Усыг цэвэршүүлэх бус "сөрөгжүүлэх" ажиллагаа

Монгол Улсын ундны усны эрдэсжилтийн хэмжээ 1 литр тутамд 200-400мг байх ёстой гэсэн стандарттай байдаг аж. Харин сүүлийн үед айл өрхүүдийн хэрэглэх болсон ус цэвэршүүлэгч нь тэдгээр эрдсүүдийг устгаж байж болзошгүй юм байна.

ОХУ-д гэхэд ундны ус цэвэршүүлэгчийг иргэдэд нийлүүлдэг бүлгийг тус улсын цагдаагийнхан илрүүлжээ. Тэднийг ийн шалгах болсон учир нь тус бүлэг усыг цэвэршүүлдэг бус усны эрдсийг устгадаг, хүний биед хортой төхөөрөмжийг борлуулдаг байжээ.

Харин манай улсын тухайд гэвэл ийм төрлийн төхөөрөмж нийлүүлэгдсэн гэх боловч тухайн компанийг одоогоор илрүүлж чадаагүй байгаа юм байна. Нэг бүр нь 2-3 сая төгрөгийн үнэтэй ус цэвэршүүлэгчийг борлуулах ажиллагаа нь бараг л сүлжээний бизнестэй адилхан явагддаг аж. Компаний гүйцэтгэх ажлыг холбоо тогтоодог болон борлуулагчид нь гүйцэтгэнэ. Уг нь тухайн төхөөрөмж нь усан дахь эрдэс бодисыг устгадаг учраас олон улсад хэрэглэхийг нь хоригложээ. Энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд нь айл өрхүүдээр явж усыг нь шинжилж өгөхийг санал болгодог. Тэд ТDS, электролиз гэсэн төхөөрөмжүүдийг ашигладаг. ТDS нь усан дахь эрдэс бодисыг заадаг төхөөрөмж боловч айлын усыг шалгахдаа эрдэс бодисын хэмжээг нь бохирдол хэмээн төөрөгдүүлдэг байна.

Мөн электолиз хэмээх тогонд залгадаг багажийг айлын крантны усанд хийж хажууд нь өөрсдийн бэлдсэн эрдэсгүй устай харьцуулаад төхөөрмжид зааж буй эрдсийг бохирдлын хэмжээ хэмээн тайлбарладаг гэнэ. Эрдэс бодистой усыг электролизээр задлахад зэвтэй мэт харагддаг ажээ.

Усны эрдэс их байх тусам тунадас их гардаг юм байна. Тиймээс өнгөрсөн хугацаанд дээрх байдлаар цэвэршүүлэгч худалдан авсан айл өрхүүд цэвэр биш, харин ямар ч эрдэсгүй ус хэрэглэж байж магадгүй юм. Эрдэсгүй ус хэрэглэх нь эрүүл мэндэд их сөрөг нөлөөтэйг албаныхан анхаарууллаа. Мэргэжлийн байгууллагууд усны бохирдолтой эсэхийг шинжлэхдээ 14 хоног зарцуулдаг бөгөөд богино хугацаанд, ялангуяа хэдхэн хормын дотор усны бохирдлыг хэзээ ч шалгах боломжгүйюм байна.

Иргэдийг төөрөгдүүлж эрүүл мэндэд хортой ус шүүгчийг асар өндөр үнэтэй зарсан компани олдохгүй байгаа юм байна. Тэгэхээр иргэд энэ төрлийн гомдлоор ШӨХТГ, МХЕГ болон бусад мэргэжлийн байгууллагуудад хандах боломжтой.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ