Монголч эрдэмтдийн зовинол
Монголч эрдэмтдийн ээлжит XI их хурал ”Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдвийн дор өрнөж байна. Гурав дахь хоногтоо үргэлжилж буй Монголч эрдэмтдийн хуралд нийтдээ 29 орны 400 гаруй эрдэмтэд, биет бус өвийг тээгч иргэд оролцож байгаа юм. Монголч эрдэмтдийн хуралд оролцож буй эрдэмтдийн төлөөлөлтэй уулзаж, монгол хэл соёл, өв уламжлалын талаар ярилцлаа.
“Монгол хэл, соёлоо дээдэлж хайрладаг хүмүүсийн тоо цөөн байна”
Өвөр Монголын их сургуулийн багш, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ц.Насан-Урттай монгол хэл, монгол бичгийг орчин цагийн цахим хэрэглээнд шилжүүлэх тухайд санал солилцсон юм.
-Монгол хэл, бичгийг цахим хэлбэрт шилжүүлэх тал дээр Өвөрмонголд хэр анхаардаг вэ. Манай улсад эхлэл тавигдсан хэрнээ өргөжүүлж дэлгэрүүлж чадахгүй байна. Үүнд та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Монгол хэл, бичгийг цахимжуулах боломж технологийн болоод мэргэжлийн төвшинд бол бүрэн бий. Монгол бичгээр вэбсайт гаргахад ямар ч асуудалгүй. 1996-2000 оны хооронд Монгол Улс болоод БНХАУ-ын эрдэмтдийн хамтын бүтээлээр хоёр улсад үндэсний стандарт боловсруулж гаргасан. Өвөрмонголд монгол бичгээр гардаг 200 орчим бий. Гэхдээ энэ бол бусад хөгжингүй хэлээр гарч буй вэбсайттай харьцуулбал чамлалттай үзүүлэлт. Энэ ертөнцөд нийтдээ 10 сая гаруй монголчууд бий гэж тооцдог. Гэвч эдгээр хүмүүс дунд монгол хэлээрээ ярьж, ойлгож бичдэггүй хүмүүс цөөнгүй. Монгол Улсын гурван сая хүн ам, түүн дээрээс эх хэлээрээ ойлголцож, ярьж, бичдэг 3-4 сая орчим Өвөрмонголчууд байна гэж үзвэл багаар бодоход монгол хэл бичгээр гаргадаг 6000 сайтгүй байгаа нь харамсалтай л хэрэг.
Яагаад хүмүүс монгол хэл бичгээр уншиж бичихгүй байгаа нь техникийн бэрхшээлээс биш монгол хэл, соёлоо дээдэлж хайрладаг хүмүүсийн тоо цөөн байгаатай л холбоотой. Энэ гашуун үнэнийг дуртай ч дургүй ч хүлээж авахаас аргагүй. Хүмүүс монгол бичиг, монгол хэлээс халшрах үзэгдэл сүүлийн үед ажиглагдах боллоо. Би их сургуульд олон жил багшилж байна. Манай шавь нараас л гэхэд монгол вэбсайтыг уншиж, монгол сүлжээнд ханддаг хүн тун цөөн байна. Тэд монгол дуу хуур сонсох гэж, дуу татах гэж л ханддаг гэж хариулж байна. Тиймээс монголбичгээр гарч буй вэбсайтын утга агуулга, бусдын сонирхлыг татах, шинэ содон зүйлс нийтлэхэд анхаарах шаардлагатай байгаа юм. Энд дурдууштай нэг сайн зүйл гэвэл гадаадын улс орнуудад ажиллаж амьдарч буй монголчууд монгол вэбсайт руу их нэвтэрдэг юм билээ.
-Өвөр Монголын өөртөө засах орны иргэд, тэр дундаа хүүхэд залуус монгол хэлээ сонирхон судлах, эх хэлээрээ ярьж бичих нь жилээс жилд багасч байгаа гэх юм. Монголч эрдэмтний хувьд энэ хандлагыг хэрхэн эерэг тийш эргүүлэх боломжтой гэж үзэж байна вэ. Өвөрмонголд монгол хэл бичгийг хэзээнээс эхлэн сургадаг вэ?
-Өвөрмонголд хүүхдийг сургуульд орохоос эхлээд докторын зэрэг хамгаалах хүртэлх хугацаанд монгол хэл, бичгээр сургах бүрэн боломж бий. Гэвч сүүлийн гучаад жилийн хугацаанд эцэг эхчүүд хүүхдүүдээ монгол сургуульд оруулж монгол хэл бичгээр сургахаасаа илүүтэй хятад хэлийг, бусад гадаад хэл сургах хүсэл тэмүүлэлтэй болсон нь харагдаж байна. Монголоор сурсан хүүхэд бусдаас мэдлэг боловсролын хувьд дутахааргүй хэдий ч их дээд сургуульдэлсэх, ажил хөдөлмөр эрхлэхээс эхлээд ялгаатай байдаг учраас монгол хэлийг чухалчлахгүй байна.
Өвөрмонголын 100 хүүхдээс 70-80 нь монголоороо сурч байсан үе бий. Энэ тоо 30 болтлоо буурсан байсан. Одоо 34-35 орчим болж, бага багаар нэмэгдэж байна. Гэхдээ 100 хүүхдээс 60, түүнээс дээш тооны хүүхэд эх хэлээрээ сурч гэмээнэ монгол хэл, соёлыг анхаардаг хүний тоо эрс өснө. Тиймээс ч монгол хэл, бичгээр гарч буй вэбсайт, хэвлэлийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.
-Монгол бичгээр мэдээлэл бэлтгэдэг телевиз, тогтмол гардаг сонин сэтгүүл хэр олон байдаг вэ?
-Олон монголчуудын сайн мэддэг Одон телевизээс гадна аймаг, хошууд цөм монгол хэлээр телевизийн нэвтрүүлэг бэлтгэн цацаж байна. Сонин сэтгүүл бол олон бий. Урьд өмнө гарч байсан сонин сэтгүүлийн тоо огт хасагдаагүй хэр нь захиалгын тоо сүүлийн жилүүдэд их буурсан. Хэвлэлийн байгууллагыг засгаас санхүүжүүлдэг учраас захиалгаа өсгөх, нийтлэлийн бодлогоо сайжруулах тал дээр огт анхаарахгүй байгаа нь харамсалтай. Захиалга багасахын хэрээр сонин хэвлэлийг үнэгүй тараадаг болсон. Боодлоор боодлоор нь үнэгүй тараасан сонинг хэн ч уншихгүй байна.
Энэ мэт сэтгэл гонсойлгосон зүйлс нэмэгдсээр байгаа. Орчин үеийн технологийн энэ сайхан цаг үед монгол хэл соёлоо хадгалж, өргөжүүлж дэлгэрүүлэхийн тулд үндэсний ухамсрыг дээшлүүлэх л хэрэгтэй байна.
“Буриад хэл, соёл улам бүр хумигдсаар байна”
Буриад улсын Их сургуулийн Дорно дахины дээд сургуулийн төв Азийн хэл бичгийн тэнхмийн эрхлэгч Бадгаров Жаргал хэвлэл мэдээлэл дэх хэл шинжлэлийн чиглэлээр олон жилийн турш судалгаа хийсэн байна. Тэрбээр Монголч эрдэмтдийн хуралд 10 жилийн өмнө урилгаар, таван жилийн өмнө албан бусаар оролцож байжээ. Тэрбээр хэлийг түүх талаас нь илүүтэй судалдаг ажээ. Харин бид түүнтэй Буриад зоны хэл, соёлд тулгамдсан асуудлын талаар ярилцсан юм.
-ОХУ-д хэчнээн буриад ястан аж төрдөг вэ. Буриад зон олон хэл, соёлоо хамгаалах тал дээр хэр анхаардаг вэ?
-Хамгийн сүүлд буюу 2010 оны тооллогоор ОХУ-ын Буриад улсад нийтдээ 460 орчим мянган буриад ястан аж төрж байна гэсэн тоо гарсан. Энэ бол ОХУ дотроо бол тун бага хувийг эзэлж байгаа юм. Хүн амын тооллогын асуулгад “Таны эх хэл ямар хэл вэ” гэсэн ганц асуулт багтаадаг байсан. Энэ асуултад “Эх хэл минь буриад” гэж хариулсан хүний тоо Буриад улс дотроо 90 хувьд хүрч байсан. Харин 2010 оны тооллогод “Та эх хэлээ ярьдаг уу” гэсэн асуулт нэмсэн. Гэвч үр дүн бүр тааруу гарсан. Буриад ястнуудын маань ердөө 30-40 хувь нь л “тийм” гэж хариулсан байдаг. Одоогоор Буриад улсад буриад хэлээр ердөө ганц сонин гарч байгаа. 1920-оод оноос хойш тасралтгүй гарч байсан “Буриадын үнэн” сониныг 1990-ээд оноос хойш орос, буриад хоёр хэлээр гаргах болж, түүнээс хойш тус сонины захиалга ч буурсан даа. Буриад хэлээр нэвтрүүлэг бэлтгэдэг нэг ч телевиз одоогоор алга байна.
-Хойшид хэл соёлоо хадгалах, түгээн дэлгэрүүлэхэд юунд анхаарах учиртай вэ?
-Дэлхийд давамгайлж байгаа хэлнүүдтэй жишин үзэх нь зүйтэй болов уу. Англи, орос, испани, хятад, герман гэхчилэн сая сая хүний хэрэглээ болсон хэлнүүдийг ажиглахад хүн тухтайхан сууж үзэх боломжийг бүрдүүлсэн байдаг. Гэтэл манай монгол, буриад хэлээр дэлхий нийтийн сонирхол татахуйц бүтээл туурвисан нь хомс байна. Киног л гэхэд түгээмэл хэлээр бүтээсэн киноноос илүүтэй бүтээсэнгүй. Тиймээс хүмүүс, тэр дундаа залуус дэлхий нийтийн хэмжээнд давамгайлж буй хэлийг эх хэлнээсээ илүүд үзсээр байна. Цөөнх үндэстний хувиар буриад хэл, соёл маань улам бүр хумигдсаар байгаад сэтгэл тун зовинож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ