Цэцэрлэгт орох нь “АЗ” ч юм уу

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүд "Элсэлтийн тасалбар" тараасан билээ. Энэ тасалбараараа өнгөрсөн баасан гарагт сугалаанд оролцож, ёстой л азын шооны нүхээр багтсан нь ардын хүүхдүүдтэй сурч боловсрох эрхээ олж авах шиг боллоо. Сугалаа гэдэг нэгэнтээ л аз, эзийг үзүүлдэг болохоор цэцэрлэгт орно гэдэг үнэхээр аз ч юм уу гэмээр. Энэ сугалаат ажиллагааг нэг хэсэг нь хэт туйлшруулж, зарим нь тоглоом шоглоом хийж хүүхдийн насан туршийнх нь аз, эзийг нь тодорхойлж байх жишээтэй. Тэгвэл "азгүй" гэх тодотгол хүүхдийн сэтгэхүйд урвуу нөлөөтэй гэдгийг анхаарч, энэ явдал тухайн үеийн нөхцөл байдлаас хамааралтай түр зуурын үзэгдэл гэдгийг зарим хүмүүст сануулахад илүүдэхгүй биз ээ. Дөнгөж өөрийгөө таньж буй тэр бяцхан тархинд буруу зэмлэл бүү мэдрүүлээсэй гэж хүсэх байна.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “сонгон шалгаруулалт” гэж эвтэйхэн нэрлэсэн сугалааны ажлын явцтай танилцах үеэрээ “Энэ жил цаг хугацааны хувьд илүү оновчтой шийдэл гаргах боломж байгаагүй учраас ийм шийдэлд хүрсэн. Ирэх жилээс бид бүртгэлийг цахим системд шилжүүлнэ. Сургууль, цэцэрлэг шинээр нэмж барих, өргөтгөх ажлыг бид тасралтгүй хийнэ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах ямар л нөөц боломж байна Бид түүнийг дайчлан, боломж, гарц хайн ажиллах болно” гэж хэлсэн. Түүний хэлсэнчлэн бяцхан үрсийг алагчлалгүйгээр шударгаар сугалаа явуулсан нь зөв шийдэл болсон хэмээн дийлэнх иргэд үзэж байгаа юм.Урьд нь найман сарын эхнээс хонож очерлодог, оноосон цаг бүрт нэрс дуудаж, яг нэр дуудах үед нь дуугараагүй бол жагсаалтын хамгийн сүүлд бичигддэг байв. Улмаар элсэлт эхлэх үед эхний төчнөөн хүүхдийг гэж тоо цохон оруулдаг байсан бөгөөд энэ хооронд маш их үймээн, маргаан дэгддэг байлаа. Энэ нь ажил хөдөлмөр эрхэлдэг айл гэрийн хувьд маш том асуудал байжээ. Харин энэ асуудал энэ жил харьцангуй хөнгөн шийдвэрлэгдэв.

Гэвч сугалаа бол цаашид үргэлжлүүлэх зөв гарц бас биш. Хүн бүр сурч боловсрох бүрэн эрхтэй, харин төр хүртээмжийг хангах үүрэгтэй. Ялангуяа сургуулийн өмнөх боловсрол эзэмшихэд ямар нэгэн давагдашгүй хүчин зүйл гэж байх ёсгүй. Үүнийг л нэн тэргүүнд хамгийн зөв замаар, оновчтой зохион байгуулж шийдвэрлэх нь ирээдүйд оруулах хамгийн том хөрөнгө оруулалт болох учиртай.

Эс бөгөөс ирээдүйдээ “азгүй” гэж цоллогдон үлдэх багачууд дараа дараагийн жилд цэцэрлэгт орно гэсэн найдлага үгүй гэдгийг энэ жилийн дүр зургаас харж болно. Өөрөөр хэлбэл, энэ жил 3, 4 насныхан цэцэрлэггүй үлдсэн асуудал хамгийн их шүүмжлэл дагуулсан. Тиймээс цаашид энэ талаар ч мөн эрх баригчид тодорхой арга хэмжээ авахгүй бол хүүхдийн нийгэмшлийн буюу сургуулийн өмнөх боловсролын гараа зөвхөн хоёр насаар, тэр дундаа “сонгон шалгаруулалт” хэмээх ташаа нэртэй сугалаагаар хязгаарлагддаг болох нь ээ. Цэцэрлэгт орох нь “аз” болж буй энэ үзэгдэл эцэстээ монголын ирээдүйг “эз” ч болгож мэднээ. Энэ жил нийслэлийн хэмжээнд 105000 орчим хүүхэд цэцэрлэгт элсэж, 40000 гаруй хүүхэд улсын цэцэрлэгт багтахгүй үлдэж байгаа бололтой. Үлдэж буй багачуудаа цэцэрлэгт хамруулахад байгууллагын цэцэрлэг чухал үр нөлөөтэй. Төрийн албаныхны хүүхэд тусгай цэцэрлэгт гэж бухимдаж байсан зарим иргэдэд дуулгахад байгууллагын цэцэрлэгийг бүх аж ахуйн нэгжүүд ажиллуулах боломжтой бөгөөд энэ тохиолдолд урамшуулал олгох юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ