“НӨАТ-ын сугалаанд 37 удаа азтан болсон хүн бий”

НӨАТ-ын тухай хууль шинэчлэгдэн хэрэгжсээр найман сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэхүү хууль хэрэгжсэнээс хойш иргэд НӨАТ-ын буцаан олголт авах болсон төдийгүй сар тутамд сугалаанд азаа үзэх боломжтой болсон. Сар тутмын сугалаагаар олон зуун азтан тодроод байгаа бөгөөд нэг иргэн 37 удаа азтан болсон тухай мэдээлэл нийтэд түгээд байна. Тиймээс бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Гааль Татварын Мэдээллийн Технологийн Төв УТҮГ-ын ерөнхий захирал Р.Отгонтулгаас тодруулан ярилцлаа.

-НӨАТ-ын сугалаанд нэг хүн 37 удаа азтан болсон гэх мэдээлэл анхаарал татаад байна. Нэг хүн ийм олон удаагийн азтан болох магадлал бага гэж хүмүүс харж байна. Энэ талаар тайлбар өгнө үү?

-Сугалаа гэдэг бол магадлалын онол дээр тулгуурласан схем шүү дээ. НӨАТ-ын хууль хэрэгжээд найман сар 10 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд улсын хэмжээнд 136 сая баримт хэвлэгдсэн. Эдгээрээс 47 хувийг нь л ebarimt.mn сайтад бүртгүүлсэн байгаа юм. Үлдсэнийг ньмэдээлэл дутуугаас, эсвэл үл ойшоосноос бүртгүүлэлгүй орхиж байна гэсэн үг. Үлдэж буй баримтуудыг зарим нэг үйлчилгээний байгууллагууд ашиглан бүртгүүлсэн тохиолдол байна. Хэдий олон баримт бүртгүүлнэ төдий хэрээр азтан болох магадлал нэмэгдэнэ. Тэгэхээр олон баримт бүртгүүлсэн иргэн л 37 удаагийн азтан болсон гэсэн үг шүү дээ.

-Энэ хүн бусдын орхисон баримтыг бүртгүүлсэн болж таарч байна уу. Тэглээ гээд буруутгах аргагүй биз дээ?

-Тийм ээ. 37 удаагийн азтанаар тодорсон хүн бол үйлчилгээний байгууллагын ажилтан. 20-100 мянган төгрөгийн хонжвор хожсон байдаг. Тэглээ гээд буруутгах үндэслэлгүй. Хүмүүсийг үл ойшоож орхисон баримтыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн, хуульд бүртгүүлсэн хүн нь азтан болохоор заасан тул буруутгах үндэслэлгүй. Харин сугалаанаас хамгийн их мөнгө хожсон иргэн таван удаагийн тохирлоор азтан болж, нийт 20,080,000 төгрөг хожоод байна.

-Тэгэхээр хэн нэгний бүртгүүлэлгүй орхисон, хаяж гээсэн баримтыг өөрийн нэр дээр бүртгүүлж болох нь ээ?

-Болно. Ер нь бол НӨАТ-ын хууль манайд шинэ тутам хэрэгжиж байгаа болохоор цаашид боловсронгуй болгох шаардлага бий. Зарим оронд тухайлбал, Тайваньд гэхэд л хүмүүс худалдан авалтын баримтаа бүртгүүлэхээс төвөгшөөж буй бол буяны байгууллагад хандивладаг жишиг байдаг юм билээ. Томоохон худалдааны төв, дэлгүүрт хандивын хайрцаг ажиллуулж, иргэд баримтаа түүнд үлдээдэг. Тухайн иргэн азтан болбол хонжвор нь хүүхдийн байгууллага, буяны газруудад очдог байх жишээтэй. Ийм тогтолцоо манайд үгүйлэгдэж байна.

-Сугалаа товлосон хугацаандаа хэвийн явагдаж байгаа юу?

-Тийм ээ, сард нэг удаа хэвийн явагдаж байгаа. Наймдугаар сарын сугалаа наймдугаар сарын 21-ний ням гарагт болно. Тэгэхээр иргэд энэ сарын худалдан авалтаа наймдугаар сарын 20-ны өдрийн 00.00 цагаас өмнө бүртгүүлэх ёстой.

-Иргэд сугалаанд оролцохоос гадна нийт худалдан авалтын хоёр хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг жилд нэг удаа буцаан авна. Энэ мөнгө хэзээ олгогдох вэ?

-Хуульд заасны дагуу 2017 оны нэгдүгээр улиралд багтаан иргэдийн хувийн данс руу нийт худалдан авалтын хоёр хувийн буцаан олголт өгөхөөр заасан. Энэ дагуу буцаан олголт өгөхөөр бэлтгэл ажлыг хийж байгаа.

-Хамгийн өндөр дүнтэй буцаан олголт хэдэн төгрөгт хүрсэн бэ?

-Оны эхний найман сарын байдлаар хамгийн олон баримт бүртгүүлсэн иргэн 13,808 баримт бүртгүүлээд байгаа юм. Хамгийн их хэмжээний буцаан олголт авах иргэний хувь хэмжээ 23,256,751 төгрөгт хүрсэн гэсэн тоо гараад байна.

-Иргэд тийм их хэмжээний худалдан авалт хийсэн гэсэн үг үү?

-Орон сууц худалдан авсан иргэдийн хувьд энэ хэмжээний буцаан олголт авах боломжтой. Жилийн туршид бүртгүүлбэл 30 сая төгрөг ч хүрэх магадлалтай.

-Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр айл өрхүүдийн зарлага эрс нэмэгдсэн байсан. Ийнхүү зарлага нэмэгдсэн нь НӨАТ-ын баримтын бүртгэлтэй холбоотой юу?

-Тийм ээ. Иргэд худалдан авалт нэг бүрээ бүртгүүлээд ирмэгц тухайн иргэний, өрхийн зарлага тун тодорхой болж ирнэ. Одоогийн байдлаар Ebarimt.mn сайтад нийт 795 мянган хэрэглэгч бүртгүүлснээс314 мянга нь тогтмол баримтаа бүртгүүлдэг болжээ. Эдгээр айл өрхийн хувьд санхүүгийн тооцоолол нь сар тутам нарийвчлан гарч ирж байгаа. Өрхийн зарлагын хэдэн хувийг хүнсэнд, хэд нь өргөн хэрэглээнд, унаа машинд зарцуулагдаж байгааг нарийвчлан харах боломжтой. Эндээс илүү зардлаа хянаж, хасаж танах, хуримтлал бий болгохболомж ч бий.

-Нөгөөтэйгүүр зарлагыг ийн нарийвчлан тооцохын сацуу өрхийн орлогыг бүртгэж байна уу гэсэн болгоомжлол иргэдэд байна. Өрхийн зарлага нь орлогоосоо давсан тохиолдолд ийм их орлогыг хаанаас олсон бэ гэсэн хяналт гарч ирэхийг үгүйсгэхгүй гэж хүмүүс үзэж байна. Энэ ч утгаараа худалдан авалтаа нарийвчлан бүртгүүлэхээс цааргалж байх шиг. Үүнд ямар хариу өгөх вэ?

-НӨАТ-ын хуульд заасанчлан татварын мэдээллийн сангийн бааз суурийг өргөтгөх, аж ахуйн нэгжүүдийн татварын мэдээллийг нарийвчлах үндсэн зорилготой. Иргэдийн хувьд худалдан авалтын хувь олгохоос бус орлогыг хянах цагдах тухай зүйл заалт огт байхгүй. Тиймээс иргэд болгоомжилж цааргалалгүй бүртгүүлэх нь зүйтэй юм. Энгийн жишээ хэлэхэд тухайн иргэн хэдэн ч аккуантаар бүртгүүлж болно. Мөн найзуудаараа хооллосон баримтаа нэг нь бүртгүүлэхэд яагаад 3 хоол нэг дор идэв гэх боломжгүй шүү дээ.

-Тэгвэл үндсэн үүрэг болох татварын бааз сууриа өргөтгөх зорилгоо биелүүлж чадаж байгаа юу?

-Хагас жилийн байдлаар аж ахуйн нэгжээс улсын төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ 50 орчим тэрбум төгрөгөөр өссөн. Энэ бол сайн үзүүлэлт. Иргэд идэвхтэй бүртгүүлснээр аж ахуйн нэгжийн гүйлгээ тодорхой болж ирж байна. Нөгөөтэйгүүр байгууллага хоорондын бүх гүйлгээ бүрэн цахимжсан. Байгууллагуудын тайлан, бүртгэл элетрон болж, хөнгөвчлөгдсөн.

-НӨАТ-ын баримтыг хамгийн идэвхтэй бүртгүүлдэг болон хойрго хандаж байгаа ямар газрууд байна вэ?

-Петровисын ШТС-ууд болон Номин худалдааны сүлжээ маш идэвхтэй ажиллаж байгаа. Харин иргэдээс гомдол их ирдэг газар бол Миний сүлжээ дэлгүүр. Дэлгүүрийн дотоод үйл ажиллагаанаас шалтгаалаад баримт олгохгүй байна гэсэн гомдол ирсээр байна.

-НӨАТ-ын хамгийн том азтан буюу 400 саяын хонжворын эзэн тодорсон уу. Хоёр ч хүн азтан боллоо гэж олон нийтийн сүлжээгээр зарлаад амжсан. Энэ нь баталгаажсан уу?

-400 саяын азтан хараахан тодроогүй. Хоёр хүний баримтыг шалгасан боловч ЦЕГ-аас хуурамч болохыг тогтоосон. Түүнээс хойш бидэнд ямар нэг хүн хандаагүй. 400 саяын азтанг гурван сар хүлээгээд хугацаа нь дууссан. Харин хорин сая төгрөгийн азтанаар гурван хүн тодорсны хоёр нь хүүхэд байсан. Жижиг худалдан авалтаар азтан болох боломжтойг баталсан гэсэн үг. Сонирхуулахад Ebarimt.mn сайтад бүртгэлтэй хамгийн өндөр настай иргэн 92 настай. Хамгийн залуу нь гурван сартай хүүхэд байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ