Монголчуудын ялсны дайтай ялагдлууд

Бразилд зохион байгуулагдаж буй Рио 2016 олимпийн наадам дуулиан дунд үргэлжилсээр байна. Ялангуяа манай улсын бөхчүүдэд юу тохиолдов гэлтэй ээлж дараалан ялагдал хүлээв. Гэхдээ Д.Сумъяа түүхэн гавъяа байгуулсныг дурдах хэрэгтэй. Харин түүнтэй мөр зэрэгцэн монголоо төлөөлсөн дэлхийд чансаагаараа тэргүүлдэг манай тамирчид ихэвчлэн хугацааны сүүлийн агшинд буюу эцсийн 10-20 секундэд л ялагдал хүлээлээ. Нэг хэсэг нь шүүлт булхайтай боллоо гэх, харин нөгөө хэсэг нь тамирчдаа шүүмжлэх. Бөх хүн бүтэн секундэд гэдэг үг ч гараад байна. Үнэндээ Бээжингийн олимпоос хойш манай тамирчдын ялангуяа бөхчүүдийн үнэлэмж маш өндөр зэрэглэлтэй болжээ. Тиймээсжүдочдоос гэхэд аваргыгаа, Д.Төмөрхүлэгийг, Н.Уранцэцэгийг, Ц.Мөнхзаяаг Риогийн тэнгэрт Монгол Улсынхаа далбааг төвөггүй мандуулчихна гэж найдаж байлаа. Медалийн төлөө гэдэг байсан бол өнөөдөр бид медалийн өнгийг онцолдог болсон байна. Энэ мэдээж Н.Түвшинбаяр аваргын гавъяа. Гэвч түүний гавъяаг энэ удаад түүчээлж чадаагүй ч бас хоосонгүй, нэг мөнгөн медальтай.

Жүдо бөхийн төрөлд бүх тамирчид нь медаль авсан гэх япончууд цаг хугацааны өндөр зарчимтай улс. Тиймдээ ч эцсийн агшинг дуустал өрсөлдөгчөө мэдэрч, байдлыг хяналтандаа авч, тактик боловсруулан ялалтыг авч чаддаг биз ээ. Харин бид үнэндээ бол цаг баримтлах тал дээр хэр билээ гэдгийг энд хамааруулан ойлгох хэсэг бүлэг байгаа юм. Манай бөхчүүд оноогоор илүүрхэж эхлэхээрээ бахаддаг юм уу, улмаар хугацаа дуусах дөхөхөд хожино гэдэгтээ итгэж, тайвширдаг юм уу, ямартай ч эцсийн мөчид ялагдаад байгаад ямар дүгнэлт өгөх нь зөв бэ? Жишээ нь, энэ сарын 19-нд барилдсан ОУХМ Э.Бэхбаяр Сенегалын бөхийг ялж яваад сүүлийн 10 секундэд ялагдсан. Үүнээс өмнөх олон жишээг энд дурдаж болох ч бөх сонирхогч төдийгүй олимпид тамирчдаа хөгжөөн дэмжиж буй ард түмэн бүгд мэдэж байгаа болохоор тэр бүгдийг тоочих нь илүүц биз. Ямартай ч алтын дайтай мөнгө, мөнгийн дайтай хүрэл, хүрлийн дайтай байр эзэллээ гэлтэй биш. Гэхдээ хэдийг хүртэл өөрсдийгөө ингэж тайвшруулах вэ. Яг энэ байдлаараа бол монголчууд бол ялсны дайтай ялагдлаа гэх үү?

Үүнтэй холбогдуулан сэтгэл зүйн бэлтгэл хангалтгүй байна гэж шүүмжлэх хэсэг ч байгаа юм. Тухайлбал, бөхийн спорт өндөр хөгжсөн, мөн бөхийн спорт үүсч хөгжсөн тухайн орны тамирчинтай оноолт таарвал манайхан сэтгэл зүйн хувьд бэлтгэлгүй, шантрах, өөртөө итгэлгүй байдал ажиглагдаж байгааг хүмүүс онцолж байна. Хэдийгээр энэ удаагийн олимпид манай улсын тамирчид сэтгэл зүйчтэйгээ явсан гэх боловч хангалтгүй ажиллаж байгааг тэд шүүмжлэв.

Ер нь олон улсын тэмцээнд ч, олимпид ч оролцоно гэдэг нь тамирчин хүний хувьд бусдын адил үүрэгт ажлаа хийж байгаагаас өөрцгүй. Онцлог нь олимпид амжилт гаргавал тухайн тамирчин улсаас маш өндөр очков авч, байнгын халамжинд багтах завшаан тохиодог. Өөрөөр хэлбэл, сар бүр олон сая төгрөг халаас руу нь зүгээр л урсан орох болно. Мөн тэд ажлаа хариуцлагагүй хийлээ ч тэдэнд хариуцлагын тогтолцоо гэж байхгүй. Энэ талаар ч иргэд хэлэлцэх боллоо. Сонирхуулахад, Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63кг-ын жинд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан ОХУ-ын бөх Инна Тражуковад тус улсын Бөхийн Холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили "ухамсрын шанаа" өгчээ. Тэрээр "10 секунд тэсэж чадсангүй. Алтан медалиа алдлаа. Хүрэл медалийн төлөө ялагдлаа" хэмээн уурласан гэнэ. Ийм байдлаар хариуцлага тооцож болохгүй гэдэг үүднээс энэ жишээг татлаа.

Эцэст нь энэ бүхний буруутнаар холбоог тодорхойлж, ямар ч бодлогогүйгээр тэмцээн уралдаанд тамирчдаа явуулж, гадныханд нэвт судлууллаа хэмээн үзэх хүн олон байна . Тухайлбал, олон улс, дэлхийн хэмжээний зэрэг бараг бүх тэмцээнд манайхан зодоглоно. Тэр бүрт арга тактикаа хангалттай судлуулдаг бололтой. Тэгэхэд зарим улс тэр бүр тамирчдаа тэмцээн болгонд сойгоод байдаггүй гэдгийг бид одооноос анхаарах хэрэгтэй. Тиймээс ирэх жилүүдэд энэ тактикаар ажиллаж гэмээ нь Японы олимпид өрсөлдөх тамирчдаа “Фүжи уулыг нь үзээд ирэв үү” гэж хэлүүлэхээргүй байх боломж бий.

Энэ удаагийн олимпид амжилт үзүүлэх бус оролцох нь нэр төрийн хэрэг байв уу даа.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ