"С вирус ДОХ-оос 10 дахин илүү халдварлах чадвартай"

Элэгний хорт хавдар, хатуурлаар Монгол Улсад өдөрт долоон хүн нас барж байна. Ийм өндөр нас баралттай, 400 мянган хүн элэгний вирусийн халдвартай байгаа энэ үед Оном сангаас санаачлан хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж, хэдийнээ үр дүнгээ өгч эхэлсэн билээ. Тиймээс бид энэ удаад Оном сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатартай уулзаж, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр болон элэгний вирусийн талаар ярилцлаа. Тэрээр Биофизикийн ухааны доктор бөгөөд АНУ-ын Үндэсний лабораторид эрдэмтэн, профессор, АНУ-ын Үндэсний хүрээлэнд дөрвөн жил судлаач эрдэмтнээр ажилласан туршлагатай, манай шилдэг залуусын төлөөлөл юм.

- Олон нийтийн дунд Оном гэдэг нэрний тухай янз бүрийн яриа байна. Та Оном сангийнхаа нэрийг тайлбарлаж өгөөч.

-Оном гэдэг бол манай буурал аавын нэр юм. Сонирхуулахад, Оном гэдэг нь түвдээр огторгуйн хязгаар, санскритаар эрдэм дэлгэрүүлэх гэсэн утгатай юм билээ. Буурал аав минь жирийн малчин хүн байсан. Бид буурал аавыгаа хүндлээд сангаа ийн нэрлээд 2008 онд байгуулсан юм. Монгол Улсын эрүүл мэнд, боловсролын салбарт хүнд хэрэгтэй тодорхой зүйлүүдийг хийе гэж зорьсон. Буурал аав улаан хоолойн хорт хавдраар бурхан болсон. Харин манай хоёр нагац элэгний вирусийн улмаас нас барсан. Аав, ээж хоёр минь хоёулаа элэгний с вирусийн халдвартай байсан. Ээжийн эмчилгээ дуусаад байна, гурван сарын дараа баталгаажуулах шинжилгээ өгнө. Аав 2012 онд Норд Вэстэрний их сургуульд намайг профессороор ажиллаж байх үед Стив Лайм гэж эмч, эрдэмтний хяналтанд эмчлүүлж эдгэсэн.

-Оном сангийн үйл ажиллагааны чиглэл юу вэ?

-Яг тогтсон чиглэл гэж байхгүй. Ерөнхийдөө эрүүл мэнд, боловсролын салбарт хувь нэмрээ оруулах зорилготой. Жишээ нь, 2010-2012 онд зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх өвчинтэй тэмцэх чиглэлээр ажиллаж эхэлсэн. Үр дүн нь маш сайн гарсан. Мэдлэгийн дундаж өсөлт ойролцоогоор 27 хувьтай байсан. Мянганы сорилтын сангаар Монгол Улсад орж ирсэн энэ төсөл нь дэлхийн хэмжээнд хамгийн өндөр үр дүнтэй төсөл болж чадсан. Учир нь тархины цус харвалтын нас баралт жилд /2010 онд / 2200 гаруй байв. 2013 онд төсөл хэрэгжээд дуусахад нас баралтын тоо 25 хувиар буурч 1700 болсон. Ямар ажил хэрэгжүүлсэн бэ гэхээр тухайлбал, цусны даралтыг бууруулах эмийг тараасан. Даралт 140 хүрэх л юм бол даралт ихсэх өвчинтэй болж байгаа гэсэн үг. Гуравдугаар эмнэлэгт тархины цус харвалтын цогц төв байгуулж, харавсан хүмүүсийг их сайн эмчилж чаддаг болсон. Анхан шатан дээр болон гуравдугаар шатлал дээр үйл ажиллагаа явахаар Монгол хүний тархины цус харвалтаар нас барах тоо буурсан. Энэ бол нийгмийн өвчин учраас өвчлөл ихсээд л байгаа. Нормал хэмжээ нь бол 120/80. Цусны даралт багасах нь 100-ны 10 хувь байдаг.

-Хэзээнээс элэгний чиглэлээр ажиллаж эхэлсэн бэ? Мөн яагаад элгийг сонгож авав?

-2012 оноос хойш элэгний чиглэлээр ажиллаж байна. Учир нь Монгол хүмүүс нэг л түүхтэй. Элэгний өвчнөөр найз нөхөд, ах дүү хамаатан гээд хэн нэгнээ алдаагүй хүн гэж бараг үгүй. Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн тухайд хэлье. Эхний ээлжинд бид вируст хепатитийн эсрэг тэмцэх үйл ажиллагаа гэж эхэлсэн юм. Энэ бол 2012 онд эхэлж, 2013 онд үргэлжилсэн судалгааны ажил. Баримтат суурилсан бодлого гэж гаргаж ирэхийн тулд судалгаа хийсэн. Дэлхийд элэгний өвчтэй нас барж байгаа хүмүүсийн 80 хувь нь элэгний вирусээс болдог. Монгол Улсад магадгүй 90 хувь. Ихэнх тохиолдолд элэгний B, C, D гэсэн архагшдаг вирусээс болж байгаа юм. А, Е нь бохироор өвчилж, цочмогоор өвдөөд эдгэдэг, архагшдаггүй. Байнгын тээгч болохгүй гэсэн үг.

Ингээд бид албан ёсоор 2014 оны гуравдугаар сарын 25, 26-нд “Вируст хепатитын өнөөгийн байдал, цаашдын төлөв” гэсэн үндэсний хурал зохион байгуулаад нийтэд ил гарсан юм. 2014 оны есдүгээр сарын 08-нд вируст хепатиттай тэмцэх үйл ажиллагаа “Эрүүл элэг” хөтөлбөр болж, олон нийтэд зарлан хэрэгжүүлж байгаад 2015 оны зургадугаар сарын 22-нд “Эрүүл элэг-Үндэсний арга хэмжээ”-г зарласан. Харин одоо энэ оны долдугаар сарын 31-нээс хойш “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр болгож өргөтгөөд явж байна. Өнгөрсөн хавар “Элэг бүтэн Монгол” хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулсан бөгөөд эндээс гарсан шаардлагыг улс төрийн намууд, яам, тамгын газрууд болон төрийн өндөрлөгүүдэд хүргээд, намын хөтөлбөрүүдэд оруулсан. Хөтөлбөрийн элэгний чиглэлийн зорилт нь С вирусийг 2020 он гэхэд устгаж, халдварын тархалтыг таслан зогсоож, элэгний хорт хавдар, нас баралтыг эрс бууруулах.

-Цаашид энэ хөтөлбөр үргэлжлэх үү, эсвэл өөр чиглэл рүү орох уу?

-Энэ хөтөлбөрийн дараа тархины цус харвалт, цусны даралт ихсэх өвчинтэй тэмцэх ажлыг үргэлжлүүлнэ. “Элэг бүтэн Монгол” гэдэг нь элэг бүтэн, ам бүлээрээ бүрэн бүтэн амьдрах гэсэн утга агуулгатай юм. Зөвхөн элэг биш, цаашлаад энэ нь “Үндэсний эрүүл мэндийн хөтөлбөр” болж өргөжөөд явах боломжтой. Одоо бид зүрх судасны өвчлөлтэй тэмцэх ажлаа Швейцарын Новардсын сантай хамтраад эхлүүлээд явж байна. Өмнө нь бид үүн дээр ажиллаж байсан, туршлагатай. Үргэлжлүүлээд олон төрлийн ажил хийгдсэн байгаа. Есдүгээр сард олон талт хамтын ажиллагаа бүхий зөвлөгөөн зохион байгуулна. Эрүүл мэндий салбарын асуудал бол өвчтөн, хэвлэл мэдээлэл, төр захиргаа, нийгмийн төлөөлөл, мэргэжлийн холбоод, бизнесийн байгууллагууд, ард иргэд бүгд анхаарч байж шийдэгддэг. Новардсын сан дэлхийн тивүүдээс гурван хотыг сонгож зүрх судасны өвчний эсрэг хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаагийн тоонд манай Улаанбаатар сонгогдсон.

-Оном сангийн Гүйцэтгэх захирал нь таны дүү гэсэн. Харин Ерөнхий захирал нь хэн юм бэ?

-Миний дүү, анагаах ухааны доктор, эрдэмтэн Д.Наранжаргал Ерөнхий захирал. Англи нэршлээрээ хамгийн том албан тушаалтан боловч монгол руу хөрвүүлэхээр Гүйцэтгэх гэж орчуулагдаад байдаг юм. Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хар зургийг Д.Наранжаргал доктор гаргасан бөгөөд Урьдчилсан сэргийлэлтийн, Эрт илрүүлэлтийн, Эмчилгээний, Судалгаа шинжилгээний гэсэн дөрвөн хөтөлбөртэй байна гэж тодорхойлсон юм.

Ярилцлагын үед Оном сангийнхны зүгээс ард иргэддээ хандан онцгойлон нэгэн зүйлийг анхааруулахыг хүссэн юм. Юу гэвэл, эмийн үнэ буурах, эм даатгалд хамрагдаасай гээд хүлээгээд сууж болохгүй. Аль болох эртхэн эмчлүүлсэн тохиолдолд элэгний хорт хавдар, хатуурал болох магадлал байхгүй болно гэсэн юм. Хүндрээд хатуурал, хавдар болсон тохиолдолд өвчлөлийн өөр түвшинд шилжиж байгаа учраас асуулал төвөгтэй болох юм байна. С вирусийг нь устгалаа ч гэсэн хавдар гэсэн өөр өвчинтэй болж байна гэсэн үг гэнэ. Ингээд бид яриагаа элэгний вирусийн тухайгаар үргэлжлүүллээ.

-Нэгэн танил маань элэгний архагшсан өвчтэй тул Харвони төрлийн эмийг хэрэглэх шаардлагагүй гэсэн байна. Яагаад болдоггүй юм бол, энэ талаар тайлбар өгөөч.

-Энэ эм бол С вирусийг л устгадаг эм. 1 мл цусанд хэдэн ширхэг вирус байна вэ гэж тоолсны үндсэн дээр эмчилгээ хийлгэнэ. Хавдартай, хатууралтай хүмүүс ч эмчилгээ хийлгээд С вирусээ устгуулчихаж болж байна. Харин В, D вирустэй хүмүүст энэ эм үйлчлэхгүй. Тэгэхээр тухайн хүн яг ямар вирустэй байна вэ гэдгээ тодорхойлуулах хэрэгтэй. Жишээ нь, В вирустэй бол эмчилгээ нь олон дахин хямдраад ороод ирчихсэн байгаа. Бүрэн устгадаггүй ч, маш сайн дарангуйлдаг эмчилгээ бий. D вирусийн хувьд асуудал жоохон төвөгтэй. B вирустэй хүнд л D вирус халддаг. Ийм хам халдвартай бол интерфером гэдэг л эмчилгээ бий. Ер нь элэгний аль ч вирусийн хувьд ямар ч арга байхгүй гэсэн юм тун бага.

-D вирус дангаараа халдварлана гэж байхгүй юу?

-Энэ вирус согогтой вирус учраас зөвхөн B вирустэй хүнд л халддаг. Тиймээс B вирус аваагүй хүн вакцинаа л сайн хийлгэх нь урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга. Нэг тун нь 5000 төгрөг, гурван тунг хийлгэх ёстой. ХӨСҮТ-д вакциныг байнга хийж байгаа.

-Шприцийн шар гэж байсан. Үүгээр өвчилсөн хүн ямар төрлийн вирус авдаг вэ?

-Ямар ч төрлийн вирус халдварлаж болно. А бол бохироор буюу хоол ундаар халддаг. Өвчилсөн үед нүд нь ногоорч, царай нь шарлах байдлаар илэрдэг. С вирус зөвхөн цусаар болон бэлгийн замаар халдварлана. Е нь бас цочмогоор өвддөг, А-тай ерөнхийдөө төстэй. Мөн хоол хүнсээр халддаг ба илрэх байдал нь А-тай адил.

-Элэгний вирусийн вакцин, эмчилгээг юмуу, эмийг бага насны хүүхэд хэрэглэж болох уу?

-1991 оноос хойш төрсөн хүүхэд бүрт вакцин хийсэн. Вакцинтай хоёр төрлийн вирус л байгаа. А, В вирусийн эсрэг вакцин гэж бий. В вирусийн эсрэг вакциныг товлолд оруулаад хийж байгаа. Гэхдээ 10-15 жил хамгаална. Тэгэхээр 15-35 насны хүмүүс халдвар авах хамгийн их эрсдэлтэй бүлэг. Мөн бэлгийн хувьд илүү их идэвхтэй байдаг. Элэгний вирус бүгд бэлгийн замаар халддаг. Тоо баримтаар хавьталттай холбоотойгоор эрэгтэйчүүдийн дунд B вирусийн халдвар илүү өндөр байна. Эмэгтэйчүүдийн хувьд С вирусийн халдвар өндөр байдаг. Учир нь эмнэлгээр их үйлчлүүлдэг. Жишээ нь, төрөх, гоо сайхны ажилбар гэх мэтээс халдвар авдаг. С вирусийн хувьд эрсдэл арай бага хэдий ч С вирус тасалгааны хэмд 3 сар хүртэл тэсвэртэй бол цусаар халдварлах чадвараараа ДОХ-оос 10 дахин илүү. В вирус 100 дахин, D вирус магадгүй хэдэн сая дахин илүү. А вирус хүүхдүүдэд ихэвчлэн тархдаг. А-гийн эсрэг вакциныг 2013 оноос оруулж ирээд хийж эхэлсэн.

-Иргэд хаанаас халдвар авснаа мэдвэл тухайн байгууллагад хариуцлага хүлээлгэх тогтолцоо бий юу?

-Ийм тогтолцоо байхгүй, бий болгох хэрэгтэй. Гэхдээ иргэд халдваргүй гэдгээ үйлчлүүлэх гэж байгаа газраа хэлж, бичгээ үзүүлээд урьдчилан сануулах боломжтой. Энэ бол хариуцлага тооцно шүү гэсэн дохио болно шүү дээ.

-Иргэд элэгний эмийг Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагийн санаачлага гэж ойлгох нь элбэг. Энэ талаар тайлбар өгөөч.

-Бид энэ ажлаа 2012 онд эхэлсэн. Асуудал нь, энэ эмийг хямдруулах ажлыг хэн хийсэн бэ гэдэг дээр хүмүүс их ярьдаг. Миний хувьд заавал би гээд байх нь хэрэгцээтэй биш. Гэхдээ үнэн юм үнэнээрээ байх хэрэгтэй. 2014 оны гуравдугаар сарын эхээр би Станфордын их сургуульд сурч байх үедээ Гилеад Сайнс компанийн Тэргүүн дэд ерөнхийлөгчтэй тааралдаад өөрсдийнхөө хийж байгаа ажлыг хэлж, танай компани ийм эм бүтээсэн, хамтарч ажиллах боломжтой гэж ярилцсан. Маргааш нь би дүү Д.Тулгабаатарын хамт Фостер сити дахь оффист нь очиж нарийн ярилцсан. Тэд Египетэд гурван сарын эмчилгээний эмийг 900 ам.доллароор өгч байгаа, Монгол Улсад уг хөтөлбөрөө хэрэгжүүлэх сонирхолтой байгаа гэдгээ илэрхийлсэн. Тэдний зорилго нь Засгийн газар нь худалдан авалтаа хийгээд хүмүүстээ үнэгүй эмчилгээ хийх зарчмаар явах юм гэсэн. Ингээд эцэст нь манайд хэрэгжүүлэхээр болсон. 2014 оны дөрөвдүгээр сарын 10-даар Дэд сайд Америкт очих гэж байна гэхээр нь Гилеад Сайнс компанийнхантай холбож өгсөн. Боломжит үнэ болох 900 ам.долларыг танилцуулсан. Энэ бол тухайн үед баталгаажаагүй байсан үнэ. Түүний дараагаар хэд хэдэн асуудал маргаан гарсан. Тэр хүн үүнийг бизнес гэж харж байсан юм билээ. Нэг бүрчлэн тоочоод яахав. Зургадугаар сард нь тус компанийнхан ирсэн боловч тэр үед Эрүүл мэндийн сайд байсан Н.Удвалтай уулзуулж чадаагүй. Яагаад гэвэл, Ж.Амарсанаа сайд Н.Удвал сайдтай хийх уулзалтыг болиулаад өөрөө ирээд уулзалт хийсэн. Үүнээс болж Н.Удвал сайд ямар ч мэдээлэлгүй үлдсэн бөгөөд олон асуудлууд үүссэн. Энэ одоо түүх болоод ард хоцорсон зүйл. Ёс зүйгүй л юм болсон.

-Тухайн үед Н.Удвал сайд энэ эмийг оруулж ирэх тал дээр сөрөг байр суурьтай байсан?

-Аргагүй л дээ. Сайд нь ямар ч мэдээлэлгүй байсан. Ямар ч мэдээлэлгүй хүн учиргүй том бизнес явах гээд байна гэсэн баахан хардлага сэрдлэг болоод удааширсан. Би өөрөө асуудлын дотор нь байсан хүний хувьд тэр хүнийг буруутгах арга байдаггүй юм. Зөв мэдээлэлгүй хүн хардлага сэрдлэгтэй асуудлыг хараад нягтлах шаардлагатай болно доо. Тиймээс хүнийг гаднаас нь хараад өнгөц дүгнэж болохгүй.

-Гэхдээ салбарын сайд байж тэр зэргийн мэдээллийг олж авч чадаагүй хэрэг үү?

-Тэр бол шүүмжлэх асуудал мөн. Гэхдээ манайд байгаа асуудал бол гаднаас нь аливаа юмыг хараад чухам юу болж байгааг сайн мэдэхгүй л явж байна. Бид дэлхийтэй хөл зэрэгцүүлж алхах хурд удаан байна. Тухайн чиглэл хэдхэн хүний атганд орох нь том гай болдог. Гэхдээ энэ бол өөрчлөгдөнө.

-Эрүүл мэндийн даатгалд С вирусийн эмийг оруулах ажил ямар шатанд явж байна вэ?

-Одоо төсвийн тодотгол хэлэлцэх үеэр асуудал яригдана. Бид С вирусийн эмийн үнийг дахин бууруулах үүдийг нээчихсэн. Сангийн яаман дээр ажлын хэсэг гараад эмийн үнийг бууруулсан тохиолдолд 80 хувиар хөнгөрүүлэх боломжтой гэсэн бидний аман тохироо хийгдсэн байгаа. Түүнийгээ төр засаг хэрэгжүүлнэ гэдэгт бид итгэж байна.

-Та бүхэн судалгаа хийдэг гэлээ. Монголын эдийн засагт хөнгөлөлт болсон гэх судалгаа бий юу?

-Эдийн засгийн судалгааг ЭМЯ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран хийсэн юм. Бид зөвхөн тоо баримт, статистикуудыг гаргаж өгсөн. Бид хэрэв юу ч хийхгүй бол С вирусээс улс 1,5 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ гэсэн эдийн засгийн хохиролтой. Харин С вирусийн эсрэг эмчилгээ, үйл ажиллагаанд 1 төгрөг зарахад 1 төгрөг нь 22 дахин өсөж, Монгол Улсын эдийн засагт үр ашгаа өгнө гэсэн тооцоо гарсан. Үүнийг Сангийн яаманд танилцуулсан байгаа. Бид 150 мянган хүнийг эдгээх зорилготой. 150 мянган хүнийг эмчилж эдгээхэд 80 хувийн хөнгөлөлттэйгээр тооцвол 160 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа. 160 тэрбум төгрөг гэдэг бол 130 км замын л мөнгө. Тэгэхээр 130 км зам барих ёстой юу, 150 мянган хүний амь хэрэгтэй юу гэсэн сонголт байна.

-Хүмүүсийн дунд элэгтэй холбоотойгоор шарталтын тухай хоёр янзын яриа байдаг. Ер нь шарталт нь элэгний үйл ажиллагаа сайны шинж үү, муугийн шинж үү?

-Ерөөсөө л шарталт гэдэг нь хордлогын шинж. Элгээ дэндүү их гэмтээж байгаагийн шинж. Сайн, муу ажиллаж байгаадаа биш. Хэмжээнээс хэтэрсэн их архи уугаад бүхэл бие организм нь хордолтонд орж байгаагийн шинж. Шартталаа уугаад байна гэдэг нь элгээ алаад байна гэсэн үг. Их хэмжээгээр архи уухаар элэг ажиллаж чадахгүй “болиоч ээ” гэж орилж байгаа гэсэн үг.

-Архинд донтсон зарим хүний элэг эрүүл байдаг гэдэг. Энэ ямар учиртай юм бол?

-Зарим хүний төрөлхийн генетикийнх нь чадамж нь сайн байдаг. Тэр хүмүүс архийг сайн боловсруулж чаддаг, элэгнийх нь үйл ажиллагаа маш сайн байна. Ихэнх тохиолдолд хүмүүс архи уух тусам элэг нь хордоод мууддаг.

-Элэгний өвчлөл хэдэн оноос үндэсний хэмжээний аюулт өвчин болсон юм бол?

-50, 60-аад оны үед дэгдсэн. Буцлагадаг шприцээс үүдэлтэйгээр тархалт маш их нэмэгдсэн.

Би энд нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлье. Энэ бол Монгол хүн Монгол хүнийхээ төлөө албан тушаал горилолгүйгээр, мөнгө харалгүйгээр, нэгнээ шулалгүйгээр, үнийг нь нэмж дамлалгүйгээр юм хийж болдог юм, бид өөр хоорондоо хамтарч ажиллаж чаддаг юм гэдгийг харуулах боломжтой ажил юм.

-Эмч нарын тухай нэг асуултыг энд орхиж боломгүй санагдаж байна. Эрүүгийн хуульд эмч нарын хариуцлагын тухай оруулсан заалтыг зарим иргэд эсэргүүцэж байгаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Тэр заалтыг би маш буруу гэж үзэж байгаа. Манай улсын эмч нарын нийгмийн байдал тун хүнд шүү дээ. Цалин, нийгмийн асуудал, ажиллах бүрэн бололцоог нь хангаж өгөөгүй байж хатуу хариуцлага ярих нь зохимжгүй. Эхлээд эмч нарынхаа энэ асуудлуудыг нь бүрэн шийдэж өгчихөөд дараа нь хариуцлагаа ярьж болох юм. Гэхдээ хэзээ ч шорон байж болохгүй. Эмч хүн хэзээ ч санаатайгаар хүний биед хохирол учруулна гэж байхгүй. Хүний эрүүл мэндийг эмчилж, аварна гэдэг тухайн нөхцөл бололцооноос хамаарах асуудал шүү дээ.

-Та бүхний өмнө тулгарч буй бэрхшээл юу байна вэ?

-Ард олны эрүүл мэндийн боловсрол муу, мэдээлэлгүй байна. Энийг системтэйгээр мэдээлэлд оруулах хэрэгтэй. Энэ бол ард түмний буруу биш.

Бидний эрүүл мэнд гэдэг байгалиас заяасан хамгийн том бэлэг. Алдаж болохгүй хамгийн үнэтэй зүйл. Капиталист нийгэмд хамгийн үнэтэй зүйл бол эрүүл мэнд. Эрүүл байна гэдэг бол эмчийн үүрэг хариуцлага биш, иргэний үүрэг хариуцлага. Төр засгийн хувьд бол төгрөгөө зах зээлд хэвлээд л нийлүүлээд байдаг, ханш нь унаад цаас болоод байна. "Үүрээд явахаар даагддаггүй, юм худалдаад авах гэхээр юу ч авч чаддаггүй" гэж үг байдаг даа. Ийм төвөгтэй үед хүнлэг нийгэм байгуулах гэж байгаа бол энд хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд. Зам хэрэгтэй юу, хэрэгтэй. Монгол хүн үхээд дуусвал тэр замаар чинь хэн явах юм бэ. Тэгэхээр Монгол хүнээ эрүүл байлгах, энэ чиглэлд эдийн засгийн хамгийн үр ашигтай төсөлд байгаа хэдэн төгрөгөө зөв зармаар байна. Ер нь бол түвшин түвшинд ойлгоод дэмжлэг бол үнэхээр сайн байгаа л даа. Яг энэ дэмжлэгээ бодит зүйл болгоод бодит санхүүжилт тавиад нэгдээд, дутууг нь нөхөж, дундуураа дүүргээд хамтарч ажиллаад элгэн халуун нутагтаа элэг бүтэн амьдрах боломж хэдийнэ ирсэн байгаа. Бид нэг бүхэл болж, нэгэн зүгт харж хөдлөх нь чухал.

-Та өөрийн бодол санаа, зорилгоо хэрэгжүүлэхийн тулд улс төрд орох уу? Таныг Эрүүл мэндийн сайдад санал болгож байсан шүү дээ.

-Улс төрд орохгүй. Эрүүл мэндийн сайдад манай Өвчтөн нийгмийн төлөөлөл, зарим нэг дэмжиж байгаа хүмүүс энэ салбарын сайд болооч ээ, ингээд зүтгээч ээ гээд надаас асуусан. Надад хөтөлбөрөө үнэхээр зөв түвшинд хийхийн тулд эрх мэдэл хэрэгтэй. Тиймээс би шууд болохгүй, үгүй гэж яваагүй. Гэхдээ миний болон манай багийн гол зорилго бол ажил хийвэл дуустал давс хийвэл уустал гэдэгчлэн, улс төрд орно орохгүй гэж ярихаасаа өмнө энэ ажлаа хийж дуусгах, энэ ажлынхаа бодит үр дүнг нь гаргахыг зорьж байгаа юм.

-Сонирхолтой, хэрэгтэй мэдээлэл өгч ярилцсан танд баярлалаа. Ард олныхоо төлөө хийж бүтээж буй та бүхний гэгээн үйлсэд амжилт хүсье.

-Баярлалаа.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ