Эдийн засгийн хямралаас сэтгэл зүйн хямрал руу

Саяхан болсон олимпоос л бидэнд маш сайн сэтгэл зүйч их хэрэгтэй болжээ гэдэг нь харагдлаа. Мөн ерөнхийлөн авч үзвэл улс орны хэмжээнд эдийн засгийн хямрал ард түмнийг туйлдуулж, улмаар сэтгэл зүйн хямрал гаарч, стресс газар аваад байна. Ялангуяа зах зээлийн эдийн засагтай өнөөгийн нийгэмд эдийн засгийн хямрал сэтгэл зүйд өргөн хүрээгээр хүчтэй нөлөөлдөг. Энэ сэтгэцийн эрүүл мэндийн асуудал одоо бидний хөндөх ёстой бас нэг асуудлын нэг болжээ. Гудамжинд зөрөх хүмүүсийн ихэнх нь баргар царайтай, бодолд дарагдсан, шүргээд өнгөрвөл шууд зодуулчихмаар ч юм шиг бухимдалтай харагдана. Мөнгөтэй нь түүнийгээ яаж хүнээс нуух вэ, мөнгөгүй нь хэрхэн мөнгө олох вэ гэдэг хоёр давхарга л нийгэмд ажиглагдана.

Яг ийм үед манайд гагцхүү мэргэжлийн сэтгэл зүйч нэн хэрэгцээтэй байгаа юм. Одоогоор манай улсад ердөө гарын арван хуруунд багтах тооны сэтгэл заслын төв бий. Манай улсын боловсролын салбарын үйлдвэрлэл маш олон хуульч, эдийн засагч, улс төрч, сэтгүүлч, орчуулагчдыг бэлтгэн Монгол Улсын хүний нөөцөд нийлүүлж байна. Харин одооноос мэргэжлийн сэтгэл зүйчийг бэлтгэх тал дээр анхаарал хандуулах цаг нь болжээ. Мэдээж олимпийн дэвжээнд гарах тамирчдад, өрх гэр бүлд ч, өсвөр үеийнхэнд ч сэтгэл зүйч хэрэгтэй. Ганц нэг их, дээд сургуулийн дэргэд онол төдий хуучин цагийн сэтгэл зүйчийн анги бий. Хуучны сэтгэл зүй шинэ эриний сэтгэл зүйтэй зохицохгүй бөгөөд төгсөгчид амьдралаас илүүтэй суралцах талтай. Иймд орчин үед нийцүүлсэн шинэ боловсон хүчнийг бэлтгэх хэрэгтэй. Гэхдээ одоо ачааны хүндийг үүрч яваа цөөн хэдэн сэтгэл зүйчдээ үгүйсгэсэнгүй. Тэд олон мянган үйлчлүүлэгчээсээ туршлага хуримтлуулж, олон тооны судалгаа шинжилгээ хийж, үр дүнг нь үзэж байгаа.

Иргэд ялангуяа залуучууд банкны зээл, өрхийн орлого, ажилгүйдэл зэргээс үүдэлтэй сэтгэл зүйн хямралт байдалд орж, үр дүнд гэр бүл салах, хорт зуршилд автах, гэмт хэрэг үйлдэх олон сөрөг үр дагаварыг бий болгоно. Түүнчлэн төрийн түшээд, тамирчид, эмч, багш, цагдаа гэхчлэн уур уцаар, стресстэй хүмүүс олон болж байгаа энэ үед байгууллага бүрт сэтгэл зүйч ажиллах нь нийгэмд ч, хувь хүний эрүүл мэндэд ч эерэг талтай. Нийгмийн эрүүл мэнд хүчтэй нөлөөлжстрессдсэнээс хүмүүсийн биеийн өвчөл ихсээд байгаа гэж сэтгэл зүйч хэлж байна.

Иргэдийн сэтгэл зүйн тогтворгүй байдал сонгох сэтгэл зүйд нөлөөлж хэт туйлширсан үр дүнд нь сонгогдсон, сонгогдоогүй хоёуланг нь гайхашруулж ч байх шиг. Нийгмийн сүлжээгээр явж буй аливаа асуудалд туйлшрах хандлага ч бас нэг өвөрмөц сэтгэл зүй.

Ер нь өдөр тутам тохиолдож байгаа энэ бүх асуудал, стрессээс өөрийгөө хамгаалахгүй бол сэтгэцийн эмгэгтэй болох хүртэл эрсдэлтэй. Нийгэм нь эрүүл байж хүн эрүүл явдаг гэдгийг сэтгэл зүйч зөвлөж байна. Зарим хүмүүс сэтгэл засалчид очсон юм чинь ямар нэг асуудалтай, бүр сэтгэцийн асуудалтай гэж хүмүүс хэлнэ гэхээс айдаг хандлага байдаг. Гэхдээ энэ бол тийм биш. Хүн өөрөө асуудлаа шийдэж чадахгүй байвал мэргэжлийн хүний тусламж авсан нь дээр. Харин манайхан бүхнийг өөрөө чадах сүрхий дүр эсгэх нь элбэг. Гадаадад бараг хүн бүр сэтгэл зүйч, сэтгэл засалчид ханддаг.

Мэдээж, бид тусламж авахын тулд бас л тодорхой хэмжээний зарлага гаргах шаардлагатай болно. Тиймээс энэ асуудлыг зохицуулахын тулд иргэдийнхээ, нийгэм, улс орныхоо төлөө сэтгэл зүйч мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх ангийг сургууль бүрийн дэргэд нээж, төгсөгчдийг мөн эмч нарын адил байгууллага бүрт хуваарилан ажиллуулах боломжтой.

Инээмсэглэлийн хариуд инээмсэглэл авна гэдэг. Эдийн засгийн хүнд хэцүү нөхцөлд инээж баярлаж, сэтгэл хангалуун алхах хүнтэй тийм олон таарахгүй болов уу.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ