнөд Хятадын тэнгист очих аж. Хятадын Гадаад хэргийн яамнаас “холбогдох талууд өдөөн хатгалгын шинжтэй үйлдэл хийхгүй байх, бүс нутгийн энх тайвныг хариуцлагатай хадгалах”-ыг үүнтэй холбоотойгоор сануулаад байна.
Параселийн бүлэг арлуудын ойролцоо
Өмнөхөн нь БНХАУ Вьетнам, Тайвань улстай газар нутгийн маргаан дэгдээдэг Параселийн бүлэг арлуудын Вуди хэмээх хамгийн том хиймэл арал дээр зенит-пуужингийн цогцолбороо байршуулсан. Хятадын энэхүү зенит-пуужингийн цогцолборыг Америкийн “Fox News” сувгийн сурвалжлагчид хиймэл дагуулаас авсан хамгийн сүүлийн үеийн зураг дээрээс илрүүлсэн юм. Вуди арал дээр пуужингийн төхөөрөмж байгаа тухай Тайванийн Батлан хамгаалах яамны төлөөлөгч Дэвид Ло ч “Ройтерс” агентлагт мэдээлсэн. Харин Хятадын ГХЯ уг мэдээллийг барууны хэвлэлүүдийн худал мэдээлэл, Хятадыг сүрдүүлэх гэсэн ээлжит оролдлого гэжээ. Тэгсэн хэрнээ Параселийн бүлэг арлуудад тэнгисийн болон агаарын эсрэг хамгаалалт байршуулах үйл явц жилийн өмнөөс эхэлсэн, яагаад гэвэл энэ бүлэг арлууд бол БНХАУ-ын салшгүй нэг хэсэг гэж тэмдэглэсэн байна. Тус улс энэ хэсэгт газар нутаг, тусгаар тогтнол, аюулгүй байдлынхаа төлөө хамгаалах объект байршуулах хууль зүйн бүрэн эрхтэй гэж үздэг.
Хятад улс Параселийн бүлэг арлуудыг 40 гаруй жилийн турш хяналтдаа байлгаж буй хэдий ч энэ хэсгийн хууль ёсны эрхийн төлөө Вьетнам, Тайвань маргаан дэгдээдэг юм. Урьдчилсан таамаг ёсоор энэ хэсэгт нефть, хийн асар их нөөц бий гэнэ. Хятад улс хиймэл Вуди аралд пуужингийн төхөөрөмж байршуулснаар бүс нутгийг зэвсэггүйжүүлнэ гэсэн амлалтаа зөрчиж байгаа аж.
Өмнөд Хятадын тэнгис яагаад ийм чухал вэ
Юуны түрүүнд мөнгө л гэж хэлэхэд хангалттай. Европ, Ойрхи Дорнодоос Зүүн Ази руу чиглэсэн замд орших Өмнөд Хятадын тэнгисээр дэлхийн усан замын нийт худалдааны тал хувь нь дайрч өнгөрдөг. “Ройтерс” агентлагийн тооцоолсон мөнгөн дүнгээс үзэхэд жилдээ таван их наяд долларын худалдаа гэсэн үг юм. Үүнээс өөр нэг чухал асуудал бий. Судлаачдын баталж буйгаар тэнгисийн ёроолд нефть, хийн асар их нөөц хуримтлагдаж буй. Дэлхийн банкны тооцоолсноор энэ бүс дэх тэнгисийн ёроолд дор хаяж долоон тэрбум баррел нефть, 25 их наяд орчим шоо метр байгалийн хий нуугдаж байгаа гэнэ.
Эдгээр боломжууд нь Хятадын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтөд томоохон нөлөө үзүүлнэ. Түүнчлэн энэ бол Малайз, Вьетнам зэрэг жижиг улс орнуудад асар том боломж юм. Тиймээс ч “Өмнөд Хятадын тэнгисийн өмчлөлийн эрхийн төлөө хэн хэн тэмцэлддэг вэ” гэсэн асуудлаас илүүтэй хэн оролцдоггүй вэ гэж асуусан нь дээр биз. 3.5 сая километр квадрат талбай бүхий тус тэнгисийн эргийг Малайз, Бруней, Филиппин, Вьетнам, Тайвань, Хятад зэрэг олон орон хүрээлдэг. Харин Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн усны бараг бүх хэсгийг өөрийнх болон өмчлөхөөр өрсөлдөөн явуулдаг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ