Нийслэлд зам барих ажлууд гацлаа

Замын хөдөлгөөнд оролцох автомашиныг дугаараар нь хязгаарлаад ч анх 500 мянган хүнээр төлөвлөж босгосон Улаанбаатар хот түгжрэлээс ангижрахгүй нь ээ. Иймээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-ын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаараа “Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах” ажлын хэсгийн явцтай танилцаж, түгжрэлийг хурдан хугацаанд хэрхэн бууруулах вэ гэдэгт хариулт хайж эхэллээ. Өмнөх хотын даргын үед Улаанбаатарын түгжрэлийг багасгахаар 100 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй бүтээн байгуулалтыг концессын гэрээ болон БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барих саналыг гаргасан байдаг. Хийгдэх ажлын жагсаалтад Нарантуул захын уулзварт 435 метр урттай, гүүрийг 33 тэрбум 227 сая төгрөг, Морингын давааны зүүн талын гэр хорооллоос “Авто худалдааны цогцолбор” хүртэл 3.6 километр зам, 310 метрийн урттай гүүрийг нийт 3.6 тэрбум төгрөгөөр тус тус барихаар тооцоолжээ. Мөн Яармаг, Сонсголонгийн гүүрийг хос болгож, шинэчлэхээр төлөвлөсөн байсан юм.

Хоёр дүүргийг холбох буюу хотын баруун гарцыг нэмэх өөр нэг зам бол Толгойтын зам завсарын ажил байсан. Хөгжлийн банкнаас 3.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ажил нь эхэлсэн ч, Засгийн газар солигдсоны дараахан Хөгжлийн банк санхүүжилтээ зогсоож, Толгойтын зам өргөтгөлийн ажил гацжээ. Мөн Орбит, Найрамдал чиглэлийн 15.3 километр замыг барих гүйцэтгэгч компани тодорч, концессоор барихаар нийслэлийн төрийн сантай гэрээ байгуулахаар зурсан байсан юм. Гэтэл нийслэлийн шинэ удирдлагын тушаалаар дээрх гэрээ баталгаажалгүй, зам барих ажил зогссон байна. Нийслэлийн замын түгжрэлийг бууруулахад хүүхдийн автобус чухал үүрэгтэй. Нийслэлийн боловсролын газраас нийт 135 автобусыг хүүхэд тээвэрлэхэд зориулж, явуулдаг. Стандартаараа хүүхдийн автобусууд 10 хүртэлх жил хөдөлгөөнд оролцох журамтай. Гэтэл НБГ-ын дээрх автобусны 60 орчим нь 11 дэх жилдээ зорчигч тээвэрлэхээр болжээ.

Харин Улайстайн уулзвараас Налайх хүртэлх 20.9 километр дөрвөн эгнээтэй зам, Замын цагдаагийн уулзварт төмөр замын гарамыг өгсөж, уруудан нэвтрэх хоёр давхар гүүр, Баянзүрх, Сонсголон, Яармагийн одоогийн гүүрийг хос болгох ажлыг 20-н жилийн хугацаатай, нэг жилийн 1.8 хувийн хүүтэй БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барихаар төлөвлөжээ. Хэрэв нийслэлийн шинэ хотын дарга өмнөх удирдлагын гаргасан дээрх бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэн дэмжээд ажлыг эхлүүлбэл 2018 оны 10 дугаар сард шинэ зам, гүүрүүд ашиглалтад орох юм. Ингэж автомашин зорчих зам, гүүр нэмэгдсэнээр хотын түгжрэл багагүй хувиар буурах боломжтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ