Мартаагүй дээр нь МАН-д сануулах нь

Мартсанаас мал мэнд үү гэгчээр МАН-ынхаан, амлалт хэвээрээ юу? Эхнээсээ эсрэгээр нь эхлүүлсэн ч гэлээ үлдсэнийг нь ам асуун байж хийлгэчих юм сан. Ам алдвал барьж болдоггүй гэдэг үг манай улс төрд л үеэ өнгөрөөгөөд байгаа бололтой.

Сонгууль дуусаагүй байна. Орон нутгийн сонгууль хаяанд ирлээ. Харин МАН УИХ-ын сонгуульд ялалт байгуулна гэдгээ мэдэж байсан шигээ энэ удаад ч мөн 100 хувь итгэлтэй байгаа дуулдана. Эрх барьсан даруйдаа мөрийн хөтөлбөрөөсөө хазайж эхэлсэн тэдний итгэл юун дээр ийм бат зогсож байна вэ?

Хавтгайрсан халамжийн эсрэг дуугарч ирсэн ч тэд мөрийн хөтөлбөртөө уг нь хүүхдийн мөнгө, оюутны 70-ыг үргэлжлүүлэн ялгаваргүй олгоно гэсэн, одоо ялгаварлахаар болсон. Бараг Монгол Улс дампуурлаа зарласан гэж хэлж болох энэ үед харин ч заримд нь өгнө гэж байгаа нь их юм гээд хэлээ хазах уу? Мөн албадлагын бус иргэдийн сайн дурын үндсэн дээр хэрэгжиж байсан САЙН хөтөлбөрүүдийг хамгийн МУУ гээд зогсоосон нь хамгийн их шүүмжлэл дагуулсан ч тэд нүдээ аниад, чихээ дараад өнгөрөөлөө. Энэ мэтчилэн Нийгмийн болон Эдийн засгийн гэх мэт таван бодлого, чиглэл бүхий мөрийн хөтөлбөрөөсөө зөрсөн, олны шүүмжлэлд өртсөн, амлалтаасаа хэт хазайсан хэд хэдэн шийдвэрийг гаргасан эрх баригчид “Хүүхэд бүр цэцэрлэгт” гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Гэтэл бас л асуудал үүсэв. Түмний хүүхэд сугалаагаар, төрийнхний хүүхэд яаманд хүмүүжнэ гээд бөөн дуулиан дэгдэв. Яамууд бэлтгэлээ базаагаад эхэлсэн сурагтай. Тэдний хүүхэд цэцэрлэгт орж чадахгүй явна гэж үү. Эсвэл тэдний орон тоог улсын цэцэрлэгт бусад хүүхэд нөхөж орно гэж үзэв үү? Яамны ажилтны хүүхэд тэр бүр Улсын цэцэрлэгт явах нь юу л бол. Ямартай ч нэг амлалтаа ингэж шийдвэл нөгөө баян, ядуугийн ялгааг арилгана гэсэн амлалтанд сөрөг биш үү? Энэ мэтчилэн эсрэг тэсрэг үйлдэл нь ард олныг МАН-ын эсрэг түншээд эхэлсэн ч орон нутгийн сонгуулиар үндсээр нь эзлэх аянд ялалт байгуулахдаа огт эргэлзэхгүй байна.

Эрх баригчид эдийн засгийн талаарх мэдэгдлээрээ хэсэг хугацаанд иргэдийн амыг таглаад буй. Өөрөөр хэлбэл, бид18 сарын хугацаанд амлалт нэхэж “гоншигоноод” нэмэргүй гэсэн мэдэгдлийг хийсэн гэж болно. Гэсэн ч ард түмэн амалсан бүхнийг чинь мартахгүй. Харин МАН-ыг мартахаас нь өмнө нэг сануулчихъя. Жишээ нь МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан нийгмийн бодлогод:

-“Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлнэ,

-Хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцож тэтгэмж олгоно,

-Боловсролын зээлийн сан байгуулж, оюутнууд төгссөнийхөө дараа төлбөрөө төлөх боломжтой болно, / Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 48.0 хувийг бүрэн дунд, 27.5 хувийг дипломын дээд болон бакалаврын, 6.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.4 хувийг суурь, 6.0 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.7 хувийг бага, 1.4 хувийг магистр, доктор, 1.1 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна./

-Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлнэ, /одоогоор нэмэх бус танах ажил хийгдэж байгаа/

-Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, “Насны хишиг” тэтгэвэр олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ,

-Байгаль орчинтой хамааралтай урамшууллууд, /жишээ нь, ан амьтан өсгөж үржүүлэх, ой мод, ургамал тарьж ургуулах, усан санг бий болгосон зэрэгт урамшуулал олгоно гэж байсан юм./ гэсэн амлалтууд багтсан байгаа. Энэ амлалтууд хамгийн чухал нь. Цаашлаад тулгамдаж буй асуудлуудын хүрээнд:

-Хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөр.

-Залуу гэр бүл, 18 нас хүртэлх 4 ба түүнээс дээш хүүхэдтэй айлыг хамгийн түрүүнд орон сууцжуулна.

-Орлогын албан татварыг орлогын түвшнээс хамааран шатлалтай болгоно.

-Баян, ядуугийн ялгааг арилгаж, чинээлэг давхаргыг нэмгэдүүлнэ.

-ЕБС-ийн нэг ангид 30-аас ихгүй хүүхэд сурна.

-Сургалтын стандарт, хөтөлбөр, сурах бичгийг шинэчилнэ.

-Тэтгэврийн зээлийн хүүг бууруулна.

-Тэтгэврийн зөрүүг арилгана гэсэн амлалтууд байгаа. Эдгээрийг хэрэгжүүлэх боломжгүй гэж дуугараагүй дээр нь ард түмэн мартаагүй гэдгийг сануулаад авъя.

Мөн зайлшгүй хийх ёстой ажлуудыг нь МАН-ын мөрийн хөтөлбөрөөс дурдвал:

-ЕБС-иуд гурав биш хоёр ээлжээр хичээллэдэг болно.

-Төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор эхийн ажилласан хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцно.

-Төрийн өмчийн томоохон их, дээд сургуулиудыг хувьчлахгүй.

-Өндөр хөгжилтэй оронд суралцагчдын тоог хоёр дахин нэмэгдүүлнэ.

-20000-аас доошгүй заалуучуудыг мэргэжил, ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулна.

-Мэргэжлийн чиг баримжаа олгох хичээл сургалтын хөтөлбөрт тусгагдана.

-Ахмадууддаа “Ач санах” хууль батлана. Ачийг нь санаж явах тухайд уу, хариулах тухай юу гэдгийг мэдэхгүй юм.

-Ундны усны эх үүсвэрүүдийг хамгаална гэжээ.

Нийгмийн бодлогоос бусад дөрвөн бодлого, чиглэлийг нь бид үргэлжлүүлэн сануулах болно. Сонгогчид эдгээр хөтөлбөрүүдийг эрх баригчдад сануулж, хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрхтэй. Харин хариуцлагын тогтолцоо манайд харьцангуй тодорхой бус. Тиймээс зөөлөн сэнтийд тухлагсдад хатуу хариуцлагын тогтолцоог мэдрүүлж, айж эмээх, ичих, хашрах “булчирхайг” нь ажиллагаанд оруулдаг хуулийн зохицуулалт хэрэгтэй. Эс бөгөөс мөрийн нэртэй хөтөлбөрийг эсрэгээр нь мөлжлөгийн хэлбэрээр хэрэгжүүлэх вий. Ард түмэн ч амласныг нь авдаг арга механизмаа боловсруулж, энэ мэтээр мартуулалгүй сануулж, магадлан баталгаажуулдаг болох цаг ирсэн.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ