Тодотголоор торгуулах бүлгийнхэн

Сангийн сайдын саналаар сарын 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүмүүс цалингийнхаа 1/4 буюу 25% хувийг татуулна. Монгол Банкнаас бодлогын хүүг эрс өсгөж зах зээлээс төгрөгөө татаж бизнесээ агшааж хямралтай үзэхээр шийджээ. Үүний зөрүүдиргэдийн цалингаас авдаг татварыг шууд өсгөхөөр шийдчихжээ.
Нэг талдаа Ерөнхий сайд болоод түүний танхим шийдэмгийн байгааг үнэлүүштэй. Гэхдээ асуулт бол хэний буруу юуны нөхөөсийг бид хийж бүсээ чангалах ёстой болоод байна. Төрийн энэ сул дорой байдал хэзээ нэг цэгцрэх юм бэ. Хорин жилийн давуу олонхид нь төр барьж байсан МАН–д энэ асуулт шууд хаяглагдана. АН, МАН хоёр, түүний гал тогооныхон Монголдоо байтугай дэлхийд үзэхээр баян хөрөнгөтэй болжээ. Харин ард түмэн амьдралынхаа нэг үеийн 20 жилд 4 удаа эдийн засгийн онцгой гэх хөтөлбөрт дөрлүүлж хэрэглээгээ хязгаарлаж үзсэн байх юм. Одоо яриад байгаа дэлхийн банкуудын хатуу болзолтой Стэйнд бай гэдгийг бид авч үзсэн л улс.
Намууд өөрсдийн бий болгосон хямралаа ард түмэнтэйгээ дахин нэг давахаар шийджээ. 2016 оны төсвийн орлого 2 их наяд төгрөгөөр тасарч хүндрэлтэй байгаа учраас Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар иргэдэд очиж байсан бараг бүх халамж хөтөлбөрүүдийг зогсоохоор шийдвэрлэж байна. УИХ-аас Засгийн газрын энэхүү шийдвэрийг ёсоор болгомогц энэ намартаа бид бодит дарамтаа үүрч эхлэнэ. Бизнес эрхлэгчид, дундаж давхаргынханд хатуу цохилт үргэлжилнэ.
Энэ 7 хоногт хэлэлцэгдэж дуусах төсвийн тодотголоор танасан мөнгөнүүдээс хоёрыг нь л авч ярья. Засгийн газар Хадгаламжийн хүүнээс татвар авах тухай ярьж байна. Ам.долларын ханшийг дагаад төгрөгөөс нүүр буруулж ам.долларт хадгаламжаа хувиргасан иргэд олон. Одоо татвартай болгоод өгөхөөр томоохон хадгаламж эзэмшигчид мөнгөө гадагшлуулах сонирхол бий болох талтай.
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутны тэтгэлгийг зогсооно. Өнөөх баялагийг гардан бүтээгчдийнхээ дэмжлэгийг танана. Монголоороо нэг эгнээ жагсаахад 180 мян төрийн албан хаагч байгаа байх. Гэтэл жил бүр нэмэгддэг 150 мянган дээд боловсрол горилогч оюутантай улс. Энэ балансгүй эрүүл бус тогтолцоог өөрчлөх алхам нь нарийн мэргэжил эзэмшүүлэн “ажилчин” ангиа сэргээх байлаа. Үүний нэг том хөшүүрэг нь одоо тодотголоор танагдах болоод буй МСҮТ-ийн оюутны тэтгэмжүүд. Тэтгэврийн нас уртсаж эрүүл залуудаа авдаг цалингаасаа өгдөг нь ихэслээ ч авдаг нь багасна гэсэн яриа ч өндөр авах болов.
Хэрвээ одоогийнх шигээ зоригтой тэтгэврийн насыг сунгана, татвар нэмнэ гээд сонгуульдсан бол АН, МАН хоёулаа сураггүй болох байсан. Хавтгайрсан тэтгэмж бүгд л аль нэг сонгуулийн дурсамжтай нэмэгдсэн байдаг. Хасагдаж танахыг бол дандаа л сонгуулийн дараа хийдэг манай улс төрийнхний хийдэг ажил мухар гудамж босгохтой адил юм. Ж.Эрдэнэбатын танхим шийдэмгий ажиллаж төсвийг бодит хөрсөнд нь буулгаж бүгдийг баланслуулж "тэг"-ээс эхлүүлэхээр шийдсэн бол дэмжих байна. Гэхдээ хэмнэлтээ хэний нуруун дээр их хаяж байгаагаа бодитой харж тооцох ёстой.
Б.ИХЭР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ